МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.02
Гадаад харилцаа

Б.Баярсайхан: Гадаадад суугаа Монголчууддаа эргээд очих эх оронтой гэдгийг ойлгуулж ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Юуны өмнө Элчин сайдад нэр дэвшигчиддээ баяр хүргье. Онцгойлон нэр дэвшигчдийн 80 шахам хувь нь мэргэжлийн дипломат буюу МЕРИТ зарчмаар орж ирж байгаад баяртай байна. Урьд өмнө нь ийм өндөр хувиар дотроосоо дэвшиж байсан тохиолдол байхгүй. Үүнд Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг болон Төрийн нарийн бичгийн дарга Анхбаяр нарыг үнэлэх ёстой. Нөгөө талаар танай баг сүүлийн хоёр жилийн турш Гадаад харилцааг авч явж, ачааны хүндийг үүрэлцсэн дипломатуудаа. Тиймээс та бүхэнд талархал илэрхийлж байгаагаа илэрхийлье.

Би танай яамны тайланг уншсан. Хоёр талын болон олон талт олон уулзалт зөвлөгөө, арга хэмжээг зохион байгуулсан байсан. Тэгэхдээ та бүгдийн ажлын үр дүн, зохиосон арга хэмжээ, хамрагдсан хүний тоогоор хэмжихгүй. Үүнээс ямар үр дүн гарав, Монгол улсад улс төрийн болон эдийн засгийн ямар үр өгөөж өгөв гэдэг нь чухал асуудал. Гадаад харилцааг эдийн засагжуулах тухай олон жил ярьж байгаа. Шинэ Сайд болгонд л энэ захиасыг хэлээд явуулдаг. Өнөөдөр ч гэсэн олон гишүүн үүнийг дурьдаж байна.

Үүнийг хэрэгжүүлэх гурван чухал үүрэг байна гэж харж байна.

  1. Хөрөнгө оруулалтуудыг татах. Үүн дээр дотоодын компаниудаа дэмжих, тэднийгээ өмгөөлж, хамгаалдаг байх ёстой. Мөн гаднаас ямар хөрөнгө оруулах боломжтой байна үүний төлөө та бүхэн гуталынхаа улыг элэгдтэл зүтгэх ёстой гэж харж байна.
  2. Суугаа орноосоо болон хавсран суугаа орноосоо жуулчдыг ирүүлэх. Та нар одоо орж ирж байгаа жуулчдынхаа тоог нэг хараарай. Тэгээд энэ жуулчдын тоог өсгөхөд та ямар хувь нэмэр оруулав гэдгээ байнга дүгнэж, харах ёстой. Мэдээж эдгээр чиглэлүүдийг биелүүлэхдээ ёс зүйг эрхэм болгож, хувийн ашиг сонирхолоо умартаж, зүтгэх ёстой. Та нар амралтанд яваагүй, аялал зугаалгаар яваагүй, хууль бус наймаа хийх гэж яваагүй. Очсон хүмүүсийг саатуулах гэж, газарчилах гэж яваагүй гэдгээ алхам бүртээ санаж байх хэрэгтэй.
  3. Монгол Улсын Засгийн газар ядарснаа энэрэн хайрладаг төр байхаар заасан. Гадаадад байгаа Монголчууд маань бүгдээрээ сайн сайхан амьдралтай байна гэж би бодохгүй байгаа. Олон улсын хэллэгээр бол тэд маань эхний үеийн цагаачид буюу хамаг л хүнд хүчир ажлыг хийж, олсон хэдэн төгрөгнөөсөө эргүүлээд эх орондоо ямар ч татвар, шимтгэлгүй хөрөнгө оруулалт хийж байдаг гавъяатай хүмүүс юм.  Энэ хүмүүсийн зовлонг нь нимгэлж, өрийг нь дэвтээж, сэтгэлийг нь тайтгаруулж байдаг, ойрхон гэрийг нь санагдуулж байдаг газар бол Элчин Сайдын Яам байдаг. Төрийнхөө далбааг гадаанаа намируулаад иргэдээ хүлээж авдаг газар бол Элчин Сайдын Яам. Эргээд очих эх оронтой шүү гэдгийг нь тэдэндээ байнга сануулж байгаарай гэж захимаар байна. Гадаадад байгаа Монголчуудтайгаа дээрэнгүй харьцах, үл ойшоох, ялгаварлан хандах асуудал байж болохгүй. Ингэвэл та бүхний эргэн татагдаж хугацаа ойртож байгаа гэдгийг ойлгоорой гэж захимаар байна.

Боловсролын салбараа дэмжиж, ялангуяа хөгжингүй оронд очиж байгаа, томилогдож байгаа Элчин сайдууд маань Монгол хүүхдүүдийг гадаад оронд сургах тал дээр маш их анхаарч өгөөрэй. БШУ-ны яамтайгаа хамтран ажиллаарай. Мөн гадаадад байгаа Монгол хүүхдүүдийг эх хэл, соёлоо мартахгүй байхад нь та бүхэн санаачлагатай ажилж өгөөрэй гэж хүсэж байна. Ингээд нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчиддээ ажлын өндөр амжилт хүсье. 

ШИНЭ МЭДЭЭ