МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа
2021.06.22
Улстөр

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хурал болов. Өнөөдрийн хуралдаанаар:

Монгол Улсын 2021 оны төсөв, эдийн засгийн өнөөгийн байдал, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн мэдээлэл сонслоо.

Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн явц, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б. Жавхлан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис болон Сангийн яамны газрын дарга нар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө.

2019 оны гурав, дөрөвдүгээр улиралд эдийн засаг 10.07 хувийн уналттай байсан бол 2021 оны нэгдүгээр улиралд 5.3 хувийн уналттай болсон байна. 

Инфляц тавдугаар сарын байдлаар 6.2 хувьтай байна. Хилээр бараа татах хурд саарсантай холбогдуулан инфляц өссөн гэдэг тайлбарыг өгөв. Чулуун нүүрсний экспортын биет хэмжээ төсөөллөөс хоёр дахин бага гарсан ч үнэ өсөлттэй байгаа тул төсөвт тооцсон дүн алдагдалгүй байгаа аж.

Мөн Сангийн сайд ковидын хөл хорионы үед өрхийн сарын дундаж орлого огцом өөрчлөгдөөгүй тогтвортой байсан гэдэг мэдээллийг өгсөн юм. 2019 оны 4-р улиралд өрхийн дундаж орлого 1,375,000 төгрөг байсан. 2020 оны нэгдүгээр улиралд 1,450,000 болсон. Мөн дундаж зарлага 1.4 сая хэвээр байгаа гэдгийг онцоллоо. 2020-2021 онд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсэн, хаалгаа барьсан байгууллага цөөн байна гэж макро эдийн засгийн өнөөгийн байдлын танилцуулгадаа онцоллоо.

Төсвийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлд зарлага 84.5 хувьтай байгаа бол төсвийн орлого өмнөх оныхоос өсөлттэй байгаа гэв. Цар тахлын хүрээнд хоёр жилийн хугацаанд 5.8 их наяд төгрөгийн эдийн засгийн арга хэмжээг авсан. Үүний 612 тэрбум нь хүүхдийн мөнгө, ус цахилгаан дулааны хөнгөлөлтөд зарцуулагдсан байна.

Гурван хувийн хүүтэй зээл одоогийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй, 2.5 их наяд төгрөг зарцуулж, 70,000 байгууллагын 17,000 зээлдэгчид очоод байна. Ирэх наймдугаар сард зээлийн гүйцэтгэл 100 хувь болно гэж мэдээлэв.

Бүлгийн гишүүд халамжийн бодлогоос хөгжлийн бодлогод аажмаар шилжих хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Түүхий эдийн үнэ тэр тусмаа зэсийн үнийн өсөлт өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийг аварлаа. Зэсийн үйлдвэрт сангийн сайд хяналттай байх хэрэгтэй. УИХ хууль батлах, төсөв батлах хоёр том эрх мэдэлтэй. Гэвч Ковидын хуулиар энэ эрхийг гүйцэтгэх засаглалд өгчихсөн. Энэ эрхийг УИХ-д буцаан авчрах хэрэгтэй. Сайд нарын дураараа төсөв зарцуулдаг байдалд Сангийн сайд та эргээд буруутан болно шүү гэдгийг сануулъя.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 2021 оны төсөв батлахад манай бүлгийн гишүүд “ковидын үеийн төсөв байж үр ашиггүй зарлага их байна” гэдгийг удаа дараа сануулсан. Төсвөө батлахдаа Pfizer зэрэг баталгаажсан вакцинд зардал тавих байсан. Цаашид ч вакцины асуудал хэдэн жил үргэлжлэхийг бид мэдэхгүй. Тиймд цар тахлыг амжилттай даван туулсан орнуудаас туршлага судлах хэрэгтэй. Мөн банк 3 хувийн хүүтэй зээлийг олгохын зэрэгцээ өөрсдийн зээлийг тодорхой хувьд авахыг шаардаж байгаа асуудалд анхаарал хандуулаарай. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх боломж байгаа юу.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Ковидын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Монгол төрийн бодлого эдийн засагтаа сайн анхаарах хэрэгтэй. Одоо сонгуульд зориулсан эдийн засгийн бодлогоос хөгжлийн бодлогод аажмаар шилжих хэрэгтэй.Экспортын бүс нутагт онцгойлон анхаараарай. Нэмүү өртөг үйлдвэрлэгдэг салбартаа төр анхаарах цаг болсон. ТӨК-ийн удирдлага “задарсан”. Удирдлагад хэт олон хэсгийн төлөөлөл орсноор нэгдмэл бодлоготой болж чадахгүй байна. Хамгийн ашиг багатай улс орны хөгжилд хэрэгтэй ажлыг ТӨК хийж, ашиг өндөртэй ажлуудыг хувийн хэвшлээр хийлгэх дэмжлэгийн бодлоготой байх хэрэгтэй. 2021 оны эдийн засгийн тэлэлт ямар байх юм. Нэг хүнд ногдох ДНБ хэд болох уу.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Манай улс өрсөлдөх чадвараараа Венесуэл зэрэг улстай зэрэгцэж явна. Гааль дээр үүсээд байгаа асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Гадаад хөрөнгө оруулалт зогссон. Дундаж давхарга гэж байхгүй боллоо. Улсын төсвөөс хэдэн төгрөгт вакцин авсан байна.Одоо өгч буй халамжууд үргэлжлэх эсэх мөн төсөвт тодотгол хийх үү.Шатахууны үнийг хэзээ болтол барих боломжтой байгаа талаараа мэдээлэл өгнө үү. Дундаж давхарга гэж байхгүй боллоо. Уул уурхай эзэмшигчид, ТӨК, ажил хийх сонирхолгүй халамж авдаг хэсэг бүлэг хүмүүстэй, ийм эдийн засагтай боллоо. Энэ цаашид удаан явахгүй гэж харж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй байгаа болохоор түр хугацаанд аргацааж байна. Цаашдаа ганцхан зүйл эвгүйтэхэд дефолт болж магадгүй шүү гэв.

ШИНЭ МЭДЭЭ