МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бат-Эрдэнэ: Аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдаж үнэ нэмээгүй болохыг тогтоосон
2021.07.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Бат-Эрдэнэ: Аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдаж үнэ нэмээгүй болохыг тогтоосон

ШӨХТГ-ын дарга Б.БАТ-ЭРДЭНЭЭС зарим зүйлийг тодрууллаа.

-Хэчнээн аж ахуйн нэгж, импорт эрхлэгчдэд хяналт шалгалт явуулсан бэ?

-Автобензин, дизелийн түлшнээс дээж авах ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авсан. Үүний шинжилгээний сорилтын үр дүнд хийсэн дүгнэлтээр 56 дээж буюу 76 хувь нь стандартын шаардлага хангахгүй байна. Сорилтын үр дүнгийн дүгнэлтээр 25 аж ахуй эрхлэгч зөрчилтэй гарсан.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу есөн сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрийг гаргасан.

-УУХҮЯ-д ямар санал хүргүүлж байгаа вэ?

-2018,2020, 2021 онд хийсэн чанарын шалгалтад үндэслэн давтан зөрчилтэй гарсан компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ, АМГТГ-т хүргүүлнэ. 2020 оны хоёрдугаар сард МХЕГ-аас УУХҮЯ-нд зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн албан шаардлага хүргүүлсэн ч энэ ажил одоог хүртэл яаманд хийгдээгүй байна. Тиймээс бид мөн албан шаардлагыг яаманд хүргүүлсэн.

-Шатахууны үнэ огцом нэмэгдсэн, үүнд ямар нэгэн тайлбар байна уу?

-Шатахуун түгээгч аж ахуйн нэгжүүд долоодугаар сарын 1-8-ны хооронд үнээ нэмэх тушаал гаргасан.

 УУХҮЯ, АМГТГ-аас ирсэн мэдээллийн дагуу дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдсэн учраас аж ахуйн нэгжүүдэд үнэ нэмэх зөвшөөрлийг олгосон болохоор тэд үгсэн хуйвалдаж үнэ тогтоогоогүй. Түүнчлэн одоогийн байдлаар Монгол Улсад хуурамч шатахуун тогтоогдоогүй.

Олон улсад шатахууны чанарыг шалгадаг 18 үзүүлэлт байдгаас Монгол Улс өнөөдөр 14 үзүүлэлтийг л шинжилж чадаж байгаа. Эдгээр зөрчил илэрсэн есөн үзүүлэлт байна. Ганц зөрчилтэй компани огт байхгүй ч доод тал нь хоёр зөрчилтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ