2021.06.24
Эрүүл мэнд
Ч.Ундрам: Төлөвлөгөө, стратегигүй учраас хүч тарамдан ажиллаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
"Яагаад Гамшгаас хамгаалах тухай хуулиа өөрчлөхгүй байна вэ? Энэ хууль ийм үед л хэрэгтэй гэж анх боловсруулагдсан байх гэж би бодож байна. Ковидын хуулийг жилийн өмнө батлаад энэ хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулиа сайжруулаад өнөөдөр оруулж ирэх ёстой байсан биш үү? Яагаад заавал ковидын хуулиа сунгах гээд байна вэ?
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.1-д Гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна гэсэн. 1 жилийн өмнө стратеги төлөвлөгөө батлагдсан. Үүний хэрэгжилт, үр дүн ямар байна вэ? Үүн дээрээ тулгуурлан сайжруулж боловсруулаад батлуулсан зүйл байгаа юу?
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25.2-т Монгол Улсын Их Хурал гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын үндэсийг тодорхойлно гэж байна. хамгийн гол бодлого УИХ дээр явж байх ёстой юм биш үү?
2. Уг хуульд боловсролын асуудалтай холбоотой 7.1.8-д теле болон Цахим хичээл явуулж болно гэх ганц л заалт байна. Бүтэн 2 жил хүүхдүүдийн теле болон цахим хичээл үзээд маш олон хүүхэд интернэт, компьютергүй, зарим нь эрчим хүч, телевизоргүйн улмаас боловсролын хоцрогдолд орсон. Манай улс шиг бүтэн 2 жил хүүхдүүдээ сургуулийн хаасан улс нэг ч байхгүй. Жишээ нь БНСУ сургууль, цэцэрлэгээ аль болох явуулж байгаа. Баар, караокенээс өмнө сургуулиа нээдэг. Цаашид хуулийг сунгахад боловсролын талаар ямар арга хэмжээ авах вэ? ЭЕШ-ын 8 сар хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд 12 төгсөж, амьдралаа шийдэх гэж байгаа хүүхдүүд сэтгэгл зүйн маш хүнд байдалд байна. тэдэнд зориулж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажил хийгдэж байгаа юу? Бүхэл бүтэн 500 мянган орчим сурагчаас ЭЕШ авч байгаа БНСУ гэхэд 120 мянган хянагч зохион байгуулаад ковидоор өвдсөн, эрүүл, тусгаарлалтад байгаа бүх хүүхдүүдээ тусад нь зохион байгуулаад шалгалтыг нь зохион байгуулж байна. Энэ бол улс орны ирээдүйг тодорхойлж байгаа асуудал учраас энэ улсуудын жишгээс хараач ээ. Бид яагаад менежмент, төлөвлөгөөгүй ажиллаад шийдвэр гаргаад байна вэ?
Эрдэмтдийн багтаа стратегич хүн оруул л даа. Дан анагаахын хүмүүс биш стратегийг нь хэлээд өгөх хэрэгтэй. Ингэхгүй явсаар хамаг эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынханыхаа нурууг авч байна. Тиймээс хүч тарамдсан ажил хийгээд байна."
Түүний асуултанд салбарын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ч.Ундрам: Үндсэн суурь зарчмаа зөв болгоё
2021.12.23
Шайбтай хоккейн ахмадын УАШТ боллоо
2021.12.13
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27