УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Монгол Улсаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай ажилд томилогдох гэж байгаа, сонгогдсон нэр дэвшигч нарт амжилт хүсэж, баяр хүргэе. Би бүгдийг нь дэмжиж байна.
Монгол Улсынхаа нэр төрийг дандаа өндөрт өргөж явах хэрэгтэй. Өөрийнхөө нэр төрийг бол бүр сайн бодож байх ёстой. Одоо бол эцэг, эхээс өгсөн нэрээр чинь биш Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гэсэн нэрээр дуудах болно. Тийм учраас энэ нэр хүндийг өндөрт өргөж, эх орноо сайн сурталчилж ажилламаар байна. Монгол Улсын нэр хүндийг тухайн оронд өндөрт өргөх ажил дээр онцгой анхаараарай.
Гадаад харилцааг амьд байлгаарай. Битгий унтаа байж, очоод шингээд, алга болж болохгүй. Эндээс томилогдохдоо баахан амлалт аваад явдаг очоод юу хийж байгаа нь тодорхойгүй байдаг. Ийм бүү байгаарай. Хөдөлгөөнтэй, санаачлагатай, бүх талын харилцаагаа урт хугацааны тогтвортой, найдвартай, эрх тэгш, ижил шийдвэрийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар өөрийн бүх авъяас билэг, мэдлэг оюун, хүч чадлаа дайчилж ажиллаарай гэж хүсэж байна. Би яагаад ижил түвшиний гэж яриад байна гэхээр, харилцан явахаар нөгөөдүүлдээ сайн болох гээд ижил түвшиний харилцаа алдагдаад байгаа юм шиг байдаг учраас үүн дээр сайн анхаараарай.
Гадаадад хоригдсон Монгол иргэдээ байнга эргэж тойрч байгаарай. Эрх нь зөрчигдсөн байгаа хүмүүсээ дандаа анхаарлынхаа төвд байлгаарай. Тэнд ажиллаж, тэдний иргэнтэй суусан, бизнес эрхэлж байгаа бүх иргэдээ нэгтгэж, Элчин сайдын яам дээрээ цуглуулдаг, уулзалт хийдэг, амьд харилцаа үүсгэдэг, тэд нараараа дамжуулж сурталчилгаа хийдэг амьд харилцааг бий болгоорой. Элчин сайд гэхээр бүх юмаа хаачихаад иргэдтэйгээ харилцах харилцаа нь байдаггүй. Бусад Элчин сайдын яамд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд бол нэг иргэн, ААН-ийнхээ төлөө, нэг бүтээгдэхүүн бий болгохын төлөө онцгой сайн явдаг юм билээ. Үүнийг л онцгой сайн анхаарах хэрэгтэй. Тэгж байж олон талын харилцаа хөгжих болно.