МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хаврын чуулганы хугацаанд 26 хуулийн төслийг хэлэлцүүлэн, батлуулав
2021.07.23
Хууль, эрх зүй

Хаврын чуулганы хугацаанд 26 хуулийн төслийг хэлэлцүүлэн, батлуулав

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо хүн амын хөгжлийн бодлого, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол сургалт, жендерийн тэгш байдлыг хангах болон эрүүл мэндийн бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх, холбогдох асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг, чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллав.

Хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт: 

Хаврын чуулганы хугацаанд 13 удаа хуралдаж, 47 асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 13 удаа хуралдаж, давхардсан тоогоор 47 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий гурван ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгүүд дөрвөн удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга хоёрыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар 32 хуулийн төсөл, Улсын Их Хурлын долоон тогтоолын төсөл хэлэлцэж, харьяа байгууллагын тайлан зургаа, албан тушаалтныг чөлөөлөх, томилох тухай санал, дүгнэлт хоёр, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт дөрөв, анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлт тав, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулга дөрвийг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төсөл 26, Улсын Их Хурлын долоон тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлууллаа

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар: Хаврын чуулганы хугацаанд тус Байнгын хороо Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай”, “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.

Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлт гарган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ.

Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ хүргүүлэв

Бусад байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлтийн талаар: Байнгын хороо дараах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэв. Мөн “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэв.

Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцины хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар зөвлөмж хүргүүлэв

Хяналт шалгалтын ажлын талаар: Байнгын хороо 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Засгийн газрын 10 дугаар тайланг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар Засгийн газрын тайланг тус тус сонсож Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлэв. Мөн Коронавируст халдварын дэгдэлтэй холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээллийг сонсож Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн бол 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонслоо.

Түүнчлэн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа тус тус сонслоо. 2021 оны долоодугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав.

“Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё”  цахим уулзалтыг зохион байгууллаа

Бусад ажлын чиглэлээр: Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн нарын санаачилгаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Эрүүл мэндийн яамтай хамтран 2021 оны гуравдугаар 30-ны өдөр “Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсоё”  цахим уулзалтыг зохион байгууллаа. Уг цахим уулзалтад 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

Мөн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд “Айвико” тарилгын шингэний үйлдвэр болон “Мерит” эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнууд болон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэх, уламжлалт эмийн болон импортыг орлох зайлшгүй шаардлагатай эмийн үйлдвэрлэл, экспортыг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцов.

Нийгмийн бодлогын байнгын хороо

ШИНЭ МЭДЭЭ