МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам "Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тодорхой тусгаж өгсөн
2021.06.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ч.Ундрам "Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тодорхой тусгаж өгсөн

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-УИХ аар энэ долоо хоногт хэд хэдэн хуулиуд хэлэлцэх тов гарсан байнаТа эдгээр хуулиас аль хуулинд ач холбогдол өгчямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ долоо хоногт Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл, Кино урлагийн тухай хуулийн төсөл, Соёлын тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр тов гарсан байгаа. Эдгээр хуулиудаас ойрын үед ач холбогдол өгч байгаа хуулиудыг дурдвал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдээд явж байна. Уг хуулийн төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа.

Тухайлбал, зургадугаар бүлэгт “Эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл”, 31.1-д заалтыг дурдаж болно. “Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт, эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий хуулийн этгээд байна” гэсэн заалттай санал нийлэхгүй байгаа.

Учир нь сургалтын хөтөлбөр гэдэг нь сургалтын байгууллагын гол технологи байдаг атал энэхүү технологи руу нь төрийн бус байгууллага орж, зөвшөөрөл өгөх, магадлан итгэмжлэх болж байгаа юм. Зарим хуульчид өөрийн хамгаалсан эрдмийн ажлаа сургалтын хөтөлбөрт оруулахаар шахалт үзүүлэх гэх мэт эрсдэл үүсэх магадлалтай.Төрийн дээд боловсролын бодлогын гол чиг үүргийг төрийн бус байгууллага авахаар байгаа нь харагдаж байна. Боловсролын яамны харьяанд Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөл ажилладаг.

Тус байгууллага чиг үүргийн хүрээндээ хөтөлбөрийг магадлан итгэмжлэх ажлыг хийдэг. Төрийн бус байгууллага магадлан итгэмжлэл хийгээд байвал дурын төрийн бус байгууллага дор бүрнээ өөр өөрийн чиглэлээр дээд боловсролын магадлан итгэмжлэл хийж болохоор буруу жишиг тогтох талтай юм.

-Та Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуульд нэмэлтөөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсанЭнэ хуулийн төслийн агуулга ямар байх тухайд тодруулахгүй юу?

-Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнхцэцэг нарын хамт санаачилсан юм. Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай. Зарим улс орон энэхүү баярыг үндэсний баярын хэмжээнд хүндэтгэн дээдэлж, тэмдэглэсээр ирсэн.

Тэдгээр улс орнууд энэ өдөр бие биедээ ном бэлэглэж, өөр хоорондоо ном уншиж өгч, зохиолч, нийтлэгчид өөрсдийн номоо түгээн дэлгэрүүлэх гэх мэт янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригт “Номын баярын өдөр” арга хэмжээ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргасан. Иймд нийгмийн хэрэгцээ, шаардлага, соён гэгээрлийн сайн сайхны төлөө нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг “Үндэсний номын баярын өдөр”-тэй болох нь зүйтэй юм.

Хуулийн төсөл хуульд нэмэлт оруулах хэлбэрээр боловсруулагдсан ба Нийтээр тэмдэглэх баярын өдөр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Номын баярын өдрүүд 5 болон 9 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэх юм. Ингэснээр иргэд болон хүүхэд багачууд ном унших идэвх санаачилга нэмэгдэж, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг сурталчилж, ирээдүйн уншигчдыг төлөвшүүлж, хүний хөгжлийг дэмжинэ. Номын баярын өдөр нь бүх нийтээр амрахгүй уг өдрийг бямба, ням гаригт буюу амралтын өдөр тааруулж хийнэ.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болох гэж байнаТа энэ хуулинд ямар байр суурьтай байна вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. Энэ хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцох талуудын эрх үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой, тэнцвэртэй байдлыг хадгалах зорилготой маш чухал хууль юм. Хөдөлмөрийн харилцаа нь гурван талын харилцан тохиролцоон дээр үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас эхэлдэг.

Энэ хуулийн төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тодорхой тусгаж өгсөн байгаа. Жишээ нь, Өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч хорин тав ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрны 4 хувиас доошгүй тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулна, Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүй бол зохих орон тоо тутамд оногдох төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байх бөгөөд уг төлбөрийг сар бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санд төвлөрүүлэхээр зохицуулалт хийсэн байна.

-Та одоо ямар хууль дээр ажиллаж байна вэ?

-Би өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл болон тогтоолын төслүүдийг УИХ-ын гишүүдтэй хамтран санаачлан Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан байгаа. Үүнээс дурдвал, Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай тогтоолын төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, Ойн болон шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэрэг хуулиудыг Улсын Их Хуралд өргөн барьж баталлаа.

Зээлийн хүү бууруулах стратеги батлах тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ банкны салбарын зээлийн хүү буурч, зээл олголт идэвхжиж эхэллээ.

Мөнгөний бодлогын хүрээнд 2020 оны туршид бодлогын хүүг 5 нэгж хувиар бууруулан зургаан хувьд хүргэж, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулах замаар эх үүсвэр чөлөөлж, урт хугацаатай, зорилтот репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлж ашигласнаар зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлэв. Ингэснээр шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 2020 оны есдүгээр сараас хойш тасралтгүй буурсаар энэ оны 4 дүгээр сард жилийн 15.0 хувь болсон.

Одоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явна. УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Л.Мөнхбаатар нарын хамтаар өргөн барьсан юм. Хуулийн төсөлд үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн төслийн нэрийг уг хуульд нийцүүлэн “төлбөр тооцоо” гэснийг “мөнгөн хөрөнгийн шилжүүлэг” гэж өөрчилсөн.

Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн агуулга, түүнд тавих доод шаардлагыг зохицуулагч байгууллагаас баталж, баталсан ерөнхий нөхцөлд нийцүүлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс өөрийн үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөлийг батлах талаар төсөлд тусгасан. Түүнчлэн харилцах дансыг нэр томьёоны хувьд төлбөрийн данс болгож өөрчлөн төлбөрийн дансны үлдэгдэлд хүү төлөхгүй байх, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн харилцагчид түүний данстай холбоотой мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болох талаар зохицуулалт хийсэн.

Мөн Музейн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаад Их Хурлын нэгдсэн чуулганаар баталсан байгаа. Монгол Улс анх удаа Музейн тухай хууль батлагдсанаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдах нөхцөл бүрдэж байна. Түүх соёлын дурсгалт зүйлс, соёлын үнэт зүйлийг хамгаалах, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний хүртээмж сайжирч нийгэм эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэх юм.

Түүнчлэн музейн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэгийн орон зай болж хөгжих суурь тавигдах юм.

Одоогоор Соёлын тухай хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дээр ажлын хэсэгт орж ажиллаж байна. Шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг тодорхой болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа. Цаашдаа Боловсролын багц хууль дээр анхаарлаа хандуулж ажиллах болно. Бид дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүүхдийг бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж түүнийгээ чанартай хэрэгжүүлж, тогтвортой явуулах хэрэгтэй.

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр юу хэлэх вэ?

-Монгол Улс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 онд хамрагдаж эхлэхдээ төсвийн алдагдал, зарим төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн талаар үүрэг амлалт авснаар, тэтгэврийн даатгалын шимтгэлд тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн. Тэтгэврийн даатгалын шимтгэл ажилтан, ажил олгогч тус бүр долоон хувь байсныг 2017 оны дөрөвдүгээр сард тус бүр 2.5 хувиар нэмэхдээ үе шаттайгаар шилжих зохицуулалт хийсэн байгаа. Энэ зохицуулалт нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд тусгагдсан. Тодруулбал, 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019, 2020 онд тус бүр 8.5 хувь, 2021 онд тус бүр 9.5 хувийн шимтгэл авахаар үе шаттай зохицуулсан юм.

Энэ хуулийн өөрчлөлтийг 2017 оны дөрөвдүгээр сард болон 2019 оны 12 дугаар сард тус тус хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ үед дэлхийг хамарсан одоогийн цар тахлын аюулыг урьдчилан харах боломжгүй, цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал 2020, 2021 ондоо үргэлжилнэ гэдгийг нарийн тооцоолох боломжгүй байдалд байсан.

Тиймээс өнөөгийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг харгалзан бид энэ хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн заалтыг тодорхой хэмжээгээр бууруулах зохицуулалт хийсэн. Ингэснээр тэтгэврийн даатгалын шимтгэл ажилтан, ажил олгогч тус бүрээс нэг хувь буурч, нийт хоёр хувиар буурсан байгаа.

-Ковидын нөхцөл байдал хүндэрч байнаМанай улсын эдийн засгийн сүүлийн үеийн үзүүүлэлтүүд ямар хэмжээнд хүрсэн тухайд мэдээлэл өгөхгүй юү?

-“Монголын эдийн засаг “Ковид-19” цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өссөн. Гэвч цар тахлын сөрөг нөлөөгөөр 2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 11 жилд анх удаа агшсан. Үүнээс болж иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хамгаалж ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хариу арга хэмжээ нэн яаралтай авсаар байна.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай. Цар тахлын улмаас экспорт буурч үйлдвэрүүд ажиллахад тун хүнд байна. Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар уналтад орвол улсын төсвийн орлого буурч эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь тээврийн салбарт шууд нөлөөлдөг бөгөөд бүх төрлийн тээврийн орлого өмнөх онуудаас буураад байна. Эдийн засгийн өсөлт суларсан, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд болох нүүрсний экспортын орлого 2.5 дахин алтны экспортын орлого 2.4 дахин, зэсийн баяжмалын орлого 1.4 дахин тус тус буурсан үзүүлэлттэй байна.

“Ковид-19” цар тахал нь өрхийн орлого, ажлын байр, хүнсний хангамж, эрүүл мэндийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлж байна. Үүнтэй тэмцэхийн тулд хүн бүр хариуцлагатай байх нь маш чухал. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ зөв сахин маскаа зүүж, гараа ариутган, хүн хоорондын зай барин, хувийн ариун цэврийг чанд сахих нь бидний үүрэг юм. “Ковидгүй зуны төлөө” иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй зөв сахицгаая гэж уриалмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ