Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталлаа
2021.08.31
Барилга, Хот байгуулалт

Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

НИТХ-ын YIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутагт байрлах 210 га талбайд баригдах орон сууцны YII хорооллын  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай, газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай хэлэлцэж, Улаанбаатар хотын хэмжээнд “Коронавирус цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” мэдээллийг сонслоо.

Орон сууцны YII хороолол буюу Ногоон нуур орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг анх 2003 онд боловсруулж, 2008 онд тодотгон баталсан бөгөөд 2013 оноос гэр хорооллыг дахин төлөлтийн төсөлд оруулсан  байна. Тус хорооллын 22 байршилд есөн хэсэгчилсэн талбайг барилгажуулахаар “Премер”, “Бэрэн групп”, “Монтед” зэрэг таван компани тендерт шалгаран ажиллаж эхэлжээ. Долоон хэсэгчилсэн талбайд барилга барихаар гэрээ хийсэн “Баярс констракшн”, “Асар өргөө”, “Заг” компаниудын хувьд хууль журамд заасны дагуу үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалжээ.

Тус хороололд амьдрах оршин суугчдын тоог 2030 онд 38.5 мянгад хүрнэ хэмээн тооцоолж байсан бол 2019 онд 30.4 мянган иргэн оршин суух болжээ. Нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтийн хувьд ч 2030 он гэхэд 3700 хүүхдийн цэцэрлэг төлөвлөснөөс 2019 онд 1312 хүүхэд улсын цэцэрлэгт, 120 хүүхэд хувийн цэцэрлэгт хамрагдаж, хэрэгжилт 35 хувь байна. Ерөнхий боловсролын сургуульд 9545 хүүхэд сургахаар төлөвлөснөөс 7685 сурагч улсын сургуульд, 650 сурагч хувийн сургуульд суралцаж, хэрэгжилт 85 хувьтай байгаа юм. 339 ор бүхий эмнэлэгтэй байхаар төлөвлөснөөс 120 ор бүхий улсын, 180 ортой хувийн эмнэлэг иргэдэд үйлчилж буй аж.

Архитектур орон зайн барилгажилтын 18 хувь, гудамж зам талбайн 42 хувь, цахилгааны сүлжээ 31.2 хувь, холбоо мэдээллийн сүлжээ 90 хувь, ногоон байгууламж 18 хувийн биелэлттэй байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулсан юм. Одоо ажиллаж буй компаниудаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй нь 80.5 хувьтай байгаа аж. Ийнхүү YII хорооллын гүйцэтгэл дунджаар 47 хувьтай байгаа тул хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах шаардлага тулгарсныг холбогдох албаныхан тодотгож байлаа.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс хорооллын бүтээн байгуулалт удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж, цаашид зохих норм, стандартын дагуу түргэн шуурхай барьж байгуулах шаардлагатай байгааг онцолсон юм.  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хууль эрх зүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан цогц асуудал гэдгийг дахин сануулаад, Орон сууцны YII хороолол буюу Ногоон нуур орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталж, НИТХ-ын тогтоол гаргалаа.

Туулын эх болон Заан, Тэрэлж гол орчмын 145 га газрыг хамгаалалтад авав

НИТХ-ын YIII хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Минж нутагшуулах төв” орчмын нутаг дэвсгэрийг орон нутгийн хамгаалалтад авах тухай байлаа. Өлийн давааны өмнө хэсэгт байрлах Минж нутагшуулах төв орчмын нутаг дэвсгэрийг хамгаалалтад авснаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны нөөцийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр танилцуулгадаа дурдсан юм.

Туул голын эх орчимд анх 2012 онд ХБНГУ-аас 13 бодгаль буюу долоон бүл минж, ОХУ-аас  30 бодгаль буюу 15 бүл минж авчирч Туул голын эх орчимд болон Заан, Тэрэлж голд нутагшуулсан байна. Одоогийн байдлаар минжийг долоон га газарт нутагшуулж буй бөгөөд цаашид газар нутгийн хэмжээг 145 га болгон нэмэгдүүлж, цүнхээл үүсгэн минж үржүүлэхийн дээр  газар нутгийг нь орон нутгийн хамгаалалтад авч, эко аяллыг хөгжүүлэн, Экологийн боловсролын цогц төв байгуулахаар төлөвлөөд байгааг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулсан юм.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс  Туул голын эх болон Заан, Тэрэлж гол орчмыг минж үржүүлгээр дамжуулаад хамгаалж байгаа нь сайн хэрэг хэмээн сайшаагаад гол мөрний эхийг хамгаалах, аялал жуулчлалын маршрут гаргах, экологийн боловсрол олгох зэргээр ажиллах нь зөв гэдэгтэй олонх нь санал нэгдсэн юм. Зарим төлөөлөгчийн зүгээс экологийн боловсролын төв байгуулах нэрээр барилга байшин барьж, эдлэн газар болгочих вий, торон хашаагаар хашсан иргэдэд хаалттай орчин бий болгох вий, аялал жуулчлал нэрийн дор хориотой анчид, хууль зөрчигчид нэвтэрч  зорьсон зорилго гажуудуулсан зүйлс гаргуузай  зэрэг болгоомжлолыг ч мөн хэлж байлаа. “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” НИТХ-ын тогтоолыг 36 төлөөлөгчийн 92 хувь нь дэмжлээ.

“Ковид-19” цар тахлын дельта хувилбарын хүндрэлээс сэргийлэн ажиллаж байна

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “Коронавирус цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай”   Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал  хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис танилцуулсан юм.

Наймдугаар сарын 30-ны байдлаар цар тахлын нийт батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 127.531, үүнээс хүүхэд 3161, жирэмсэн эмэгтэйчүүд 3022 бүртгэгджээ. Эмнэлэгт 4743 иргэн, гэрээр болон тусгаарлах байранд 7047 иргэн эмчлүүлж байна. Эдгэрсэн 112.002 хүн байгаа аж.

“Ковид 19” цар тахлын дельта хувилбар харанга дэлдэж байгааг Р.Чингис дурдаад, бусад аймаг орон нутагт 50-70 хувийн аюул учруулж буй дельта вирус нийслэлийн хэмжээнд нийт өвдсөн хүмүүсийн 30-40 хувьд илэрч байгааг онцлов. Тиймээс аюулт өвчнийг даван туулах ажлын хүрээнд энгийн нөхцөлтэй 8255 ор, эрчимт эмчилгээний 238 ор, нийт 8491 ор дэлгэн ажиллуулахад бэлджээ. Яармаг дахь нийслэлийн шинэ захиргааны байранд 145 ор дэлгэн, тус байрны улаан бүсэд 18 эмч сувилагч ажиллаж буй юм.  Нийслэлийн зүгээс ковидын дараах сэргээн засах эмчилгээнд онцгойлон анхаарч байгаагаа онцгойлон дурдсан.

ШИНЭ МЭДЭЭ