МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Төр хэзээ ч ААН-үүдийн өрсөлдөгч байж болохгүй
2021.09.02
Эдийн засаг, Худалдаа

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Төр хэзээ ч ААН-үүдийн өрсөлдөгч байж болохгүй

Эх сурвалж: Өдрийн сонин     Сэтгүүлч: П.Батзаяа

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй төрийн үйлчилгээг цахимжуулахад мэдээлэл технологийн компаниуд болон төр, хувийн хэвшлийн оролцооны талаар ярилцлаа.


-Та ШӨХТГ-ын даргаар томилогдохоосоо өмнө ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тухайн үед Цахим бодлогын түр хороо байгуулагдаж мэдээлэл технологийн салбарт тулгамдаж байгаа асуудалд нэлээд анхаарал хандуулж ажиллаж байсан. Одоо ч ШӨХТГ-тай Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтарч ажилладаг шүү дээ. Төрийн үйлчилгээг цахимжуулах тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-ШӨХТГ–аас Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч ажиллаад жил гаруй хугацаа болж байна.

Тус холбоонд программ хангамж үйлдвэрлэгчид болон мэдээлэл технологийн компаниуд нэгдсэн байдаг. Ер нь бол 2018 онд намайг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байх үед УИХ дээр Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг, Засгийн газар дээр мөн ажлын хэсэг байгуулагдаж байсан. Тухайн үед Н.Учрал, Ж.Энхбаяр нарын гишүүд болон Засгийн газрын түвшинд ЗГХЭГ-ын дэд дарга гээд над дээр энэ асуудал орж ирж байсан.Энэ үед мэдээлэл технологийн салбарт 250 гаруй сая ам.доллар эргэлддэг мөртлөө аж ахуйн нэгжүүд буюу тухайн IT компаниудаа дэмжих тогтолцоо, систем ажилладаггүй гэсэн асуудал яригддаг байсан. Энэ асуудал одоо ч мөн яригдсаар л байгаа. Уг нь 2018 оноос авахуулаад аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдэд хамгийн их саад, дарамт болдог зөвшөөрлийн тоог цөөлөх,ААН-ийг дэмжих, төрийн системийг цахимжуулах гэх мэт маш олон үйл ажиллагааг төлөвлөж ирсэн. Төрд байдаг иргэний мэдээллийг төр иргэнээс нэхэхээ больё гэдэг асуудал ч байсан. Тухайн үед “ХУР”, “ДАН” гээд хоёр ч том дэвшилтэт ажил хийгдсэн. Энэ бол ерөөсөө л ард иргэдийн төлөө, ААН, бизнес эрхлэгчдийн төлөө систем байхгүй юу.

-Энэ систем өнөөдрийг болтол нэгдсэн нэг стандарттай болж хараахан чадаагүй байгаа нь асуудал дагуулж байх шиг. Хэдэн жилийн өмнө төрийн байгууллага бүр өөр өөрсдийн дураар үйл ажиллагаагаа цахимжуулж байсан шүү дээ?

-Энэ асуудлыг бид тухайн үед ярьж байсан. Таны хэлж байгаачлан хэдхэн жилийн өмнө яам, тамгын газар бүр дэргэдээ мэдээлэл технологийн хэлтэстэй байсан. Тиймээс энэ алба, хэлтсүүдийг татан буулгах, IT компаниудын бэлдсэн боловсон хүчинг төр цалингаар зодож булааж авдаггүй байх, хувийн хэвшлээ төр бодлогоор дэмжих үүднээс төр мэдээлэл технологийн программ хийх гэх мэт ажлуудаа тэдэнд шилжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар шийдвэрлэх гээд шийдлүүд явж эхэлсэн.

Төр стандартаа л батлаад өгчих хэрэгтэй. Бусдыг нь хувийн хэвшил хийг гээд. Учир нь төрийн үйл ажиллагаа нэгдсэн нэг систем, стандартгүй байна гэдэг асуудал үүссэн. Төрийн байгууллагууд өөр өөрсдийн дураар мэдээлэл технологийн компаниудаар нэг нэг юм хийлгэчихдэг, гэтэл нэгдсэн системд оруулах гэхээр үндсэн код нь таардаггүй. Ийм асуудлууд байсан. Тиймээс Монголын мэдээлэл технологи, IT-гийн салбар цаашид яаж хөгжих юм бэ гэдэг асуудал энэ үеэс эрчимтэй яригдаж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа бол 2018 онд “Data center”, эмнэлгүүдтэй холбоотой хэд хэдэн асуудлыг илрүүлсэн. Тухайлбал, биткойн олборлолтын төв байгуулсан, 30 гаруй өрхийн эмнэлэгт биткойн олборлож байсан гэх мэт маш олон асуудал хөндөгдөж байсан.

-Төрийн үйл ажиллагааг иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх тал дээр мэдээлэл технологийн компаниудтай төр хамтарч ажиллах ёстой гэж та хэлж байсан. ШӨХТГ-ын хамт олон хэд хэдэн үйлчилгээндээ мэдээлэл технологийн хөгжил дэвшил ашиглаж байгаа гэж сонссон юм байна. Тэдгээрээс товчхон дурдвал?

-Нэгдүгээрт, ШӨХТГ хувийн хэвшлийн хийх ажлыг хийж төрийн мөнгийг зарлагадаагүй гэдгийг хэлмээр байна. Бид цэвэр бодлогын түвшинд эдийн засаг болон зах зээлийн нөлөөллийг судалсны үндсэн дээр мэдээлэл технологийн компаниудад санал тавьж хамтран ажиллаж байгаа. Тухайлбал: “Зах зээлийн үндсэн зарчимд оруулахын тулд биржийн арилжаа буюу таваарын биржийг Монголд хөгжүүлэх ёстой юм байна” гэж үзсэний үндсэн дээр таваарын биржийн системийг ICT групп хийж байна. Мөн UbCall компанитай хамтраад Шилэн СӨХ буюу СӨХ-ийн нэгдсэн системийн ажлыг хийсэн. ГЕГ-тай хамтраад хилээр орж ирсэн импортын автомашины мэдээллийг оруулдаг боллоо. Мөн конторын системийг цахим болгох тал дээр ажиллаж байна.

Өмнө нь “халуун усны температур хэдэн хэм байна, дулааны температур хэдэн хэм байгааг тухайн байр дээр очиж мэддэг байсан. Тэгвэл одоо тухайн конторуудын үйл ажиллагааны ажилтан хянах самбараа харж байгаад аль байрны дулаан бага байна, хэм нь хэд байна гэдгийг автоматаар тохируулж эхэлсэн. Аажимдаа энэ юуны эхлэл вэ гэхээр усны төлбөр төлөөгүй айлуудын усыг заавал очиж хаах биш, ус алдчихвал заавал гэрт нь орох систем биш, нэг товчлуур дараад хаачихдаг хэлбэр рүү л оруулахаар “Батдулаан” ХХК системийг нь хийчихээд, яаж бүх конторуудад нэвтүүлэх вэ гээд ажиллаж байна.

Үүнийг бид дэмжиж ажиллаж байгаа. Энэ бүхнээр юу хэлэхийг хүссэн бэ гэхээр төрийн зохицуулалт гэдэг бол ААН, бизнесийг дэмжих систем дээр ажиллах ёстой. Түүнээс биш ААН, бизнес эрхлэгчдийн бизнесийг төр булааж авдаг систем ерөөсөө байж болохгүй. Ярилцлагын эхэнд дурдсан 250 сая ам.доллар бол Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо юм уу, эсвэл IT мэдээлэл, технологийн салбарт ажиллаж байгаа компаниудыг дэмжих системд л зориулагдах ёстой.

-Тэгэхээр манай улсын төрийн зохицуулалт мэдээлэл технологийн салбараа дэмжих бодлогоо тодорхой болгоогүй байна гэж та үзэж байна уу?

-Төрийн байгууллага, албан тушаалтнууд нэг зүйлийг яс махандаа тултал ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр стандарт тогтоож өгөх, норм нормативыг тогтоож өгөх, техникийн шаардлагыг нь тодорхой болгож өгөх, бодлогоор дэмжих юм.Хувийн хувшлийн хийх ажлыг төр хийгээд хэрэггүй. Булааж аваад байх шаардлагагүй. Ингэхээр л буруу болчихож байгаа юм. Тухайлбал, ШӨХТГ төрийн байгууллагуудтай холбоотой гомдлыг ГЭРЭГЭ системээр дамжуулаад хүлээж авч байгаа.

Гэрэгэ киоски автомашин байрлаж байгаа нэг цэгийн үйлчилгээний байршлаас төрийн албан хаагч, төрийн байгууллагуудтай холбоотой гомдлыг ШӨХТГ хүлээж авах системийг бүрдүүлж өгсөн. Давуу тал нь төр иргэн, аж ахуй эрхлэгчдэд өрсөлдөөнийг хязгаарлах, боомилох үйлдэл гаргаж байгаа эсэхийг тэдний гомдлоор мэдээд авчихна. Иргэн гомдол мэдүүлснээр ямар нэгэн төлбөр төлөхгүй тохиргоотой.Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудтай холбоотой гомдол ирнэ гэдэг бол манайд өндөр ач холбогдолтой асуудал. Тэгэхээр бид ерөөсөө л хувийн хэвшлүүдийг дэмжих системийг л хийх ёстой.

-Энэ системийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар гэх мэт холбогдох байгууллагууд нь хийх ёстой байх л даа?

- Харилцаа холбооны зохицуулах хороо бол Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилт, харилцаа холбоонытухай бүхий л хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Манай улс интернэтээ импортоор авдаг. Тэгвэл Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын үндсэн чиг үүрэг бол интернэтийг хэрхэн гаднаас олон сувгаар хүлээн авч, тухайн зах зээлийн нийлүүлэлтийг хэрхэн ихэсгэх вэ, ямар боломжийг бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүддээ гаргаж өгөх вэ үнийг хэрхэн багасгах вэ, чанарыг хэрхэн дээшлүүлэх вэ. Нөгөө талаас энэ чиглэлээр бизнес эрхэлж байгаа ААН, бизнес эрхлэгчдэд тэр боломжийг тэгш хүргэх дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ёстой л газар. Тухайлбал, зарим тохиолдолд “data center”-ийн сүлжээ, сервир унаснаас болоод бүх сүлжээ гацчихлаа,ажиллахаа больчихлоо гэдэг. Тэгвэл тэр “data center”-ийн хэвийн үйл ажиллагааг хангах нөөц “Data center”-үүдийг хаана байрлуулах вэ. Монгол Улс мэдээлэл технологийн салбарт хэдий хэмжээний хурдацтай хөгжиж байна гэдгийг тооцоолж түүнд тохирсон арга хэмжээг авах ёстой байгууллага.

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд удаа дараа хатуу хөл хорио тогтооход манай улс даяар интернэтийн хурд саармагжиж, гацалт үүссэн нь гадаадаас хараат интернэтийн хэрэглээтэй холбоотой байх нь ээ?

-Тийм шүү. Манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хатуу хөл хорио тогтоох шийдвэр Засгийн газар, УОК-оос гаргасан. Энэ үед бүхий л интернэт төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа доголдсон шүү дээ. Энэ юутай холбоотой вэ гэхээр манай улсын гаднаас авч байгаа интернэт хэрэглээний хараат байдалтай шууд холбоотой. Тэгвэл бид цаашид энэ хязгаарлагдмал байдлаасаа хараат бус байдал руу шилжих вэ гэдгийг шийдвэрлэх ёстой. Тэгж байж зах зээлийнхээ зарчмаар буюу нийлүүлэлт нэмэгдэж байж, эрэлт буурна шүү дээ.

Мөн нөгөө талаас нийлүүлэлт нэмэгдэж байж, сонголт нэмэгдэнэ. Тийм учраас энэ асуудал дээр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар үндсэн чиг үүргийнхээ ажлыг хийх ёстой гэж харж байгаа. Өнөөдөр манайд өрсөлдөөнтэй холбоотой маш олон гомдол ирдэг. Тэр дундаа Харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай хамаарал бүхий өрсөлдөөнийг хязгаарласан цөөнгүй гомдол ирдэг. Төр яагаад ААН, бизнес эрхлэгчид рүүгээ гаргаад өгчих ёстой бизнесийг хийгээд байгаа юм бэ гэх мэтээр. Тухайлбал, E-Mongolia бол төрийн систем дээр яагаад онгоцны тийзийн үйлчилгээг байрлуулахдаа зөвхөн МИАТ компанийн үйлчилгээг байрлуулж байгаа юм. Төрөөс олгож буй зөвшөөрлийг цахимжуулах, иргэнд өгөх мэдээллийг цахим хэлбэрээр хурдан шуурхай гаргаж өгөх ёстой биз дээ гээд л.

Өмнө нь ХУР болон ДАН гэх зэрэг системүүд байсан, одоо ч байгаа. Харамсалтай нь эдгээр системүүдээ бүрэн төгөлдөржүүлээгүй байгаа. Үүнийгээ богино хугацаанд төгөлдөржүүлэх хэрэгтэй. Иргэд банкинд ороод хурууны хээгээ уншуулаад үйлчилгээ авдаг систем нэвтэрчихсэн байна. Үүрэн оператор компаниудад ч нэвтэрсэн. Цаашдаа бусад үйлчилгээний газрууд руу энэ үйлчилгээг нэвтрүүлмээр байна.

Хэдий болтол бид цахим үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах юм бэ гэдгийг иргэд хэлж байна. Жишээ нь, E-Mongolia системтэй холбоотой асуудал руу ороход зөвхөн МИАТ руу шиддэг линк биш агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг бүхий л байгууллага руу шиддэг тогтолцоог бий болговол энэ нь өрсөлдөөнийг аль нэг талд давуу байдлаар олгохгүй болж байгаа юм. Уг нь бид “E-Mongolia”-г ойлгохдоо төрийн систем, төрийн системтэй холбоотой суурь дэд бүтцийг нь хийж өгч байна гэж харж байгаа. Тухайлбал, УУХҮЯ руу явж тусгай зөвшөөрөл авдаг байсныг цахимжуулчихсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр үндсэн систем дээрээ л маш сайн ажиллах ёстой болов уу гэж хараад байгаа юм.

-Төр үйл ажиллагаагаа цахимжуулах ажлыг дангаараа хийх хүчин чадалтай гэж та харж байна уу?

-Төр үйлчилгээгээ цахимжуулах ажлыг хэзээ ч дангаараа хийж чадахгүй. Үүнийгээ л маш сайн ойлгох хэрэгтэй. Төр цахимжуулах систем дээр стандарт, дүрэм журмаа гаргаж өгөөд, хувийн ААН-үүдийн дунд тендер зарлаад шаардлага хангасан компанитай хамтарч ажиллах тогтолцоо руу орох хэрэгтэй. Мэдээлэл технологийн салбарынхан ажилчдаа 1.5-2 сая төгрөгөөр цалинжуулж байна. Гэтэл төр үйл ажиллагаагаа цахимжуулах нэрээр хувийн хэвшлийн бэлтгэсэн боловсон хүчинг авч ирээд 3.5-4 сая төгрөгөөр цалинжуулна хэмээн булаачихаж байна гэдгийг тус салбарынхан хэлж байсан. Үүнээс юу харж болох вэ гэхээр чадварлаг боловсон хүчин хувийн хэвшил дээр байгаа.

Тэдний хэвийн ажиллах системийг л төр дэмжээд өгчих хэрэгтэй. Нэг хүнийг арван сарын хугацаанд 3.5 сая төгрөгөөр цалинжуулаад ажилгүй болгоод орхих биш, хувийн хэвшлээ дэмжсэний үр дүнд ажлын байрны тоог тогтмол нэмэгдүүлж, эргээд улс татвараа авдаг систем ажиллах ёстой. Үүнийг чинь л төрийн зохицуулалт гээд байгаа юм. Түүнээс биш төр өөрийгөө цахимжуулах нэрээр гадна дотноос мөнгө босгож, яам, Тамгын газрын дэрэгдэх цахим хэлтэс рүү шилжүүлээд баймааргүй байгаа юм. Харин тухайн мөнгийг зориулалтынх нь дагуу, мэдээлэл технологийн үндсэн салбар руу оруулах ёстой. Хоёрдугаарт, тухайн салбартаа ажиллаж байгаа мэргэшсэн боловсон хүчний ур чадварт хөрөнгө оруулалт хийж, мэдээлэл технологийн программ, системд анхаарах ёстой. Төр ийм л зохицуулалт хийж өгөх л үүрэгтэй. Түүнээс биш төр бизнес хийж болохгүй.

Нөгөө талаас төр оролцохоор авлигын систем болчихдог. Төр оролцохоор л түүний цаана заавал нэг зөвшөөрөл, ААН-үүдэд үзүүлэх хүнд суртал явж байдаг. Түүнээс гадна хувийн хэвшил таван сарын дотор хийчих программ хангамжийн асуудал 10 сар юмуу, эсвэл 2-3 жил дамнасан процесс болж хувирдаг.

-Төрийн зүгээс мэдээлэл, технологийн салбарын суурь баазыг нь сайжруулаад хувийн хэвшлүүдийн оролцооог дэмжээд стандартыг нь тодорхой болгочихвол энэ салбарын хөгжил түлхүү хурдацтайгаар урагшлах байх л даа?

-Төрийн байгууллага нэг байгууллагаас нөгөө байгууллага руу бичиг шидээд хүлээгээд суухад сар гаруй хугацаа зарцуулж байгаа нь нууц биш шүү дээ. Энэ бол өнөөдрийн төрийн ажлын бодит төрх. Биднийг бие рүүгээ цаас шидээд хүлээж байх сарын хугацаанд мэдээлэл технолгийн салбар асар хурдацтай хөгжиж, долоо хоног тутам шинэ нээлт гарч байна шүү дээ.Магадгүй манайх таваарын биржийн системийг төрийн байгууллагаар хийлгэсэн бол магадгүй гурван жил болно. Яагаад гэхээр төрийн маш олон уялдаа холбоо эрх ашгийг нийцүүлнэ.

Тал талаас манай эрх ашиг үүн дээр ингэж зөрчигдөж байна, ингэж ч болохгүй гэсээр ажил урагшилдаггүй. Төр ажил гацаадгийн үндсэн шалтгаан энэ. Хувийн хэвшил яагаад богино хугацаанд үр дүнтэй хийдэг вэ гэхээр зах зээлийн үндсэн зарчмаар явж байгаа учраас түүн дээр хэн нэгэн саад болохгүй тохиолдолд хоёр сарын дотор программ хангамж хийгдчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр хоёр жил хийх ажлыг, хувийн хэвшил хоёр сарын дотор хийчихэж байна гэж ойлгох хэрэгтэй.

-Төр өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох заалттай гэж байна. Гэтэл төр энэ үүргээ ухамсарлахгүй, хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд иргэн, ААН-үүд, бизнес эрхлэгчид яах ёстой вэ?

-Энэ асуудал дээр ШӨХТГ ажиллаж байгаа. Тухайлбал, ХСҮТ дээр яг энэ асуудлаас үүдэн манай байгууллага очиж ажилласан. Өрсөлдөөний тухай хуулийг тайлбарлахад “өрсөлдөөн гэж юу яриад байгаа юм бэ, бид хувийн хэвшлийн өрсөлдөгч болсноо сая мэдлээ” гээд бидний хэлж, тайлбарлаж байгаа асуудлыг төрийн байгууллагын өндөр албан тушаалтнууд ойлгохгүй байна. Нэг ёсондоо тэд хуулиа мэдэхгүй, хуулийн мэдлэггүй байна. Хуулийн газрын албан тушаалтнууд нь удирдлагаа хуулийн мэдээллээр хангахгүй, чадваргүй байна л гэсэн үг.

Төрийн захиргааны байгууллага гэдэгт ямар байгууллагуудыг хамруулдгийг мэдэхгүй “Манайх төрийн үйлчилгээний байгууллага” гэж дайраад байгаа нь Захиргааны ерөнхий хуулийг нэг ч удаа уншаагүй байна гэсэн үг шүү дээ. Захиргааны ерөнхий хуулийн 5.1.4-т захиргааны байгууллагад ямар байгууллагууд орохыг заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр Өрсөлдөөний хуулийн 13 дугаар зүйл дээр “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглодог. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэнд өрсөлдөж байгаа ААН-үүд рүү төр нөлөөлөхгүй шүү гэсэн үг байгаа юм л даа. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйл дээр нэр томьёоллууд бий.

Түүн дээр өрсөлдөгч гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг хэлж байгаа. Энэ нь төр, аж ахуйн нэгжтэйгээ өрсөлдөгч биш шүү гэдгийг зааж өгөөд хуулийн 13 дугаар зүйл заалтаар төрийн байгууллага нь өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглочихож байгаа юм. Ийм энгийн зүйлийг ч ойлгохгүй мушгин гуйвуулж хэвлэл мэдээлэл дуудаад ярьж байгаа нь харамсалтай. Өрсөлдөөний хуулийг тэд уншаагүй, мэдэхгүй байна л гэсэн үг. Монгол Улсад ШӨХТГ Өрсөлдөөний хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх бүхий ганцхан газар. Хуулийг зөрчвөл хохирлын хэмжээнээс шалтгаалаад зөрчлийн юм уу, эрүүгийн хэрэг үүснэ. Нөгөө талдаа хууль яах гэж байдаг вэ гэхээр үүнийг зөрчиж болохгүй шүү гэсэн хэм хэмжээг тогтоодог. Гэтэл хуулийг зөрчих ёстой юм шиг ойлгодог хүмүүс байна шүү дээ.

Биднийг хууль зөрчихөөс урьдчилан сэргийлж ажиллахаар бид зөрчөөгүй байхад яагаад анхааруулж байгаа юм бэ гээд бухимдаад байдаг. Бид хууль зөрчих гээд байна шүү гэдгийг л анхааруулж байгаа юм. Хууль зөрчсөний дараа холбогдох хуулийн дагуу хариуцлага үүрнэ шүү дээ. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол салбар нь мэдээлэл технологи, хүнс, МАА, барилгын гээд юу байх нь хамаагүй. Бид нэг л зүйлийг хэлж байгаа. Монгол Улс өрсөлдөөний хуультай орон.Түүндээ Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах захиргааны байгууллагууд өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглосон заалттай. Төр зохицуулалтаа л хийж өгөх үүрэгтэй. Тэр зохицуулалтаа цахимжуулж хийж болж байгаа. Цахимжих системийн гол үүрэг төрийн оролцоог багасгах.

-Төрийн үйлчилгээг цахимжуулна гэдэг бол улс орны хөгжилд бас нэг хөгжил дэвшил юм л даа. Нэг үеэ бодвол бид цахим хөгжил дэвшлийг ажил, амьдралдаа хэрэглэдэг болсон шүү дээ?

-Тэгэхээр цахимжина, мэдээлэл технологийн салбарыг дэмжинэ гэдэг бол улс орны хөгжилд шинэ дэвшил авч ирнэ.Бид 21 дүгээр зуунд улсынхаа хэмжээнд төв суурин газрынхаа орц гарцны асуудлыг ухаалаг систем ашиглан шийдэж чадахгүй, одоо болтол төлбөр мөнгийг урт саваа модоор өгч, авсаар л байна шүү дээ. Энэ асуудлыг хувийн хэвшилд нь даатгаад хийлгэчих л дээ. Ингэхдээ хэрхэн яаж хамтарч ажиллах, ямар стандартын дагуу ажиллахаа л тодорхой болгочих хэрэгтэй. Мэдээлэл технологийн компанийнхан энэ асуудлыг дор нь шийдчихнэ.

Манайх өрсөлдөөний байгууллага, тиймээс өрсөлдөөнийг шударга, тэгш, хүртээмжтэй байлгах ёстой. Төр өрсөлдөөнд нөлөөлж болохгүй гэдгийг л хэлж байгаа юм. Үүнийг шүүмжлэл гэж хүлээж авч болохгүй.Төрийн байгууллагыг авлига, хүнд суртлаас богино хугацаанд салгахын тулд мэдээлэл технологийн газруудтай, мэргэжлийнх нь байгууллагуудтай хамтраад систем хийх эрхүүдийг нь нээж өгөөд, гаднаас орж ирж байгаа олон сая долларуудаар жижиг гэлтгүй ажлуудаа тэднээр хийлгэж эхлэх хэрэгтэй. Төрийн нэн шаардлагатай системүүдээ ч монголчуудаараа хийлгэх хэрэгтэй. Яагаад гадаадын том санхүүжилтээр гадны байгууллагатай нууцлалын гэрээ хийж ажиллуулж болоод байж монголчуудаа болохоо байчихдаг юм. Тэгж болохгүй.

Харин ч дотоодын компаниудаа шаардлагатай бол нууцлалын гэрээг нь байгуулаад ажиллуулах хэрэгтэй. Тэд мөнгө олж хөрөнгөжиж байж тэнд ажиллаж байгаа монгол хүн хөрөнгөжинө. Хувь хүний нууц, Төрийн болон албаны нууцын тухай хууль гэж бий. Эдгээр хууль хязгаарлахаас илүүтэйгээр шаардлагатай зөвшөөрлийг аваад нууцад нэвтэрч ажиллаж болохыг л заагаад байгаа юм.

-Цаашид энэ асуудлын шийдлийг юу гэж харж байна вэ?

-Хоёр тал оролцож байгаа асуудалд алдаа гарахаар нэг тал дангаараа алдаагаа засдаггүй. Хоёр тал хоёулаа хамтран ажиллаж байж алдаагаа засдаг. Манай төрийн систем олон жил алдаа завхралтай явчихсан учраас ААН, бизнес эрхлэгчид маань ний нуугүй хэлэхэд, дотроо маш их айдастай байдаг болчихсон. Ингээд хэлчихвэл манайхыг шалгана даа, хаана, торгоно доо гэдэг. Манайд ирээд үнэнээ л ярьдаг. ШӨХТГ-ын газар хяналтын чиг үүргийн байгууллага нөгөө талаасаа бодлогын буюу тохируулагч агентлаг бүх зүйлийг ил тод байлгана л гэж байгаа юм.

Ямар ч хардалт сэрдэлт байх ёсгүй. Салбартаа бугшсан асуудлын идээ бээрийг шахах, салбараа эрүүлжүүлэх асуудал дээр ААН-үүд өөрсдөө зоригтой байх хэрэгтэй. Болж бүтэхгүй асуудлыг ил гаргаж, өөрсдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагуудаараа дамжуулж гаргаж ирэх цаг нь болсон. Манай байгууллага дээр ирээд ийм ийм асуудал байна. Манай байгууллагын нэрийг дурдахгүйгээр өрсөлдөөний асуудлыг шийдвэрлээд өгөөч гэдэг.Бидэнд итгээд хэлж байгаа асуудлаа төрийн бусад байгууллагуудад очоод хэлж чадахгүй л байгаа юм. ААН, бизнес эрхлэгчдийн энэ айдсыг дээд шатандаа мэдрэхгүй байна. Тухайн салбарт байгаа гажгийг тухайн салбарынхан өөрсдөө л засна. Хөндлөнгийн хэн нэгэн засахгүй. Тиймээс зоригтойгоор дуу хоолойгоо нэгтгээд, хандах ёстой газарт нь хандаад явах хэрэгтэй.

Ингэж дуу хоолойгоо нэгтгээгүйгээс төрд шинээр томилогдсон албан тушаалтнууд авлига авч болдог юм байна, хүнд суртал гаргаж болдог юм байна. Үүнд аль нэг газраас хяналт тавьдаггүй юм байна, ААН-үүдийг дарамталж болдог юм байна гэсэн буруу жишиг тогтоод байна. Ийм ойлголт ерөөсөө байж болохгүй. Энэ бол төр доторх төрийн хяналтын функц ажиллахгүй байна гэсэн үг. Дунд шатанд төр бизнесийн байгууллагын харилцаа юу болоод байгаа вэ гэдгийг дээд шатанд мэдрэхгүй байна.

Магадгүй намайг мэдээлэл технологийн салбарын асуудлыг хөндөөд ярихаар Б.Бат-Эрдэнэ эрх ашгийн сонирхолтой гэж харддаг. Уг нь эсрэгээрээ төрийн албан тушаалтнууд нь ААН,бизнес эрхлэгчдээс айдаг байх ёстой. Намайг ажлаа хийж чадахгүй бол холбогдох байгууллагууд нь өгч шалгуулна гэж боддог байх ёстой. Гэтэл өнөөдөр иргэд, ААН-үүд төрөөсөө айдаг систем үйлчилж байна.

ШИНЭ МЭДЭЭ