МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Туул гол орчимд 30 гаруй ААН хайрга дайрга, элс олборлож байна. Улаанбаатар хот усгүй болох аюул бодитой нүүрлэсэн"
2021.05.25
Орон нутгийн хөгжил

"Туул гол орчимд 30 гаруй ААН хайрга дайрга, элс олборлож байна. Улаанбаатар хот усгүй болох аюул бодитой нүүрлэсэн"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан-Уул дүүрэгт өнөөдөр ажиллалаа. 

Энэ үеэр Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тус дүүрэгт тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, анхаарлаа хандуулахыг хүслээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт газар олголт, түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүртээмж, дахин төлөвлөлт болон цэвэрлэх байгууламжийн асуудал тулгамдаад байгаа юм.

Мөн иргэд санал бодлоо илэрхийлж байсан бөгөөд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд улсын цэцэрлэг ердөө хоёр  байгаа. Үүнд тус хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд бүрэн хамрагдаж чаддаггүй тул эцэг, эх нь ажил хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй байгаа хэмээж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Орон сууцжуулах хөтөлбөрийн тухайд төрөөс дэд бүтцээ шийдэж, сургууль цэцэрлэгээ барина. Харин орон сууцыг хувийн хэвшлийнхэн хариуцах ёстой. Барилгын материал, ажиллах хүчний асуудал дээр төрөөс тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх боломжтой. Ашиглалтад оруулахад ипотекийн зээлийг гарцыг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөрийг үе шаттай бууруулах гэх зэргийг ярилцах ёстой. Эрэлт нийлүүлэлтийн огтлолцох цэг нь орон сууцжуулах хөтөлбөрийн гол философи юм" гэв

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  "Туул голоос Улаанбаатарчуудын 95.7 хувь, таван аймгийн 37 сумын иргэд ундаалдаг. Гэтэл Туул голыг тойроод 30 гаруй аж ахуйн нэгж хайрга дайрга, элс олборлож байна. Улаанбаатар хот усгүй болох аюул бодитой нүүрлэсэн. Өмнө нь эргээс нь олборлож байсан бол одоо дотроос нь авдаг болсон" гэлээ. Түүнчлэн Туул голын орчим олон тооны лиценз олгосон байдаг бөгөөд цуцалсан ч шүүхийн шийдвэрээр эргэн сэргээдэг гэдгийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ