МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.27
Хууль, эрх зүй

Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.27/ нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг сонслоо.

Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан танилцууллаа.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.50 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Т.Сумъяабазар, түүний өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн, Монгол Улсын Их Хурлын Итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар оролцов. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. 

Нэг. Монгол Улсын иргэн Т.Сумъяабазар, Л.Эрдэнэхүү нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: 

“... Төрийн болон албаны нууцын тухай хуулийн албаны нууцад хамаарах мэдээллийн зохицуулалт болох 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж хуульчилсан байна. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;" гэж хуульчилж өгсөн бөгөөд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээрх зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтыг зөрчиж байна гэж үзэж байна. 

Учир нь хууль тогтоох эрх мэдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын Их Хурлын өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудлыг зааж өгөөд, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэж заасан бөгөөд хууль батлах нь зөвхөн Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал юм. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.” гэж заасан. 

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад заасан хуулиар тогтоох ёстой асуудлыг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр баталж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус зөрчиж, өөрийн эрх хэмжээнд үл хамаарах шийдвэрийг гаргаж байна. 

Ийнхүү Төрийн болон албаны нууцын тухай хуулиар албаны нууцын жагсаалтыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр баталдаг болсноос хойш 2017 онд 60 байсан нууцын мэдээлэл 2019 онд 565 болон нэмэгджээ. Иймд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэхийг шалгаж, маргаан үүсгэн, хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: 

“... 1992 онд Үндсэн хууль батлагдсаны дараа нууцын хуулиудыг Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай ямар үзэл баримтлалаар баталсныг авч үзэх нь зүйтэй. 

Монгол Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиудад нууцыг тогтоохдоо дараахь үзэл баримтлалаар хандсан байна. Төрийн нууцад хамааруулах зүйлийн хүрээ, жагсаалтыг хуульчлах, байгууллагын нууцад хамааруулах зүйлийг хуулиар тогтоох болон хуульд өөрөөр заагаагүй бол байгууллага өөрөө тогтоох, хувь хүний нууцын төрлийг хуульчлах, хувь хүн өөрөө нууцалж болох гэжээ. Эндээс хууль тогтоогч төр, байгууллага, хувь хүний нууцыг Үндсэн хуульд заасны дагуу хуулиар тогтоосон буюу Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулиудыг баталсан болохыг харж болно. 

Байгууллагын нууцын тухай хуульд эрх зүйн онолын эрх шилжүүлэх зарчмыг баримтлан байгууллага” бүр албаны онцлогтой холбоотойгоор задруулбал хууль ёсны ашиг сонирхолд хор уршиг учруулж болохуйц мэдээ, баримт бичгийг нууцад хамааруулан өөрөө тогтоож байхаар хуульчилсан байна. Байгууллага гэж тодорхой чиг үүрэг, бүрэн эрх бүхий хуулиар зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийг хэлэх бөгөөд хуулийн этгээд бүрийн хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болохуйц мэдээ, баримт бичгийг хууль тогтоогч нэг бүрчлэн томьёолон хуульчлах боломжгүй тул эрх шилжүүлэх зарчмыг баримталсан байна. Энэ талаар Байгууллагын нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеийн хууль санаачлагчийн илтгэлд “... байгууллагын нууцад чухам юу орохыг хуулиар шууд заах боломжгүй юм." гэжээ. 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.”, 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж тус тус заасан байдаг. Олон хэвшил бүхий чөлөөт эдийн засгийн харилцаанд оролцогч байгууллага /хуулийн этгээд/ бүрт үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан “тухайн байгууллагын нууцлах зүйл”-ийг өөрөө тогтоох эрхийг олгосон бөгөөд нууцлахыг хориглох мэдээллийн хүрээг хуульчилж өгсөн байна. 

Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдахаас өмнө Байгууллагын нууцын тухай хуулийн дагуу төрийн байгууллага "байгууллагын нууцаа” өөрөө тогтоодог байсан бөгөөд нууц хамгаалах журмыг мөн адил өөрөө тогтоож мөрддөг байсан. Энэ нь төрийн байгууллагын нууцыг тодорхой бус болгож, байгууллага бүр өөрийн дур зоргоор зохицуулах боломжийг олгосон. “Төрийн байгууллага” гэдэг нь бусад байгууллага, хуулийн этгээдээс онцлогтой, хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг тул төрийн байгууллагын байгууллагын нууц”-ыг Байгууллагын нууцын тухай хуулиар биш Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн. 

Төрийн болон албаны нууцын тухай хуульд төрийн байгууллагын "байгууллагын нууц”-ыг “албаны нууц" гэж нэрлэсэн бөгөөд төрийн байгууллага бүрийн албаны нууцад хамаарах мэдээллийг байгууллага бүрээр нэрлэн заах бодит боломжгүй тул 1995 онд баталсан Байгууллагын нууцын тухай хуульд хэрэглэсэн “эрх шилжүүлэх” зарчмыг баримтлан асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр албаны нууцын жагсаалтыг баримтлахаар хуульчилсан. Энэ эрхийг байгууллагын удирдлага дур зоргоор эдлэхээс сэргийлэн албаны нууцыг тогтооход баримтлах шалгуур, зэрэглэл, хугацаа, ил болгох журам зэргийг хамт хуульчилсан. 

Тухайлбал, албаны нууц гэдгийг тодорхойлсон; албаны нууцын зэрэглэл, шалгуурыг хуульчилсан; нууцлах хугацааг тодорхой заасан; нууцлах журмыг хуульчилж, албаны нууцад хамаарахгүй мэдээлэлд “нууц” тэмдэглэгээ хийхийг хориглосон; ил болгох журмыг хуульчилсан; албаны нууцын жагсаалтыг батлахад тагнуулын байгууллагын саналыг авах зэрэг. Төрийн байгууллага өөрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор "албаны нууцын жагсаалт”-ыг батлахдаа Шилэн дансны тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, иргэний мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой хуулийн шаардлагыг тус тус дагаж мөрдөнө. 

Иймд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэснийг зөрчөөгүй болно.” гэжээ. 

Гурав. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: 

"1. ... Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.3.2-т “Төрийн мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг оновчтой болгож, нууц хамгаалалтыг боловсронгуй болгоно.” гэж заасны зэрэгцээ төрийн нууцад хамаарах мэдээллээс гадна төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаанд, зохих хэмжээнд нууцалбал зохих мэдээлэл орхигдох, эсхүл төрийн нууцтай холбоотой албан хэрэг хөтлөх явцад нууцлах шаардлагатай боловч төрийн нууцад хамааруулах боломжгүй бүртгэл, тайлан, илтгэл, мэдээлэл, акт үйлдэх болон нууц мэдээлэл тээгчтэй холбоотой мэдээллийг албаны нууцад хамааруулан хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан болно. 

Төрийн болон албаны нууцын тухай хууль хэрэгжихээс өмнө төрийн байгууллагын албаны нууцтай холбогдох харилцааг Төрийн нууцын тухай хууль хүчингүй болсон/-аар бус байгууллагын нууцын тухай хуулиар зохицуулж байсан бөгөөд уг хуульд төрийн байгууллагын албаны нууцыг хуулийн этгээдийн нууцаас ялгаж, нарийвчлан тусгаагүй, албаны нууцад хамаарах мэдээллийг тогтоох үндэслэл, журмын талаар тодорхой зохицуулалтгүйн улмаас албаны нууцыг байгууллага тус бүр харилцан адилгүй тогтоож ирсэн байна. Энэ нь албаны нууц, түүнд хамаарах мэдээллийн хамгаалалтыг сулруулах, нэгдсэн удирдлага, хамгаалалт, хяналтгүй болох хүчин зүйл болж байсан, Иймд хууль тогтоогчийн зүгээс нууц мэдээлэлд “албаны нууц” гэх ангиллыг Шинээр бий болгон тодорхой шаардлага, шалгуур хангасан мэдээллийг албаны нууцад хамааруулах, албаны нууцын мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батлахаар Төрийн болон албаны нууцын тухай хуульд тусгаж, хуульчилсан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;” гэж заасан нь мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг хязгаарлаагүй бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарах “албаны нууц”-ыг хуулиар тогтоож, хэрэглэхийг хориглосон хэм хэмжээ биш юм. 

2.Төрийн байгууллагын албаны нууцад хамаарах мэдээлэл нь төрийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд бий болсон, нууцалбал зохих мэдээлэл байдаг бөгөөд задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах үр дагавартай байдаг. Иймд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах, төрийн нууцад хамаарах болон албаны нууцад хамаарах мэдээллийг тэр бүр хуулиар тогтоох, нэмэлт, өөрчлөлт оруулах боломж хязгаарлагдмал тул хууль тогтоогчийн зүгээс Үндсэн хуулиар олгогдсон "хууль тогтоох” бүрэн эрхээ Төрийн болон албаны нууцын тухай хуулиар шилжүүлсэн байна. 

Тухайлбал, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ хуулийн 13.1-д заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна.” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж тус тус хуульчилсан. 

Олон улсын эрх зүйн түгээмэл хандлага, суурь зарчмаар нэгэнт тогтсон "delegation of power” буюу Төрийн байгууллага, албан ту дагуу зарим бүрэн эрхээ хууль, гэрээний үндсэн дээр шилжүүлэх боломжтой байдаг. Энэ суурь зарчим, ойлголт манай хууль тогтоомжуудад мөн тусгалаа олсон байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.” гэж, 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлаас баталсан зарим органик хуулиар Засгийн газар болон бусад байгууллагуудад хууль тогтоох бүрэн эрхийг шилжүүлж байна. 

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна.” гэж зааснаас үзвэл Улсын Их Хурал нь Засгийн газарт хууль тогтоох эрхийг шилжүүлэх боломжийг ийнхүү хуульчилсан байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газар тогтоохоор тусгайлан эрх олгож, заасны дагуу Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 246 дугаар тогтоол, мөн өдрийн 247 дугаар тогтоолоор төрийн болон албаны нууцтай холбогдох журам, жагсаалтыг тус тус батлан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 

3.Улсын Их Хурлаас баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд “албаны нууц” гэсэн ойлголтыг тодорхойлж, нууцад хамааруулах мэдээллийн шалгуурыг тогтоож, мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан бол ил тод болгох шалгуурын дагуу нууцалбал зохих мэдээллийг нууцлаагүйгээс үүдэх эрх зүйн үр дагаврыг нарийвчлан тусгаж, зохицуулсан болно. 

Тухайлбал, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад “албаны нууц" гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;” гэж, 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт “Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхол, үйл ажиллагаанд хохирол учруулах, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг задруулах нөхцөл бий болгох мэдээллийг “нууц” зэрэглэлд хамааруулна.” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууцыг дараахь үндэслэлээр ил болгоно:" гээд 19.1.4 дэх заалтад “мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан нь тогтоогдсон.” гэж тус тус хуульчилсан. 

Түүнчлэн, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 39 дүгээр зүйлд уг хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой хуульчилснаас үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...” гэж заасан нь Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхийг баталгаажуулсан байна." гэжээ. 

Дерев. Мэдээлэл гаргагч, иргэн Т.Сумъяабазар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээллийн шаардлагаа ихэсгэсэн болно. Үүнд: 

“Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйл “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж зохицуулсан. Энэ нь төрийн нууцтай холбоотой асуудлыг зөвхөн хуулиар тогтоож байх Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон шаардлагыг алдагдуулж, албаны нууцад хамаарах мэдээллийг хуулиар бус, харин гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болох Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр баталж байна. Ийнхүү төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчим зөрчигдөж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулан, хуулийн биелэлтийг хангах учиртай Засгийн газар, Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэр, үзэмжээр Үндсэн хуулиар олгогдоогүй эрх хэмжээ, бүрэн эрхийг эдэлж, хэрэгжүүлэхэд хүргэсэн байна. 

Иймд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ес, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасны “... хууль дээдлэх ..." гэснийг, Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасны “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг, хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэж заасны “... хууль батлах ...” гэснийг тус тус зөрчиж буй тул хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна. 

ҮНДЭСЛЭЛ: 

1.“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;" гэж заасны дагуу Улсын Их Хурлаас 1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хууль, 1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Байгууллагын нууцын тухай хууль, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төрийн болон албаны нууцын тухай хуулийг тус тус баталсан байна. 

2.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална." гэж хуульчилжээ. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн уг зохицуулалтаас үзэхэд үндсэн хуулийн эрх зүйн онолын суурь зарчмын дагуу Улсын Их Хурал хуулийн хүрээнд холбогдох бүрэн эрх, чиг үүргээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч Үндсэн хуулийн дагуу төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тодорхойлж, хэрхэн хамгаалахыг тогтоосон байна. 

3.Монгол Улсын Үндсэн хуульд заасан мэдээлэл хайх, хүлээн авах иргэний үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд нууцалж үл болох албаны мэдээллийн хүрээ хязгаарыг тогтоох, нууцалсан шийдвэрт гомдол гаргах үндэслэл, журмыг нарийвчлан хуульчлах шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

4.Мэдээлэл гаргагч иргэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээллийн шаардлагаа ихэсгэсэн байна. Үндсэн хуулийн цэцийн 2020 ОНЫ 09 дүгээр магадлалд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэх асуудал нь үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээгүй байна. Иймд уг ихэсгэсэн шаардлагын хүрээнд Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахгүй болно. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 

1.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухай байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;" гэж заасныг тус тус зөрчөөгүй байна. 

2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. 

ШИНЭ МЭДЭЭ