Ч.Ундрам: Хүний хөгжлийг дэмжих нь хамгийн чухал байхад санхүүжилтийн 2-3 хувийг л тусгасан нь харамсалтай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Энэ асуудлыг дэмжихэд хүндрэлтэй байна. Нэгдүгээрт 2022 онд шаардлагатай хөрөнгийг зорилго, бүлэг бүрээр нь бүлэглээд нийлбэрийг гаргаж үзлээ. Ер нь шаардлагатай хөрөнгийн 85 орчим хувь буюу 8.5 их наяад төгрөгийг эдийн засгийн бодлогын бүлэгт энэ дундаа уул уурхай, газрын тос, нүүрс, химийн үйлдвэр, зэсийн баяжмал зэрэг чиглэлийн бүтээн байгуулалт руу зарцуулах юм байна. 18 гаруй хувь буюу 1.8 их наяад төгрөгийг эрчим хүчний найдвартай, тогтвортой байдлыг хангах зорилгоор зарцуулах юм байна. Үүнтэй харьцуулахаар хүний хөгжлийн бодлогод 290 гаруй тэрбум төгрөг. Ковид-19 цар тахалтай тэмцэхэд 3 хувь буюу 300 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Үүнийг хооронд нь харьцуулахаар газар тэнгэр шиг байна. Энэ ямар учиртай хөгжлийн төлөвлөгөө юм бэ?
Хөгжил хүнээсээ л эхэлнэ. Хүнээ эрүүл саруул байлгах байдлаас эхэлнэ. Мөн ХАА салбарыг Сэлэнгэ аймагт байгуулна гээд МАН-ын мөрийн хөтөлбөрт суучихсан. Энэ жил ТЭЗҮ нь хийгдэж байгаа ажлыг оруулна гэж н.Батжаргал дарга өөрөө надтай утсаар яриад амласан төсөл нь энд байхгүй байна. Ингэж хүн хуурч болдог юм уу? Үнэнг хэлэх хэрэгтэй. Харин боловсролд зарцуулж байгаа хувь нь ердөө 2.9 хувь байна. Бусад юм руугаа ихэнх мөнгөө тавьсан байна. Ковид-19 тай тэмцэх нь гуравхан хувь. Тийм учраас би дэмжих боломжгүй гэж үзэж байна.