Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно
2021.08.31
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар танилцуулга хийлээ. Соёлын сайдын тушаалаар Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, нийслэл болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулсан юм.

Шалгалтаар музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын системтэй харьцаж ажиллах чадвар сул зэргээс үүдэн соёлын эсрэг гэмт хэрэг зөрчил гарч байгаа нь тогтоогдсон байна. Мөн сүүлийн жилүүдэд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тул хууль сахиулах байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгж байгуулж ажиллуулах шаардлагатай зэрэг дүгнэлт гарчээ.

Иймд төрийн болон орон нутгийн өмчийн музейн дохиолол, хяналтын камерын системийг шинэчлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн нэгж байгуулах талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.

ШИНЭ МЭДЭЭ