МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Цар тахлын хүрээг хумьж, аюулгүй болтол бид тайвширч болохгүй
2021.05.27
Эрүүл мэнд

Б.Баттөмөр: Цар тахлын хүрээг хумьж, аюулгүй болтол бид тайвширч болохгүй

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-УИХ-аас “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо”-г байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд Түр хорооны зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлын талаараа мэдээлэл өгөөч?

-УИХ-аас Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнийг 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 31 тоот тогтоолоор шинэчлэн байгуулсан.

Энэхүү Түр хорооны даргаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр миний бие ажиллаж байна.түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын 11 байнгын хорооны дарга, цөөнхийн төлөөллийн дөрвөн гишүүн гээд 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Түр хороо сар тутам хуралдаж хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна Засгийн газар, УоК-оос цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх бүхий л асуудлыг олон нийтэд нээлттэйгээр хэлэлцдэг.

Энэ хугацаанд түр хорооны долоон удаагийн хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон цар тахлын нөхцөл байдал, түүнийг даван туулах арга тактик, УоК, Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын явц, вакцины хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар болон банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа зэрэг олон талт мэдээллийг сонсож Засгийн газар, УоК-ыг үүрэгжүүлэн ажиллаж байна.

-Цар тахлын өвчлөл, нас баралт төдийлөн буурахгүй байх шиг байна. Дэлхий нийтээрээ вакцинжуулалтад хамруулахын ач холбогдлыг чухалчилж байгаа бололтой?

-Тийм ээ, коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдал амаргүй, өвчлөлийн тоо буурахгүй байна.

Өвчлөлийн тоо өндөр байгаатай шууд хамааралтайгаар нас баралтын тоо ч өндөр байна. Манай улсад 54000 гаруй хүн коронавируст халдвараар өвчилсөн бол 255 хүн уг өвчнөөр нас бараад байна. Цар тахал дэлхийн бүх оронд асуудал болсон хэвээр байгаа бөгөөд үүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх гол арга замын нэг нь вакцинжуулалт болоод байна.

Өнөөдрийн байдлаар манай улс таван төрлийн 3.6 сая тун вакцин татан авч хүн амаа вакцинжуулж байна. Улаанбаатар хотод 18аас дээш насны 940 мянган иргэн вакцины эхний тунд хамрагдсан бөгөөд энэ нь нийслэлийн насанд хүрсэн хүн амын 98.6 хувь болж байна.

Бүрэн тунд 591 мянган хүн буюу хамрагдвал зохих хүн амын 62 хувь хамрагдаад байгаа юм. Аймаг, орон нутгийн иргэдийн хувьд эхний тунд хамрагдсан байдал 80 хувь байгаа бол бүрэн тунд хамрагдсан иргэд 16.6 хувьтай байна. Манай улсын хувьд вакцин худалдан авах, татан авах асуудлыг эртнээс сайтар анхаарсны ачаар хүн амаа вакцинжуулах ажил эрчимтэй явагдаж дэлхийн улсуудаас илүү амжилттай явж байна. Зарим улс орнуудын хувьд вакцины хүрэлцээ хангамж асуудалтай хэвээр байна.

-Вакцинжуулалт сайтар хийгдсэний ачаар хөл хорио цуцлагдаж иргэд энгийн амьдралдаа аажим аажмаар шилжих боломж бүрдэж байна. Эдийн засаг хүндэрч иргэдийн амьдрал доройтох вий гэсэн болгоомжлол их байх шиг?

-УИХ, Засгийн газраас иргэдийнхээ амьжиргааг дэмжих, эдийн засгийг сэргээх бодлогыг бололцооныхоо хэрээр авч хэрэгжүүлж байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар цар тахлын голомтод ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, мөнгөн тусламж олгох, ажлын тусгай горимоор томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, урамшуулал олгох, цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох замаар иргэдийн амьжиргааг дэмжих асуудлуудыг зохицуулсан.

Энэ ч агуулгаар Засгийн газраас иргэдийн ус, дулаан, цахилгаан, хогны мөнгийг төрөөс хариуцахаар шийдвэрлэж сайжруулсан түлшний үнийг ч хөнгөлөх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Мөн хүүхдийн мөнгийг 100 мянга болгож, хөл хорионы үед иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгож, вакцинжуулалтад хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийг дэмжлэг болгон олгоод байна. Энэ нь иргэдийн амьдралд бага ч болов дэмжлэг үзүүлэх арга хэмжээ болсон.

-Иргэдийн орлого буурснаас зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй хүндрэл учирсан тухай нэлээд яригдсан. Энэ талаар ямар арга хэмжээ авав?

-Цар тахлын нөхцөл байдлыг даван туулах гол арга хэмжээнүүдийн нэг бол хөл хорио тогтоох асуудал юм. Энэ арга хэмжээг дэлхийн олон оронд авч хэрэгжүүлсэн бөгөөд манай улсад ч хэд хэдэн удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн орлого тасалдаж хэрэглээний болон ипотекийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн.

Тиймээс зээлийн эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж 2021 оны долдугаар сарын 1ний өдрийг хүртэл зээл төлөх хугацааг сунгасан. 2021 оны тавдугаар сарын 15ны байдлаар нөхцөлд өөрчлөлт оруулж хугацааг сунгасан хэрэглээний зээл давтагдсан тоогоор 157429 байгаа бөгөөд энэ нь дүнгээрээ 1.3 их наяд төгрөг болж байна.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг мөн энэ оны долдугаар сарын 1нийг хүртэл хойшлуулсан бөгөөд банкууд хүсэлт гаргасан 55728 зээлдэгчийн нийт 3 их наяд орчим төгрөгийн зээлийн хугацааг хойшлуулаад байна. Энэ нь ипотекийн зээлийн нийт багцын үлдэгдлийн 83 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд иргэдийн өмнө тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэсэн чухал арга хэмжээ болсон.

Түүнээс гадна түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдсан 589 түрээслэгчийн 2.3 тэрбум төгрөгийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1нийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

-Түр хорооны хуралдаанд Монголбанк мэдээлэл хийсэн учраас тодруулж байгаа юм. Хөл хорионы үед банкууд ажилласангүй гэдэг шүүмжлэл нэлээд гарсан. Иргэдийн төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхэд банкууд дээр хүндрэл гарсан болов уу?

-Цар тахлын гамшгийн үед бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойших хугацаанд төлбөр тооцоог бэлэн бусаар хийхэд аливаа хүндрэл үүсээгүй, төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдол гараагүй байна.Монгол Улсын нийт төлбөрийн систем хэвийн ажиллаж, иргэдийн их, бага дүнтэй болон картын бүх төрлийн гүйлгээ, бүх төрлийн нийгмийн халамжийн тэтгэмж олголт үргэлжилж байна.

2021 оны нэгдүгээр улирлын байдлаар өдөрт дунджаар 629 мянган ширхэг, 18.2 тэрбум төгрөгийн дүнтэй картын гүйлгээ банк хооронд хийгдсэн байна. Харин банк хоорондын бага дүнтэй 211.2 мянган ширхэг, 47.2 тэрбум төгрөгийн гүйлгээ, их дүнтэй 4.2 мянган ширхэг, 1.2 их наяд төгрөгийн гүйлгээ тус тус өдөрт дунджаар хийгдсэн байна. Мөн 2021 онд хатуу хөл хорионы үед дэмжлэг болгож иргэн бүрд 300,000 төгрөг олгох хүрээнд 3.3 сая ширхэг, 1 их наяд төгрөгийн гүйлгээ, дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд 50,000 төгрөг олгох хүрээнд 1.8 сая, 88.7 тэрбум төгрөгийн гүйлгээ, тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая хүртэл төгрөг олгох хүрээнд 220.1 мянган ширхэг, 199.1 тэрбум төгрөгийн гүйлгээг тус тус дамжуулсан байна.

Банкуудаас авсан мэдээллээс үзэхэд АТМ-ээр хийгдсэн гүйлгээний тоо, АТМ-д цэнэглэлт хийсэн мөнгөн дүн нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс өмнөх үеийнхтэй адил, тогтвортой байсан байна.

-Цар тахлын үеийн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд олгох зээлийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

-Монголбанк Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаас сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд заасан “Ажлын байрыг дэмжих зээл”, “Хөдөө аж ахуйг дэмжих зээл”ийг банкны эх үүсвэрээр, Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй олгох арга хэмжээнд Төв банк (Монголбанк)ны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн чиг үүргийг гүйцэтгэж, дэмжин оролцож байна.

Монголбанк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сан, нэр бүхий банкууд 2021 оны гуравдугаар сарын 5ны өдөр зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулж, зээлдэгчийн шалгуур, болзлыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, зээлийн батлан даалттай хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн байгаа. Мөн хаврын тариалалт, ноолуур бэлтгэл, малчдын үйл ажиллагааг дэмжих зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг 2021 оны дөрөвдүгээр сарын 20ны өдөр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулжээ.

Дээрх гэрээнүүдийн дагуу Монголбанк банкуудын санхүүгийн байдалтай уялдуулан эх үүсвэрийн хэмжээг тогтоох, тайлан мэдээ хүлээн авч нэгтгэн Засгийн газарт мэдээлэх, банкны үйл ажиллагаа, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хүлээж байгаа юм. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд олгосон Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийн талаар банкуудаас ирүүлсэн мэдээнээс үзвэл 2021 оны дөрөвдүгээр сарын 23ны өдрийн байдлаар банкуудад нийт 5.5 их наяд төгрөгийн 47881 зээлийн хүсэлт ирснээс 8599 зээлд 596.2 тэрбум төгрөг олгогдсон байна. Ингэснээр нийт 22768 ажлын байрыг дэмжиж, 1309 аж ахуйн нэгжид 328.8 тэрбум төгрөгийн зээл, 7290 иргэнд 267.3 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна.

-Цар тахлын нөхцөл байдалд банкууд цахим шилжилтийг сайн хийжээ. Тэгвэл УИХ-ын болон байнгын, түр хороодын хуралдаан мөн адил цахимаар явагдах нь их болсон байна. Танхимаар болон цахимаар хуралдахын давуу болон сул тал юу байна вэ?

УИХын чуулганы нэгдсэн болон байнгын, түр хорооны хуралдаанууд цахимаар хуралдаад бараг хэвшчихлээ. Манай УИХ дэлхийн улсуудын жишгээс дутахааргүй цахим хуралдааныг амжилттай зохион байгуулсан парламент болж байгаа байх. Хөл хорио, цар тахлын нөхцөл байдлаас гадна гишүүд орон нутагт ажиллах, гадаад дотоодод томилолтоор явах зэрэг олон ажлыг зэрэг амжуулах хэрэгтэй болдог. Ийм үед цахим хуралдаан маш хэрэгтэй гэдэг нь тодорхой байна.

Зөвхөн дотооддоо ч биш олон улсын байгууллага, парламентуудтай олон удаагийн цахим хурал, уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа. Тоочоод байвал олон давуу талууд бий. Гишүүдийн зүгээс цахим хуралдааны дэгийн үед үг хэлэх хугацаа богино байгаа талаар ярьдаг. Тиймээс цаашид цахим хуралдааны дэгээ илүү боловсронгуй болгоод явах боломж ч байгаа. УИХ-аас гадна олон байгууллага, иргэд цахим уулзалтын давуу талыг ойлгож байх шиг байна. Тиймээс цаашид ч цахим хурал, уулзалтыг явуулж техникийн дэвшлийг ашиглаж байх нь чухал юм.

-Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа зургадугаар сарын 30-нд дуусахаар байгаа. Түр хорооны үйл ажиллагаа ч зогсох байх. Коронавируст халдварын өвчлөл буураагүй байхад хуулийн үйлчлэл дуусах нь зөв үү?

-Миний хувьд тантай санал нэг байна. Түр хорооны хуралдаан дээр Улсын онцгой комиссоос мэдээлэл хийхдээ хуулийн хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тэгэхээр энэ хуулийг дахин сунгаж, зарим зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг хийх байдлаар УИХ-аар оруулж шийдвэрлэх боловуу. Бид цар тахал багассан гэж тайвшрах болоогүй. Үүний тод жишээ нь дэлхийн хэд хэдэн оронд мутацид орсон вирусийн идэвхжил аюул дагуулсаар байгааг харж болно.

Тухайлбал, УОКын сүүлийн мэдээллээс харахад мутацид орсон коронавируст халдварын Их Британи хувилбар гэхэд дэлхийн 137 улсад, Өмнөд Африк хувилбар 85 улсад, Бразил хувилбар 52 улсад бүртгэгдээд байна. Улс орнууд хилээ бүрэн нээх төлөвлөгөөгүй байгааг ч бид харж байна. Тиймээс өвчлөлийн цар хүрээг хумьж аюулгүй болох хүртэл бид бүх шатандаа тайвширч болохгүй юм.

Б.СҮЛД

ШИНЭ МЭДЭЭ