Л.Оюун-Эрдэнэ: Бид халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад том төслүүдээ урагшлуулах ёстой
2021.07.05
Орон нутгийн хөгжил

Л.Оюун-Эрдэнэ: Бид халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад том төслүүдээ урагшлуулах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг бүтээн байгуулалтын ажлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өглөө.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр (1,236 тэрбум доллар) хэрэгжиж буй бөгөөд жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Төсөл 5 ажлын багцаас бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Инженерчлэл, төлөвлөлт, зохион байгуулалт болон Технологийн бус барилга байгууламж барих ажлын гэрээ байгуулагдан бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр,  засварын цех, лаборатори, агуулахаас гадна Бор Хөөвөрийн говиос татах усан хангамжийн ажлыг цогцоор нь байгуулна. Уг бүтээн байгуулалтын дараа үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудыг барина.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх үүднээс ажилтнуудын орон сууцны хотхоныг Сайншандад барьж байна. 550 айлын уг хотхон нь оффис, хурлын танхим, хоолны заал, анхны тусламжийн төв, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зэргээс бүрдэх бөгөөд нийт 11 барилгаас бүрдэх ажээ. 

Одоогоор орон сууцны барилгын ажил 85 хувьтай байна. Өнгөрөгч зургадугаар сард эхний ээлжийн орон сууц ашиглалтад орох байсан ч цар тахлын улмаас хойшилжээ.

Эрдэнэт, Дархан, Хөтөл, Багануур зэрэг уул уурхай, үйлдвэр даган боссон хотуудын нэгэн адилаар Сайншанд ч тун удахгүй Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхтэй аж үйлдвэржсэн хот болон хөгжинө  гэж  гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Монгол Улсын түүхэнд үлдэх том бүтээн байгуулалтад гар бие оролцон, хүчин зүтгэж байгаа та бүхэнд Засгаас газраас талархаж буйгаа илэрхийлж байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тулсан амаргүй нөхцөлд байна. Энэ цаг үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан бүтээн байгуулалтыг урагшлуулж байгаа нь чухал хэдий ч та бүхний эрүүл мэнд юу юунаас чухал гэдгийг мартаж болохгүй гээд тэдний ажилд амжилт хүслээ.

Үүний дараагаар Ерөнхий сайд төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхний асуултад хариуллаа.

Замын-Үүд боомтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 30 хоногийн үүрэг өглөө. Энэ хугацаанд байдал дээрдэхгүй бол хариуцлага тооцно гэдгийг хэлсэн. Үүнд илүү тодорхой хариултыг сэтгүүлчид тодрууллаа.

  Цар тахлаас үүдээд Замын-Үүд, Гашуун сухайт боомт дээр хүндрэлүүд гарч байна. Үүнтэй холбоотой өмнө нь ажлын хоёр хэсэг гарч ажилласан. Үр дүнг нь үзэх гэж Замын-Үүд боомтод ажиллаж байгаа нь энэ. Монголын талд Хятадын талаас тавьж буй хэд хэдэн шаардлагыг богино хугацаанд биелүүлэх нөхцөл байдал үүсч байна. Энэ нөхцөлийг сайжруулах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томиллоо. Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын баг томилж ажиллахаар боллоо. Үр дүн нь наана гарна гэж итгэж байгаа ч 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Хоёр талд байгаа хилийн хяналтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ барьж Улаанбаатараас ирэх ачаа барааны халдваргүйтлийг хийх, ээлжийн жолооч нарын эрүүл мэндийн асуудал, вакцинжуулах зэрэг зайлшгүй хийх ажил байгаа. Энэ хугацаанд үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудал ярина гэж Засгийн газрын тэргүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.

Юун дээр алдаа гарсан гэж харж байна. УОК-ийн дарга сар орчмын өмнө ирж, хил нэвтрэх машины тоог 50 орчмоор нэмэгдүүлнэ гэсэн. Гэтэл одоо ч байдал хэвээрээ л байна?

-Гол зүйл цар тахалтай л холбоотой. Барааны гадаргуугаас үүдсэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан. Лабораторийн шинжилгээ хийсэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай ярьж байгаа. Ачаа барааны гадаргууг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах ёстой.

Ачаа тээврийн үнийн хөөрөгдөл бий болоод байна. Энэ асуудлаар АТГ-д хандсан гэж байсан. Энэ талаар тодруулъя?

-       200-250 машин өдөрт хилээр гардаг байсан боомт өнөөдөр 100 машин гээд хязгаарлалт тавьчихаар бөөгнөрөл үүсэж, эрэлт нийлүүлэлт зөрж үнэ өсөж байна. Дээрээс нь нугалаа үүсгэж байж магадгүй гэсэн мэдээлэл ирсний дагуу Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажиллаад мэдээлэл өгөөд явж байгаа. Энэ мэдээллийн мөрөөр Замын-Үүдэд ажиллалаа.

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил  нэг жилээр хоцорлоо гэдгийг удирдлагууд нь ярьж байна. Та ямар арга хэмжээ авна гэж төлөвлөж байна?

-       Зөвхөн Монгол биш дэлхий даяар цар тахалтай тулж байна. Нэг жил зогслоо. Тиймээс бид одоо ковидтой дасан зохицоод, сөрөөд, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад том төслүүдээ урагшлуулахгүй бол эдийн засаг хүндэрч, бүх улс оронд төсөв тасалдах хэмжээний хямрал үүснэ. Эхний шинж тэмдгүүд гарч байна. Тухайлбал, зогсонги байж байгаад гэнэт хөдөлгөөн орж, үйлдвэрлэл сэргээд ирэхээр бараа материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч байна.  Үүнийг хамтдаа даван туулах шаардлагатай. Газрын тосны үйлдвэр ч биш бусад бүтээн байгуулалт, олон төсөл цар тахлаас улбаалж нэг жил алдлаа. Ийм учраас эрчимтэй ажиллаж, анхаарал хандуулах ёстой гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ