МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Цогтгэрэл гишүүн "UBC brand" бүтээгдэхүүнүүдийг онцолж байна
2021.07.05
Орон нутгийн хөгжил

О.Цогтгэрэл гишүүн "UBC brand" бүтээгдэхүүнүүдийг онцолж байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл яаж иргэдээ орлогожуулж, ажлын байрыг дэмжих вэ? агуулгаа тойроод, UBC brand-ынхаа хөгжлийн хүрээнд тариалагч, үйлдвэрлэгчдийнхээ төлөөлөлтэй уулзлаа.

Үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх өргөн цар хүрээг хамран ажиллах "UBC brand" ХК-ийн ажил эхэлж, үр ашиг, үнэ цэнийг нь үйлдвэрлэгч, тариаланчдад түлхүү үлдээх, бүтээгдэхүүнүүдээ улсад, олон улсад брэнджүүлэн хүргэх гарц, шийдлүүдээ тойрон ярилцжээ.
Тэрээр амаргүй ажил ч үр дүн рүү зорин бага багаар ахиж, сар сараар урагшлахаар ЦУГтаа оролдоод үзэцгээе хэмээн урам өгсөн юм.

Мөн О.Цогтгэрэл гишүүн UBC Brand-ийн хэд хэдэн бүтээгдэхүүнийг онцлон өөрийн цахим хуудаснаа мэдээлэл оруулсан байна. үүний нэг нь өндөр уулын хад асганд хосоороо ургах Вансэмбэрүү цэцгээс гаргасан бал байж болох гэж үзэж зөгийн балаа байршуулахаас эхлүүлэн ажлууд үргэлжилж байна.

Арчилгаа, тордолгоо ихтэй, аашийг нь олж харьцах шаардлагатай, стандартын дагуу ажиллах ёстой амаргүй ажил ийнхүү эхэллээ.
Сагил, Ховд сумд тийш зөгийн туршлага бага ч, өөрийн гэсэн үнэ цэнэтэй, өвөрмөц ялгаралтай бүтээгдэхүүн гаргахаар Ч.Чимэд, Л.Арцанхүү, Ц.Цэрэндолгор дарга тэргүүтэй Увс аймгийн брэндийн зөвлөл, Шинэ Хөдөө Увс төслийн багийнхан ажиллаж байна. Хэрэглэгчийн ой тоонд үлдэж хоцорч, эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн гаргахын тулд энэ мэт олон ажлууд хийгдэнэ. Бага багаар ахиж, өдөр өдрөөр урагшилсан багагүй цаг хугацаа, чамгүй хөдөлмөрийн дараа эхний үр дүнгүүд үзэгдэж эхэлжээ хэмээн бичжээ.

Тэрээр Вансэмбэрүү зөгийн балыг гаргах энэ ажил шиг бусад одоогийн бүтээгдэхүүнээ ахин нягтлах, огт байгаагүй шинэ бүтээгдэхүүнийг бий болгох гээд нийлүүлэлтээс хэрэглэгч хүртэлх бүх үе шатыг хамруулан цогцоор нь харж иргэдийн орлогод хувьсгал хийж, шинэ боломжуудыг гаргахаар оролдож буй #Шинэ_Хөдөө_Увс төсөл, UBC brand санаачилгын хүрээнд хэрэгжиж буй ажлуудынхаа явцыг эргэж, зүтгэх зүг чиг, ойрын ажлуудаа тойрон ярилцахаар тойрог руугаа, багийнхан руугаа хөдөлж явна хэмээн бичжээ.

Гишүүний дараагийн онцолсон бүтээгдэхүүн бол Увсын цагаан улт гутал. Энэ нь Увсдаа, бүсдээ, улсдаа алдартай брэнд бий. Удахгүй уг гутлын "сезон" эхэлнэ. Одоогоор нийлүүлэлт бага учраас зүүн тийш хийгээд нийслэл рүү хүрдэг "зам" бага.

Ахуй соёл адил, Тува, Өвөр Монгол руу хүртэл авах хэрэглэгчид ч бий. Ийм учраас энэ бүтээгдэхүүнд боломж бий гэж хардаг. Нэг ч биш нилээн хэд дахин өсч болно гэж үздэг. Энэ оны улсын төсөвт "Цагаан ултай гутлын кластер төвийн ТЭЗҮ, зураг төсөв" хийх ажлыг суулгасныг орон нутаг, хариуцсан хүмүүс нь гүйцэтгэл хэрэгжилтийг хариуцаад явж байгаа. Уллагааны технологи дээр уламжлалыг орчин үежүүлэх шийдэл хайж, улсдаа хүртэл гарах стандартыг гаргуулж, савлагаа дизайн дээр хүртэл санаачилга гаргаад эхний ажлууд эхэлж буй нь энэ буюу хэмээн онцолжээ.

Дараагийн Увсаас гарч улсын, олон улсын брэнд болох бүтээгдэхүүнүүдийн нэг бол арвай. Шинэ Хөдөө Увс төслийн хүрээнд үрийн дэмжлэг үзүүлснээр өнөө жил гарц нэмэгдэнэ. Үүнийг дагаж борлуулалтаа хэд дахин нэмэх шаардлага зүй ёсоор үүссэн. Энгийн уламжлалт хэрэглээнээс гадна илчлэгийг тохируулан эрүүл мэндийг дэмжих, жингээ барих, хасахад чиглэсэн Хархираа өтгөрүүлсэн арвайтай цай. Ашигт шинжүүдийг нь ахиулан таниулах, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэ мэт хэд хэдэн төрлийн хөгжүүлэлтийн ажлыг манай UBC brand-ийн залуус хийж байна

хэмээн бичжээ.

Дээрх таатай мэдээ шиг иргэдэд загас өгөх биш харин загас барих аргын дэмжсэн бодлого хэрэгжиж, аймаг сум бүр өөрийн онцлогтоо тохирсон  нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, хөгжүүлж чадвал иргэд нь орлоготой, ажилтай эдийн засаг нь дээшилсэн өөдрөг ирээдүй харагдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ