Замын -Үүд боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг шаардав
2021.07.30
Гадаад харилцаа

Замын -Үүд боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг шаардав

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай орны стратегийн чухал ач холбогдол бүхий хилийн боомтууд болох Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж буй.

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явцыг шалгалаа. Төслийн хүрээнд нийт 33.7 га талбайд зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 30, ачаа тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 28 барилга байгууламж болон дэд бүтэц, хүнд даацын 1,4 км авто замын ажлууд хийгдэхээс гадна инженерийн шугам сүлжээ төвийн шугамд бүрэн холбогдох юм.

Замын-Үүдийн боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар  суудлын 4000 автомашин, том оврын 500 гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэнэ. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв, ачаа тээврийнх гурав дахин нэмэгдэх юм.


2019 оны есдүгээр сард эхэлсэн барилгын ажил өдгөө 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба Ковид-ын нөлөөтэй олон шалтгааны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 20 гаруй хувиар хоцорч байгаа аж. Тухайлбал, хил хаалттайн улмаас барилгын материалын нөөц хангамж тасалдсаны зэрэгцээ боловсон хүчний асуудал үүсчээ. Засгийн газрын 2020 оны 168 дугаар тогтоолоор тус төслийн гадаадын ажиллах хүч 510 байхаар шийдвэрлэсэн ч, одоогоор төслийн талбайд 89 хятад, 40 гаруй монгол ажилтан ажиллаж байна.

Төлөвлөгөө ёсоор Замын-Үүдийн боомтын өргөтгөл 2022 онд ашиглалтад орох боловч хугацаандаа амжихгүй тул гэрээг сунгах саналаа илэрхийлэхэд нь Шадар сайд “Боломжгүй” гэлээ. Ачаа тээврийн хэсгийг энэ оны аравдугаар сард, зорчигч тээврийн хэсгийг арванхоёрдугаар сард ашиглалтад өгөх бэлтгэлээ ханган шахаж ажиллахыг даалгалаа.

Боомтуудын өргөтгөлтэй холбоотой Авто замын барилгын ажилд шаардагдах ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫГ АШИГЛАХ Засгийн газрын тогтоол гаргуулах, төслийн ажилд ашиглах бараа материалыг ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД, ГАНЦМОД-ГАШУУНСУХАЙТ БООМТ, ХОТ, СУМ ХООРОНД ТЭЭВЭРЛЭЛТИЙН асуудалд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээ Шадар сайд энэ үеэр уламжилсан юм.

ШИНЭ МЭДЭЭ