МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.17
Эдийн засаг, Худалдаа

Ч.Ундрам: Санхүүгийн шинэ хэрэгслээс болж гарах залилан, иргэдийг хохирохоос сэргийлэх ач холбогдолтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

"Хуулийг дэмжиж байна. Учир нь энэ хууль санхүүгийн шинэ хэрэгслээс болж гарах залилан, иргэдийг хохирохоос сэргийлэх ач холбогдолтой.

Хуулийн төсөлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх компаниудын зар сурталчилгааны хүрээ хязгаар зарчмыг тусгаагүй байна. Энэ салбар нарийн мэдлэг боловсролтой тоглогчдын талбар байдаг. Зарим тохиолдолд иргэдийн мэдлэг, мэдээлэлгүй байдлаас болж хохирох, маш их хэмжээний гэнэтийн орлого амласан зар сурталчилгаанд автан хууртахаас сэргийлэх зохицуулалт оруулах шаардлагатай. Хуулийн төслийн 8.1-т энэ чиглэлийн зүйлийг оруулах шаардлагатай.

Виртуал хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээний төлбөр хийхийн  зөвшөөрөх эсэхийг яг одоо бид бодох ёстой. 2021 оны 01 сарын 01-ээс ОХУ-д виртуал хөрөнгөөр ажил үйлчилгээ хийх тухай хуульд төлбөр хийхийг хориглосон. Энэ нь нэг талдаа бодит эдийн засгаа виртуал эдийн засгаас хамгаалж байгаа алхам юм. Тиймээс бид энэ чиглэлийг зөвшөөрөх эсэхээ бодох ёстой.

Нэр томъёотой холбоотойгоор ФАТФ-ын баримт, бичигт орсоныг хуулийн төсөлд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэж орчуулж оруулсан гэж ойлгож байна. Иргэний хуульд эдийн бус баялаг гэж заасан. Санхүүгийн хуульд биет бус хөрөнгө гэсэн нэр томъёо байдаг. Тиймээс энэ 2 нэр томъёотой нийцүүлэх ёстой байх. хэрхэн уялдуулж байгаа вэ?

Хуулийн төслийн 6.1-т Виртуал хөрөнгийн үйлчилгээ 5 төрлийн үйлчилгээ хамаарна гэж байна. 6.1.4-т виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах гэж оруулсан байна. Иргэний хуульд өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэсэн нэр томъёо хэрэглэсэн байдаг. Тэгэхээр виртуал хөрөнгийг удирдах гэдэг нь иргэний хуулийн захиран зарцуулах гэх ойлголттой ижил үү?"

Түүний асуултанд ХЗДХ-ийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Баасандорж хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ