МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: Хэнийг ч ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах эрх бидэнд байхгүй
2021.06.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ч.Ундрам: Хэнийг ч ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах эрх бидэнд байхгүй

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа ковидын халдвар авсан болон тусгаарлалтанд байгаа сурагчдыг шалгалтад оруулахгүй нэг жил хүлээнэ гэсэн асуудалд ямар байр суурьтай байна?

Манай улс шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооно хэмээн Үндсэн хуулиндаа тунхагласан. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн бүр сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж заасан.

Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал манай улсад ч мөн адил тархаад улсын эдийн засаг, нийгмийн байдал хүнд байгаа хэдий ч бид улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрхийг тууштай хамгаалах хэрэгтэй. Хэнийг ч ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах эрх бидэнд байхгүй. Тиймээс энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчсөн явдал гэж үзэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс олон нийтийн сүлжээгээр ийм мэдээлэл цацсанд маш их харамсаж байна. Өвчин гэдэг хэлж ирдэггүй. Тухайн сурагчийг ковидын халдвар авсан мөн тусгаарлалтад байгаа гэдгээр Элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхийг хязгаарлаж болохгүй. Бид бүх хүүхдүүдэд ямар нэгэн ялгаварлал, гадуурхалгүйгээр боловсролыг тэгш хүртээмжтэй олгох ёстой. Элсэлтийн Ерөнхий шалгалт бол Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хувьд амьдралын чухал сонголтоо хийн шийдвэрээ гаргах мөч байдаг тийм ч учраас тэдний ирээдүйн амьдрал тодорхой хэмжээгээр энэ өдөр шийдвэрлэгддэг гэж үзэж болно.

Энэ өдрийн төлөө тэд маш их хугацаагаар хүчин чармайлт гарган бэлгэдэг төдийгүй сэтгэл санааны хувьд дарамттай явдаг. Ийм үед нь халдварт өвчин туссан гэдэг шалтгаанаар шалгалтад орох эрхийг нь хасвал хүндээр тусах нь ойлгомжтой. Мөн дээд боловсрол эзэмших боломж нь бүтэн нэг жилээр хойшлогодоно. Энэ хугацаанд эдгээр хүүхдүүд юу хийх, гэр бүлээрээ сэтгэлзүйн ямар хүнд байдалд байх билээ.

-Энэ талаар ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

Энэ асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс анхааралдаа авч түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдад шаардлага хүргүүлсэн байгаа.

Уг асуудлыг сонсоод БНСУ-ын туршлагыг судалтал:

Солонгос улсад ковидын халдвартай байсан ч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжтой байсан. Тус улсад 2020 онд нийт 1381 сургуулийн 31459 анги танхимд нийт 493,433 сурагч 120,000 хянагчийн хяналт дор элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөс ковидоор халдварлагдан эмчлүүлж байгаа 35 сурагч, тусгаарлалт буюу хөл хорионд байгаа 404 сурагч багтаж байсан байна.
БНСУ-ын Боловсролын яам ЭЕШ-д хамрагдах сурагчдад тэгш боломжийг хангахын тулд шалгалт өгөх сурагчдыг гурван бүлэгт ангилсан байна:

(1) халдвар аваагүй сурагчид,

(2) хавьтагч буюу тусгаарлалтад байгаа сурагчид,

(3) халдвар батлагдсан эмчлүүлж буй сурагчид гэж гурав ангилсан бөгөөд мөн шалгалтын үед сэжигтэй тохиолдвол илэрвэл тусгаарлаж шалгалт авах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Тус яамны мэдээлснээр халдварын хүнд шинж тэмдгийн улмаас тухайн өдөр шинжилгээгээ орхисон шалгуулагч батлагдаагүй байна. Өрөө тус бүрт шалгагчдын тоог 24-ээр хязгаарлаж, ширээн дээр нийлэг хавтанг суурилуулсан байна.

Мөн Засгийн газраас тусгай журам гарган зохицуулсан байна. Журмуудын зарим нэг заалтуудаас дурдвал: Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд зориулж эмнэлгийн өрөөнүүдийг шалгалтын байр болгон бэлджээ. Тусгаарлалтад байгаа 404 сурагчид зориулж 134 тусгай байрыг бэлтгэжээ.

Ковид-19 халдвар авсан болон тусгаарлалтад буй сурагч нар ‘тусдаа шалгалтын байр’ дээр өгнө. Ингэхдээ хорио цээрийн хяналт тавих асуудал эрхэлсэн хүнд мэдэгдэж халдвар хамгааллын дэглэмээ сайн барин, шалгалт өгөх байр руу 119 түргэн тусламжийн машинаар хүргэж өгөх тусгай журмыг батлан боловсруулжээ. Тусгаарлаж буй сурагч нар зөвхөн энэ өдөр нэгдсэн зохион байгуулалтай гарахыг зөвшөөрдөг байна.

Тусгаарлалтад буй сурагч нарын шалгалт авах байр нь үндсэн шалгалт авах байрнаас тусдаа байрлах ба тухайн хүүхэд шалгалт өгөх явцад бие нь өвдөх ямар нэгэн гэнэтийн эрсдэлийг харгалзан үзэж Сөүл хотын нэгдсэн эмнэлгээс 1 эмч, 3 сувилагч, 2 туслах сувилагч гээд нийт 6 хүнийг тухайн шалгалтын газар хамт байхаар шийдвэрлэж өгчээ.

Мөн Covid-19 цар тахлын үед ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөд шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөгөө өгч эхэлжээ.

Сурагчдын хөдөлгөөнийг зохицуулах үүднээс өглөө 06.30 цагаас эхлэн шалгалтын байрыг нээж сурагчдыг оруулж эхэлнэ. Сонсголын чадамжаа шалгуулах цагаар нь дуу чимээний саатал гаргахгүйн үүднээс бүх агаарын нислэгийн цагийг хүртэл өөрчилдөг.

Энэ шалгалт нь сурагчид хүүхдүүдийн ирээдүйн амьдралыг тодорхойлох хамгийн том шат байдаг тул нийт улс орон даяараа хөдөлж сурагчдынхаа шалгалт өгөх хэвийн нөхцөлийг бүрдүүлэхэд анхаардаг байна.

Замын хөдөлгөөнөөс эсвэл орой сэрснээс болж хоцрох магадлалтай сурагчдыг цагдаагийн машин шууд сургуульд нь хүргэж өгдөг. Ажлын газрууд ажил эхлэх дуусах цагуудаа хүртэл хүүхдүүдийн сургуульдаа явж очиж шалгалтандаа орох цагаас нь зөрүүлдэг байна.

Зүүх ёстой маскны стандартыг хүртэл KF94, KF80 гэж тогтоож өгсөн байна. Шалгалтын явцад бие нь халуурах болон бусад шинж тэмдэг илэрсэн сурагчдыг шалгалтыг нь таслалгүйгээр өгүүлэхийн тулд ойр орчны эмнэлэг болон орон нутгийн эмчилгээний төвүүдэд 4500 гаруй тасаг өрөө бэлдсэн байна.

Мөн Элсэлтийн шалгалтын дараа оюутнуудад зөвлөгөө өгөх үйл ажиллагааг бэхжүүлэх, сэтгэл санааны хямралд орсон оюутнуудыг сайтар удирдан зохион байгуулах талаар бас анхаарсан байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

Манай улсад Ковид-19-ийн үед Элсэлтийн шалгалт авах зохицуулалт байхгүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар элсэлтийн шалгалтаас хоцорсон тохиолдолд шалгалт нөхөн авах зохицуулалт байхгүй байна. Иймд эрх зүйн зохицуулалтын талаас харах шаардлага үүсч байна. Ковид-19-өөс болж хүүхдүүд хохирох ёсгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтаас шалтгаалж хүүхдүүдийн маань ирээдүй, амьдрал шийдэгддэг. Энэ асуудал дээр би анхаарлаа хандуулж ажиллах болно. Эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа эрхийг хамгаалах хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ