МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Булган аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Сүхбаатарын одон"-оор шагнагдлаа
2021.06.07
Орон нутгийн хөгжил

Булган аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Сүхбаатарын одон"-оор шагнагдлаа

Эх оронч, дайчин, хөдөлмөрч уламжлалтай, анхдагчид, алдар гавьяатнуудын өлгий нутаг Булган аймаг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Сүхбаатарын одон"-оор шагнагдлаа. 

Булганчууд бол Манжийн түрэмгийллийн хүнд он жилүүдэд, Үндэсний эрх чөлөөний тэмцлийн үед ч, Ардын хувьсгалын үйл хэрэгт ч, Дэлхийн 2-р дайны хүнд цаг үед ч, Атар газар эзэмшиж ажил хөдөлмөр ундарсан он жилүүдэд ч, Ардчилал шинэ цаг үед ч ард түмэндээ бахархал, итгэл найдвар, сайн сайханд манлайлагч ард түмэн байж ирсэн.

Манжийн түрэмгийллийн эсрэг анхлан тэмцэгчдийн тэргүүн, эх оронч, их соён гэгээрүүлэгч Халхын Цогт хунтайж, Монгол улсын Гадаад явдлын яамны анхны сайд Чин ван Мижиддоржийн ХАНДДОРЖ, Үндэсний эрх чөлөө, Ардын хувьсгалын цогтой тэмцэгч Ардын Хатанбаатар МАГСАРЖАВ, Монгол улсын Ерөнхий сайдаар хоёронтоо томилогдон ажиллаж байсан Агданбуугийн АМАР, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын анхны дарга Д.Дамба, өнөөгийн Улаанбаатар хотыг өнгө төрхөө олоход чухал үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын Их Хурлын дарга Лхамсүрэнгийн ЭНЭБИШ, “Залуу жанжин” хэмээн алдаршсан, Монгол улсын баатар, хурандаа генерал Жамъянгийн ЛХАГВАСҮРЭН, Монгол улсын гарамгай баатар Лодонгийн ДАНДАР, анхны хоньчин Хөдөлмөрийн баатар З.Очир, анхны уурхайчин баатар Д.Даваажав, анхын ногоочин баатар С.Бадамсүрэн, анхны барилгачин баатар Д.Базаргүр, анхны тариаланч баатар Г.Дэмбэрэл, ууган гавьяат мастер Б.Түвдэндорж, ажилчин эмэгтэйчүүдийн дундаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, анхны алдарт гавьяат хуурч Д.Түдэв, анхны Ардын жүжигчин Ц.Цэгмид, анхны Ардын эмч Р.Пүрэв, анхны Сансрын нисгэгч Улсын баатар Ж.Гүррагчаа, анхны Олимпийн аварга, олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр зэрэг ардын хэмээх хүндэт цолтон 11, гавьяат цолтон 138, төрийн шагналтан 28, генерал 8, эрдэмтэн мэргэд 120 гаруй төрөн гарчээ.

Ухаан төгс өвөг дээдэс, үе үеийн аймгийн удирдлагуудын бодлого үйл ажиллагаа, ард иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийн дүнд энэхүү шагналыг гардан авлаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Булганчууддаа баяр хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ