МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Түр хороо байгуулна
2021.05.24
Орон нутгийн хөгжил

Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Түр хороо байгуулна

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс парламентад сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилснаа өнөөдөр (2021.05.21) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Нийслэлээс УИХ-д нийт 23 гишүүн (С.Амарсайхан, Г.Амартүвшин, П.Анужин, Т.Аюурсайхан, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр) сонгогдсон бөгөөд тэдэнтэй Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт нарын зэрэг гишүүд нэгдэж, хотын хөгжлийн төлөө хамтран зүтгэхээр болжээ.

Монгол Улсын нийт хүн амын 48 орчим хувь нь оршин суудаг, дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувийг бүрдүүлж байгаа Улаанбаатар хотод тулгамдсан эдийн засаг, нийгмийн олон талын асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, холбогдох хууль тогтоомжийн уялдааг хангах, боловсронгуй болгох нь энэхүү Түр хорооны үйл ажиллагааны үндсэн зорилго байх аж.

Түр хороо нь Улсын Их Хурлаар хэлэлцэх аливаа хууль тогтоомжийн төсөлд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудлаар нэгдсэн санал, дүгнэлт гаргах, хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж, Улаанбаатар хотыг эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ