МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАН иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана
2021.06.02
Улстөр

МАН иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудтай МАН хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж буй.

Өнөөдөр МҮЭХ, Монголын багш нарын холбоо, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны  холбоо, Сонгогч ард иргэдийн нэгдэл, Барилгын салбарын ахмадын хороо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо  зэрэг 20 гаруй ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн  Д.Цогтбаатар, Зам тээврийн  хөгжлийн сайд Л.Халтар нар  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

МАН-ын Ерөнхий нарийн  бичгийн  дарга Д.Амарбаясгалан, “МАН Ерөнхийлөгчийн сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” уриатайгаар оролцож байна. Монголын баялаг дан ганц байгалийн баялгаар тодорхойлогдохгүй. Монгол хүн өөрөө Монголын баялаг байх боломжийг бүрдүүлэхийн төлөө томоохон зорилго дэвшүүлэн ажиллаж байна” гэв.  МАН-ын улс төрийн үзэл баримтлал нь зүүн төвийн  буюу бүгдээрээ тэгш эрхтэй амьдрахын төлөө байдаг. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ихээхэн дэмжлэгтэй гэдгийг онцлов.

Мөн тэрбээр “Өөрчлөлт шинэчлэлийн 30 жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаж ирсэн  арвин их туршлага МАН-д бий. Тэр ч утгаараа иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр эрх барьж  байгаа намдаа итгэж,  дэмжлэг үзүүлж хамтын зорилтоо хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн.  Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн улс орны хөгжилд ихээхэн чухал үүрэгтэй. Төрийн өндөрлөгүүд бие биедээ чөдөр тушаа болдоггүй, нэг цонхоор харах боломжийг бүрдүүлж өгөх сонгууль юм.

Төрийн гурван өндөрлөг нэг бодлоготой нэгдсэн хөтөлбөртэй ажиллаж чадвал  улс орныг хөгжилд хөтлөх томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломж бий болно. Үүнийг дагаад ажлын байр олноор нэмэгдэж олон мянган залуус ажилтай орлоготой болж, ард иргэдийн  амьдрал богино хугацаанд дээшилнэ” гэв.  
Улсын хэмжээнд 20 гаруй мянган төрийн бус байгууллага байдгаас  идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 150 орчим  нь МАН-тай хамтран ажилладаг.

Хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин хамтран ажиллахад, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, сурталчлан таниулахад оршиж байгаа юм. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд тухайн салбар чиглэлийн  хөгжлийн баримт бичиг, төсөл хөтөлбөр, холбогдох хуулийн төслийг батлуулан хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж, ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ