УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав
2021.08.03
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, Монгол-Кубын парламентын бүлгэмийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2021.08.03) Монгол Улс дахь Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Раул Дэлгадо Консепсион хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Куба, Монгол улсын дипломат харилцаа амжилттай өргөжин  тэлж байгааг дурьдаад, цаашид улам бэхжүүлж, хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ. Мөн Куба Улсыг байнга дэмжиж ирсэн Монгол Улсын парламентад талархалаа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн Куба Улсын Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж, вакцинжуулалт амжилттай явагдаж байгааг дуулгалаа. Мөн тэрбээр, Ковид-19 болон эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай байгаа энэ үед аялал жуулчлалын салбараа дэмжиж, улсынхаа хилийг нээлттэй байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Куба Улс бусад улс оронд халуун гараа сунган тусалдагт талархал илэрхийлэв. Тухайлбал, манай улсын оюутнуудад урт хугацаанд тэтгэлэг олгож боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж байгааг онцлон хэллээ. Цаашид Куба Улсад сурч буй оюутнуудынхаа нийгмийн асуудлаар илүү анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтаар талууд улс төр, эдийн засаг, хоёр орны хамтын ажиллагаа, боловсрол, эрүүл мэндийн салбарын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ