МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Жаргалант сумыг "Сумын төвийн шинэчлэл" төсөлд хамруулах алхам хийгдлээ
2021.06.23
Орон нутгийн хөгжил

Жаргалант сумыг "Сумын төвийн шинэчлэл" төсөлд хамруулах алхам хийгдлээ

УИХ-ын гишүүн Д.Батлут Монгол Улсын хэмжээнд хэд хэдэн суманд хэрэгжиж буй "Сумын шинэчлэл" төслийн багийг урьж сонгогдсон тойрог болох Орхон аймгийн Жаргалант сумын иргэдтэйгээ уулзууллаа.

Төслийн хүрээнд хот тохижилт, барилга угсралт, дулаан хангамж, ногоон байгууламж, авто замын ажлууд хийгдэж иргэд сумандаа сайхан амьдрах боломж бүрдэх юм. Ингэснээр газар тариалан, мал аж ахуйн салбар хөгжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж, иргэд сумандаа орчин үеийн жишигт нийцсэн хот тохижилттой орчинд, инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдрах боломжтой болно.

Засгийн газраас хотыг чиглэсэн нүүдэл, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд сумдад хөрөнгө оруулалт хийх бодлого баримталж буй. Энэ хүрээнд Жаргалант суманд хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Уулзалтад Орхон аймгийн Засаг дарга оролцож орон нутгийн төсвөөс ч хөрөнгө оруулалт хийх боломж байгааг онцолсон байна.

"Сумын төвийн шинэчлэл" төслийн багийнхны хувьд Жаргалант сум нь баруун аймгуудыг чиглэсэн аялал жуулчлалын авто зам дагуу оршдог, эдийн засгийн чадавх өндөр зэрэг нь төсөл амжилттай хэрэгжих гол үзүүлэлт гэдгийг дурдсан юм. Уулзалтад оролцсон Жаргалант сумын иргэд ч төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Дараагийн уулзалт ирэх долоо хоногт болно. Төсөлд хамрагдах эсэхээ Жаргалантчууд өөрсдөө шийднэ.

ШИНЭ МЭДЭЭ