Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжив
2021.06.30
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) цахим хуралдаан 09.05 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж,  Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. 

Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар болон Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.    

    Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр зорилтууд туссан талаар дурдаад эдгээр зорилтуудын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажлыг хангаад байна гэв. 

    Төсөл нь Гудамж замуудыг цогц шинэчлэлт; Нийтийн тээврийн системийн шинэчлэл; Зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил; болон Магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төслийг Дэлхийн банкны группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100.0 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү нь LIBOR 6 сар 0.15 хувь  + хувьсах хүү 0.93 хувь  байх ба ашиглагдаагүй үлдэгдлийн нийт дүнд тооцох хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл жилийн 0.25 хувь, нэг удаа авах үйлчилгээний хураамж 0.25 хувь байна гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа. 

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс төслийн хүрээнд нийслэлийн хэдэн байршилд хэчнээн км зам барих, дөрвөн бүрэлдэхүүн хэсэгт хэчнээн төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөнийг тодруулахын зэрэгцээ шинээр баригдсан автозамуудын эвдрэлийн шалтгааныг лавласан.  

    Нийслэл хотын шинээр баригдсан авто замын эвдэрэлд технологийн хугацаа мөрдөхгүй, ус зайлуулах сувгуудын дутагдал, зөвлөх компанийн үйлчилгээ, хяналт сул зэрэг гурван хүчин зүйлс нөлөөлж байна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариулав.

    Төслийн хүрээнд нийслэлийн зургаан байршилд 35.5 км зам барих бөгөөд Нарны замыг зургаан эгнээ болгож өргөтгөх, зүүн, баруун чиглэлд шинэ зам барина. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөний замын 85 мянган машины ачаалыг бууруулна. Мөн Ханын материалын замыг зургаан эгнээ болгож өргөтгөх, Өнөр хорооллоос хойш Хувьсгалчдын гудамж хүртэл босоо тэнхлэгийн дөрвөн эгнээ зам шинээр барина гэдгийг Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх  Ч.Батзориг хариултдаа онцлов.  Мөн төслийн хүрээнд зарцуулах 100 сая ам.доллараас гэрлэн дохио, камержуулалтын цогц шинэчлэлтэд 20 сая,  автозам сайжруулахад 60 сая,  зөвлөх үйлчилгээ, хяналтад 10 сая, монголын талаас газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд 10 сая ам.доллар тус тус зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа. 

    Ингээд Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг  зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов. 

ШИНЭ МЭДЭЭ