МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Загастайн давааны ЗОРЧИХ ХЭСЭГ нээгдлээ
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
2021.07.22
Зам, Тээвэр

Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Загастайн давааны ЗОРЧИХ ХЭСЭГ нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох дуусгах зорилтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 132 дугаар тогтоолоор Завхан аймгийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын төсөл БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн 20.9 сая ам долларын хөрөнгөөр баригдаж байгаа билээ.

Загастайн даваа нь Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа юм. 2008 оноос хойш гүйцэтгэгч нь хэд хэдэн удаа солигдож олон Засгийн газар дамжиж буй авто замын ажил юм. Олон жил Завханы ард иргэдийг хүлээлгэж байгаа авто замын ажил дуусахад өмнөх зураг төслийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсч нэмэлт 6.1 тэрбум төгрөгний санхүүжилт шаардлагатай болсон.

Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд 2021 оны улсын төсөвт санхүүжилтийг тусгуулж чадсан бөгөөд замын ажил тасралтгүй явагдахад онцгой анхаарч ажиллаж байна.

Өчигдөр 2021 оны 7 сарын 20-ны өдөр Загастайн давааны замын зорчих хэсэг бүрэн нээгдлээ.

Замын ажлын явцтай УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Завхан аймгийн засаг дарга Д.Түвшинжаргал нар очиж танилцлаа. Зам барилгын нийт гүйцэтгэл 83 хувьтай явагдаж байна. Замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Чайна Коммуникайшн Констракшн” ХХК, хяналтын зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Арж Роуд” ХХК, “Түм Арвижих” ХХК-ийн 3 үйлдвэр, 50 машин техник хэрэгсэл, 120 гаруй замчид ажиллаж байна. Загастайн давааны авто замын барилгын ажлыг гэрээний дагуу 2021 оны 10 сарын 30-ны өдөр бүрэн хүлээлгэн өгнө.

ШИНЭ МЭДЭЭ