Ногоон алт, эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо
2021.05.28
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ногоон алт, эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2015 оноос Бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын өөрчлөлтийг тогтсон хугацаанд тогтмол хянах, өөрчлөлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ашиглалтыг тохируулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох мэдээллийн санг үүсгэн хэрэглэгчдийг мэдээллээр хангах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад суурь мэдээлэл болгох зорилгоор бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн.

Энэхүү ажлын үр дүн болох “Бэлчээрийн фотомониторингийн мэдээллийн сан”-г Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

“Ногоон-алт малын эрүүл мэнд төсөл” хэрэгжих хугацаандаа Бэлчээрийн газрын өөрчлөлтийг тодорхойлох, Бэлчээр ашиглагчдын хэсгийн гэрээ бүртгэлжүүлэх, Газрын харилцааны албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах гэсэн үндсэн 3 зорилтыг тавьж ажилласан.

Мөн шаардлагатай журам, аргачлал, зааврыг боловсруулан баталж, шинэ арга зүй, аргачлалыг туршин нэвтрүүлж 6 дүүрэг, 320 сумын хэмжээнд 5128 мониторингийн цэгт буюу 110.3 сая бэлчээрийн газрын 94.4 сая га газарт фото мониторингийн судалгаа хийгээд байна. 

Давхардсан тоогоор нийт нийслэл, 21 аймаг, 330 сумын 1485 мэргэжилтнийг дадлагажуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулсан.  

     Малчдын өөрсдийн санал, хүсэлт дээр үндэслэн улсын хэмжээнд 1600 орчим бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулагдсан ба газрын кадастрын нэгдсэн системд  1509 бэлчээр ашиглагчдын хэсгийн хил зааг бүртгэгдсэн байна. Түүнээс 909 бэлчээр ашиглалтын гэрээг газрын кадастрын нэгдсэн системд бүртгэн цахим архив үүсгээд байна.

Цаашид бэлчээрийн фото мониторингийн бүх цэгүүдэд тогтсон хугацаанд судалгааг тасралтгүй хийж, үйл ажиллагааг улам илүү хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно.

Мөн судалгааны арга зүй, аргачлалыг зайнаас тандан судалгааны технологитой хослуулан фото мониторингийн үйл ажиллагааг сайжруулах, бэлчээрийн газрын төлөв байдлыг зөвхөн жилийн нэг хугацаанд тодорхойлоод орхих биш шаардлагатай тохиолдолд хиймэл дагуулын мэдээ ашиглан тухай бүр тодорхойлох, үр дүнг тайлагнах, газрын кадастр, газар зохион байгуулалт, төлөвлөлтийн цахим системүүдтэй мэдээлэл солилцох, малын “Түүхий эдийн эргэн мөшгих тогтолцооны систем”-тэй уялдаж ажиллах зэргээр системийн хөгжүүлэлтийг хийх, шаардлагатай санхүүжилтийг бусад байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ