2021.07.05
Хууль, эрх зүй

Н.Учрал: "Ковид"-ын хуулиар QR код уншуулж буй хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Тогтвортой хөгжлийн зорилт-2030 он хүртэлх баримт бичиг бол бий. Түүний 90 орчим хувь нь мэдээллийн технологиос шууд хамааралтай болсон. Энэ хамааралтай байлаас иргэд юуг шаардаж байна гэхээр мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах, өгөгдөлийг хоорондоо хэрхэн солилцох вэ гэсэн зохицуулалтуудыг улс орнууд өөр өөрсдөө хийгээд явж байгаа. Европын Холбоо бол өөрсдөө конвенцтэй, түүнд нэгдсэн орнууд нөхцөлүүдээ тохироод явж байгаа. Тэгэхээр манай улсад энэ бол шинэ хууль биш. Өмнөх хуулиар иргэн хүн өөрийнхөө мэдээллийг хамгаалдаг байсан бол энэ хуулийн гол онцлог бол төр мэдээллийг, хувь хүний нууцыг хэрхэн хамгаалах вэ гэдэг зохицуулалтууд туссан гэж ойлгож байна.

Ковид-19-ын хууль гэж үндсэн хууль шиг хууль байна. Энэ хуулийг ер нь хэрэгжүүлүүлэх үү? Одоо НЗД-ийн захирамж гаргаад иргэний үнэмлэхний QR кодоо уншуул гээд байгууллага бүрийн гадаа код уншуулж байгаа. Кодыг нь www.QRкод.мн сайтыг хувийн байгууллага ажиллуулж байгаа. Ингээд гуравдагч этгээдэд иргэдийн мэдээлэл очоод байна. Ковид-19-ын хууль үйлчилж байгаа учраас юм гэж хэлдэг. Энэ хуулийг баталдаг гэтэл Ковид-19-ын хууль  чинь дээр гарчихаад ингээд үргэлжлүүлээд байх уу? И-баримт, Иргэний үнэмлэхний QR код эдгээр мэдээллүүдийг иргэд хэрхэн хамгаалах вэ?

Аппликейшнүүдийг хэрэглэхэд terms of condition гээд маш урт заавар байдаг. Үүнтэй адил энэ хуульд эрх үүргийг маш тодорхой бий болгож иргэд тийм гэж кноп дарахдаа, яагаад дарж байгаа гэдэг талаар ойлголттой болох ёстой учраас хуулиараа үүнийг нээж, журамлан зохицуулах ёстой байгаа юм. Үүнийг ажлын хэсэг нилээн олон талаас анхаарч ажиллах хэрэгтэй.

Түүний асуултад ХЗДХ Яамны Сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ