МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.06.28
Эрүүл мэнд

Д.Өнөрболор: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл муу ажиллаж байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Засгийн газрын аль ч сайд нарын үгэнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнтэй болж байгаа, чадах чинээгээрээ ажиллаж байгаа гэж учирлан ярьж байна. Нэг талаар бол тийм. Гэхдээ амьдрал дээр болохгүй асуудал их байна. Энгийн жишээ хэлмээр байна. Ковид туссан иргэд айж сандарч байна, тусаад өрхийн эмч рүүгээ ярьж заавар зөвөлгөө авч хандаж байгаа. Өрхийн эмч нар асар их ачаалалтай, олон хүн залгаж стрессдэж байна. Утсаа авахгүй байна, авсан ч гэсэн хариу хэлж чадахгүй гэрээр байдлаа хар, эм уу гэхээс цаашгүй байдалтай байна. 

Эмний үнэ өнөөдөр гурван ам бүлтэй айл гэхэд хамгийн багаар бодоход сая гаруй төгрөг болж байна. Энэ асуудлаар 2 дахь удаа УИХ-ын чуулганаар ярьж байгаа. 

Монгол Улсын иргэн 1995 оноос хойш 25 жил ажилласан. Эрүүл мэндийн даатгалаа насаараа төлсөн. Өнөөг хүртэл төлсөн татвараа тооцон үзэхэд төрийн албан хаагч бол 60-100 сая төгрөг, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүн түүнгээс ч илүүг төлсөн байдаг. Эцсийн дүнд энэ аюултай үед даатгал төлсний ач холбогдол гарахгүй байна. Хүний амь үнэгүйдсэн байна. 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл муу ажиллаж байна. Иргэдэд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа таниулж, иргэдийн амьдралыг газар дээр нь судалж, тэдний дуу хоолой болох хэрэгтэй. 

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ