Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж мөн өдрөөс эхлэн мөрдөж байна.
Уг хуулиар гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж байна.
Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.
Манай улсад ой, хээрийн болон обектын гал түймэр, ган, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахал, цацраг, химийн хорт бодисын осол зэрэг аюулт үзэгдэл ихэвчлэн тохиолддог бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас дээрх гамшгийн аюул, учруулах хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд 45.2 орчим мянган үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 2124 хүний амь нас эрсдэж, 13.8 сая толгой мал хорогдон, улсад 1031.0 тэрбум төгрөгийн хохирол учирсанаас Онцгой байдлын байгууллага 12.6 мян.хүний амь насыг аварч, улсын болон иргэдийн 237.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлүүдийг олгож байгаа хэдий ч өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл байдлаас хамааран тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байна.
Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байна.
Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгохоор тусгалаа. Эхний жилд 261 хүнд олгох мөнгөн урамшилд 5.6 тэрбум.төг, цаашид жил бүр дунджаар 2.3 тэрбум.төг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Хуулийн төсөл батлагдсанаар алслагдсан аймаг, суманд ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, гэр, орон байраа тохижуулах, гэр бүлээ хөгжүүлэх, үр хүүхдээ сургах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад санхүүгийн хувьд дэмжлэг авч амьдралын чанар нь сайжирна гэж үзэж байна.