МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бат-Эрдэнэ: Сайдын суудал яригдаж байсан ч ШӨХТГ миний шунаж ирсэн газар
2021.09.06
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Сайдын суудал яригдаж байсан ч ШӨХТГ миний шунаж ирсэн газар

Эх сурвалж: Eguur.mn   Сэтгүүлч: М.Тэнгис 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Түүнийг албаа авснаас хойш хариуцсан салбарт нь дуулиан тасраагүй. Харин тэр арай өөрөөр ШӨХТГ-ыг авч явж буй. Хар зоригтой, зорьсон итгэл үнэмшилтэй ч гэмээр, эсвэл хэтийдсэн популист, овлигогүй ойворгон ч гэмээр. Б.Бат-Эрдэнийн улс төрд хөл тавьсан цаг үе, ШӨХТГ-т хүсэж, шунаж ирсэн шалтгаан зэрэг таны анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна.

-Уншигчид тантай арай дотно танилцмаар оргиж явдаг байх. Уг нь та түүх судлалаар мэргэжил эзэмшсэн хүн юм билээ?

-Тийм ээ. Технологийн дээд сургуулийн Ази судлалын тэнхимийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Одоогийн төрийн өмчит Улаанбаатарын их сургууль гэсэн үг л дээ. Гэхдээ энэ миний биш, аавын маань сонголт байсан. Би болохоор МУИС-ийн сэтгүүл зүйн ангид оръё гэж боддог байлаа. Яг миний мөрөөдөл бол сэтгүүлч байсан. Харин аав маань эрдэмтэн хүн учир өөрийнхөө эрдэм, номын замналыг надаар үргэлжлүүлнэ гэдэг үүднээс миний сонголтод нөлөөлсөн. Ингээд л Ази судлалын тэнхимд, түүхийн ангид орж байсан. Дагавраар солонгос хэл үздэг байлаа. Түүхийн ангитай холбогдсон холбоос нь ердөө л энэ.

-Гэвч эрдэмтэн болоогүй байна. Яагаад?

-Сургуулиа онц төгссөний дараа надад багшлах хүсэлт ирэхэд нь хүлээж авлаа. Ингээд сургуульдаа найман сар багшилж үзсэн юм. Найман сарын дараа захирал дээрээ ороод, “Ёстой миний хийх ажил биш байна аа” гээд гарсан. Тэндээс л миний эрдэмтэн болох зам мөр дуусгавар болсон байх /Инээв, Сурв/. Гэхдээ одоо МУИС-д улс төрийн чиглэлээр докторантад сурч байна.

-Түүхийн ухаанаар сурсан нь хожим бизнес хийхэд ч, улс төрөөр явахад ч тодорхой нөлөөгөө үзүүлсэн үү?

-Ерөөсөө нөлөөлөөгүй ш дээ. Харин тэр үеэс өнөөдрийг хүртэл намайг тэжээж байгаа зүйл бол солонгос хэл. Харин сургууль төгссөнөөсөө хойш түүхтэй дахин холбогдоогүй. Би дээрээ нэг ахтай ч айлын том шиг дунд хүүхэд байсан. Нэг тийм өөрөө мэдэж шийддэг, түргэн гүйлгэж боддог. Энэ зан чанар л бизнес хийхэд нэлээд чиг шугам болсон байх.

-Бизнест хөл тавихад мөнгө хэр чухал байв?

-Бизнесээ түрээсийн оффист хоёр компьютер, хоёр ширээтэй л эхлүүлж байлаа. 10 орчим жил ажиллаад 60-аад ажилтантай, тав, зургаан салбартай болж өргөжсөн. 2012 онд би НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон. Үүнээс хойш хувийн бизнестээ цаг гаргах боломжгүй болсон л доо. Ингээд 10 сар гаруй хугацаанд өөр хүнийг Гүйцэтгэх захирлаар ажиллуулж үзсэн юм. Бүтэхгүй юм билээ. Ингээд нэгэнт улс төр, бизнес хоёр нэг дор байх боломжгүй тул компаниа зарсан. Сардаа 10 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг байсан бизнес. Монголд шөнө болж байхад АНУ дахь манай салбар ажиллаж л байх жишээтэй. Би чинь хоногийн 24 цагийг бүтэн ашигладаг байсан хүн шүү /Инээв, Сурв/.

-Яг хувь хүнд нь мөнгөний үнэ цэн, ашиг орлоготой амьдрах хэр чухал байсан юм бэ?

-Мэдээж чухал. Тэгээд яах ч аргагүй өөрөө л гардаж ажиллуулахгүй бол хувийн бизнес худлаа юм байна гэдгийг ойлгосон хэрэг. Монгол, АНУ дахь салбаруудаа бүгдийг нь зарсан. НАМЗХ-нд анх ороход намайг бизнесээс хөл тавьсан, нам дагаж яваагүй гэж их шүүмжилдэг байсан л даа.

-10 гаруй жил бизнес эрхлэхдээ төрийг шүүмжлэлтэй нүдээр харж байсан цэгүүд юу байсан бэ?

-Олон улсын онгоцны билетийн касс гэдэг дотоод гэхээс илүүтэй гадаадын байгууллагуудтай холбогдож ажилладаг байсан бизнес. Эндээ хууль эрх зүйн хүрээнд татвараа төлөөд л, бусдын адилаар бизнесээ авч явдаг байсан даа. Жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн эргэлттэй болоод ирж байсан санагдаж байна.

-Хэцүү байсан уу?

-Дотоодын харилцаа нэг их байдаггүй байсан учраас хэцүү байгаагүй.

Л.ОЮУН-ЭРДЭНЭД ИТГЭЖ, ЮУ Ч БОДОЛГҮЙ Л ЗӨВШӨӨРЧИХСӨН

-Ер нь сэтгүүлч болъё гэж бодож байсан, сургуулиа төгсөөд хувийн бизнест тэсгэлгүй хөл тавьсан гэхээр ажиллах талбараа багаасаа их өргөн хүрээнд харж байжээ?

-Хүүхэд байхад ямар юмаа бодох вэ. 10 жилд их ном уншуулдаг, тэмдэглэл хөтлөхийг шаарддаг байсан, энэ надад их нөлөөлсөн. Ер нь их юм бичдэг байсан хүүхэд. Тухайн үед сэтгүүлч гэдэг мэргэжлийг ерөөс бичдэг хүн юм байна гэж л ойлгодог байсан. Ингээд л сэтгүүлч болно гээд бодчихсон явж байтал аав болиулахгүй хаачих вэ. Манай сургууль төлбөргүй байснаа гуравдугаар курсээс төлбөр авдаг боллоо. Энэ үед нь сургуулийнхаа эсрэг бослого гаргаж, эсэргүүцэж байлаа. Сургуулийн удирдлагууд намайг хөөнө, төгсгөхгүй гэдэг асуудлыг ч ярьж байсан. Энд тэндхийн эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн тэмцээнүүдэд ордог, ийм нийгмийн өндөр идэвхтэй л хүүхэд байж дээ.

-Улс төрд орох хүртлээ та нийтийн эрх ашгийг хэр чухалчилж үздэг хувь хүн байсан бэ?

-Эмээ, өвөөтэйгөө өсөхөд давуу сайхан зүйл олон, тийм үү. Нэгдүгээрт мал аж ахуй байна.  Хэдэн малаа чоно, нохойноос хамгаалах ёстой, хүний өөрийн гэж ялгахгүй. Энэ нөлөөлнө. Түүнчлэн эмээ, өвөө хоёр намайг аль болох олны төлөө бай, олонтойгоо нийцтэй яв гэж сургадаг байсан. Ерөөсөө өвөө, эмээгийн “эзэмшлийн” нэг хүүхэд байдаг даа, тэр нь би байв. Тэр хоёрынхоо сургаалиар л амьдарч яваа юм уу гэж боддог.

-Одоо улс төр лүү орсон тухайд ярья л даа. Яаж ийшээ хөл тавив?

-Улс төр лүү орохдоо ёстой элдэв юм бодоогүй. Хувийн бизнес эрхэлдэг байхад УИХ-ын гишүүн, сайд майд гэсэн хүмүүс дипломат пасспорт үзүүлээд л билет захиалахад “Төрийн өндөр албан тушаалтан байна” энэ тэр гэж ч боддоггүй байлаа. Сонгуулиар аав, ээж хоёр “Тэр хүнд саналаа өгвөл зүгээр” гэхэд нь очоод л өгчихдөг. Ер нь тэр хүмүүсийг тоодог ч үгүй байлаа, ний нуугүй хэлэхэд. Хэн нь ч Ерөнхий сайд болоод байгаа юм, анзаарахгүй. Ямар сайндаа манай кассны гадаа үйлчлүүлэгчдийн машинууд зогсож байхад “Ерөнхий сайд явах гэж байна, машинаа холдуул” гээд ороод ирэхэд нь гайхаж байх вэ. “Тэр Ерөнхий сайд гэж хүн чинь явахад машин ямар хамаа байна аа” гээд хэрэлдэж байв. Энэ чинь ер саяхан шүү дээ, 2007 оны үед юм уу даа.

-Сонирхолтой юм.

-Ер нь би улс төрд санамсаргүй шахуу орсон л доо. 2010 онд JCI байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг нэг жил хашиж дуусаад байж байхад одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг дуудаж уулзсан юм. JCI-ийн ЕНБД-ыг нэг, нэг жилээр хашдаг л даа. Л.Оюун-Эрдэнэ миний хамт JCI-ийн 2009 оны ЕНБД-ыг бас дуудсан байсан. Тэр өөрөө МАН-д намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Ингээд “Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо гэж байгууллага бий. Үүнийг Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын  холбоо болгож өөрчилж байгаа. Ерөөс нам гэхээс илүү залуус нэгдэж, нийлээд хөгжил ярьдаг, хөгжил рүү тэмүүлдэг байгууллага болгомоор байна. Та хоёрт санал тавья, энэ байгууллагад ороод ажиллаад үзээч” гэдэг юм. Нөгөө залуу маань “40 хүрч байж улс төрд орно” гээд татгалзсан. Харин би 2010 онд JCI-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын албаа хүлээлгэж өгчихөөд байж байсан хүн, юу ч бодолгүй зөвшөөрчихсөн. МАН-ыг ч, улс төрийг ч бодолгүй, Л.Оюун-Эрдэнийг байсан учраас л орчихсон.

Удалгүй НАМЗХ-ны Удирдах зөвлөлд намайг оруулах боллоо. Үүний тулд намын гишүүнчлэлтэй байх ёстой болсон учраас Эрдэнэтэд гишүүнээр элссэн юм. Оронгуутаа намыг брэндбүүктэй болгох ажлыг санаачилж, хийсэн. 21 аймгаар тойрч, байгууллагын гадаад харилцааг тэлэх чиглэлд идэвхийлэн ажилласан. Улс төр лүү орсон минь ерөөсөө л ийм.

2012 оны хоёрдугаар сард, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших санал ирлээ. Тухайн үед хоёр жил аймгуудаар бүтэн тойрч, намын удирдлагуудтай тодорхой харилцаа үүсгээд байлаа л даа. Ингээд У.Хүрэлсүх даргатай уулзаж байсан.

-Анхны уулзалт уу?

-Яг тухтай уулзаж суусан анхны уулзалт. Оюук бич гэхээр нь амлалт гэх үү, захидал гэх үү, нэг юм бичээд орлоо. Залуусын хөгжлийн чиг хандлагыг яаж харж буйгаа тодорхой зураглаж бичээд У.Хүрэлсүх даргад үзүүлтэл, “Сайхан захиа бичсэн байна. Амлалт гэж хүлээж авлаа. Энэ үг, хэлнээсээ битгий зөрөөрэй. Монголын залуучуудын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээрэй” гээд дэмжсэн. Ингээд маргааш нь НАМЗХ-ны Бага хурал болж, 100 хувийн саналаар Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байсан.

-МАН-ын гишүүн болох хэр үнэ цэнтэй зүйл байв?

-Одоо эргээд харахад үнэ цэнтэй. Яагаад гэвэл миний амьдралд эрхгүй том өөрчлөлт хийсэн. Харин тухайн үедээ бол намын гишүүн болно энэ тэр гэж огт бодож байгаагүйгээ ний нуугүй хэлсэн шүү дээ. Итгэл үнэмшлээрээ орсон процесс бол биш. Харин нэг ажил руу ханцуй шамлаад орвол тултал нь хийх ёстой гэдэг миний үзэл баримтлал байдаг. Үүгээрээ л явсан. Хувийн бизнесээ давхар аваад явбал, хэзээ нэгэн цагт эрх ашгууд нэг цэгт огтлолцож таарах юм байна гэдгийг ойлгож, зарчихаад л үзэж тарсан. Эхний хоёр жил юуг туулж яваагаа эргэж харах сөхөө ч байгаагүй.

ХАРИУ ХЭЛЭХ ҮГ НЬ, “ТА НАР Б.БАТ-ЭРДЭНЭ ШИГ САЙН АЖИЛЛАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ?”

-Ингээд сонсохоор нэг талдаа их зөв, нөгөө талдаа их хариуцлагагүй сонсогдож байна л даа. Манай тогтсон улс төрийн соёл их өөр. Та ийш улам бүр дөхөөд яваагаа анзаарч, эргэлзсэн тохиолдол хэд байдаг вэ?

-Эргэлзсэн тохиолдол надад байгаагүй. Түрүүн хэлсэн, би нэг зүйл рүү орвол дуустал нь явдаг. Нэг ч удаа эргэлзэж үзээгүй. Ер нь гадна талаасаа манай НАМЗХ нэг их улс төрийн итгэл үнэмшлээр, Хойд Солонгос маягтай элсэж ордог байгууллага гэж харагддаг юм. Уг нь дотроо бол тийм биш. НАМЗХ-нд МАН-ын гишүүнчлэлгүй маш олон залуус хөгжил яриад суудаг. Харин Удирдах зөвлөлийн гишүүн юм уу хариуцлагатай албан тушаалд ороход л гишүүнчлэл шаарддаг.

-Л.Оюун-Эрдэнэ хэлсэн учраас саналыг шууд зөвшөөрсөн гэж та ярилаа?

-Итгэдэг байсан учраас.

-Та хоёр хэр дотно байв?

-JCI байгууллагад олон жил хамтарч ажилласан байсан л даа. Л.Оюун-Эрдэнэ тэнд хэзээ ч нам, улс төр ярьж байгаагүй. Яг JCI-ийн үндсэн концепцын дагуу бид удаан хамтарч ажилласан. Харин тэр үед “Та нарт итгэж байна, энэ байгууллагыг JCI-ийн адилаар хөгжихөд нь туслаач” гээд л хандсан хэрэг. Тэр ч үүднээс манай НАМЗХ салбараа БНСУ, Их Британи зэрэг орнуудад нээж, гадаад харилцаагаа маш өргөжүүлсэн байдаг.

-Өдий төдий хөл дээр нь босгосон бизнесээ зараад хөл тавина гэдэг ч, амаргүй шийдвэр шүү?

-Аргагүйдээ л зарж байгаа юм л даа. Нэг их мундагтаа биш. Нэг бол компаниа дампууруулах, эсвэл гайгүй байгаа дээр нь зарах гэдэг л сонголт надад байсан.

-За, яваад оронгуут нөгөө уламжлалт хандлагатай хүмүүс таныг угтсан уу. “Бизнесээс хөл тавьсан, нам дагаагүй” гээд дургүйлхдэг байсан бололтой?

-“Энэ байгууллагад төдий олон жил ажиллаад Ерөнхий нарийн бичгийн дарга болж чадаагүй байхад, яахаараа энэ залуу хоёр жил ажиллаад болдог юм” гэдэг өнцөг бол байна. Үүнд хариу хэлэх үг нь юу байсан бэ гэхээр “Б.Бат-Эрдэнэ сайн ажилласан. Та нар 21 аймгийг тойрохгүй яасан юм. Та нар намын брэндбүүкийг хийхгүй яасан юм. Олон улсад салбарыг нь байгуулахгүй яасан юм”. Л.Оюун-Эрдэнэ миний өмнөөс тэр их хэмжээний галыг үүрсэн. Сая ч гэсэн Үндэсний хөгжлийн газрын Дэд даргаар Б.Дөлгөөн гэж АН-ын залууг тавилаа. Энэ хүний нэг ажлыг хийх ёстой, үүний тулд тохирсон боловсон хүчинг нь чөлөөтэй ажиллуулах хэрэгтэй гэсэн үзэл баримтлал байх шиг байгаа юм.

-Гэхдээ таны улс төр НАМЗХ-гоор дууссангүй. УИХ-ын гишүүний зөвлөх, МХЕГ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар та ажилласан, богино хугацаанд. Бас л танд санал тавиад, та юу ч бодолгүй зөвшөөрөөд явсан юм биш биз?

-Яг тухайн үед бол төрийн албанд орохгүй, улс төрийн албыг бол хашина гэсэн байр суурьтай байсан. МХЕГ-ын дэд даргад, “НАМЗХ дээр санаачилж, ил гаргаж тавьсан олон ажлуудаа энд хийх хэрэгтэй байна” гээд санал тавихад хүлээж авсан л даа. Байцаагчдыг хариуцлагажуулахаас эхлээд тэр үед бугшсан байсан дотоод олон асуудлыг цэгцлэхэд гар бие оролцсон. Дараа нь УИХ-ын гал тогоо ямар байдгийг харах гэж гишүүний зөвлөхөөр бол сайн дураараа санал тавьж, ажилласан.

-Ер нь төрийн албан тушаалд нэг их дур сонирхол хөтлөгдөж яваагүй?

-Бараг л тийм.

-Үгүй байсан бол та өнөөдөр хэр хол явчихсан байх бол?

-Яах вэ, хувь хүн амьдралын зорилгоо хэрхэн тодорхойлох нь өөр, ондоо. Хэрвээ би УИХ-ын гишүүн болохыг хүссэн бол 2016 онд ороод ирэх бүрэн боломжтой байсан. Түүн дээр учиргүй гүйгээд л, хор найруулаад л яваагүй. 2020 онд дэвших боломж байсан уу, байсан. Бас л шунаж, тачаадаад гүйсэн зүйл алга. Хэзээ болох вэ гэдгээ л сайн бодох хэрэгтэй гэж би ойлгодог. Жишээ нь зургаа, долоон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод ч юу хийх юм. Би мэдээж тэр зүг рүү явна, гэхдээ хоёроос илүү удаа хийгээд дэмий гэж боддог.

БИ ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХВОЛ Л АСУУДАЛ ҮҮСЛЭЭ ГЭСЭН ҮГ

-ШӨХТГ таны хувьд ухарсан амбиц байсан гэлтэй. Тодорхой хувь хүний зорилго байсан юм уу?

-ШӨХТГ-ын дарга бол миний шунаж очсон албан тушаал. Тухайн үед дэд сайд, сайдын асуудал яригдаж байсан. Харин энэ байгууллага дээр очъё гэдэг саналаа би өөрөө тавьсан. ААН, бизнес эрхлэгчид хөгжих, эдийн засаг тэлэхэд хамгийн чухал нөлөөтэй энэ агентлагийг олон улсын түвшинд нь ажиллуулъя гэж зорьж, хүсэж ирсэн. Яг ирээд төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу өнөөдөр ажиллаад явж байгаа.

Энэ агентлаг нэг талдаа өрсөлдөөн, нөгөө талдаа хэрэглэгчдийн асуудлыг барьдаг, хэцүү нюанстай. Хэрэглэгчээ хэт бодчихвол ААН-үүдийн, ААН-үүдээ хэт бодчихвол хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөх гээд байдаг. Энэ балансыг маш сайн барих ёстой.

Та бүхэн санаж байгаа бол, анх гарч ирээд хэд хэдэн томоохон ААН-үүдтэй холбоотой мэдэгдлийг зоригтой хийж байсан. Ерөөсөө хуурай сүүг найруулаад л цэвэр сүү гээд зарж байдаг. Үйлдвэрийн аргаар зөгийн бал гаргаж авчихаад, зөгийн аж ахуйн бараа, бүтээгдэхүүний дэргэд хямд үнэ хэлээд тавьчихдаг. Энэ бол яг нэмүү өртөн шингээн, баялаг бүтээдэг үйлдвэрлэгчдийг элгээр нь хэвтүүлдэг зүйл. Үүнтэй тэмцэхээс л эхэлсэн.

Хамгийн гол нь, манай улс 780 гаруй хуультай, 2000 гаруй УИХ-ын тогтоолтой. 2000 гаруй эрх зүйн акттай. Нийлээд 5000 орчим болж байгаа юм. Зөвхөн архи зардаг дэлгүүр гэхэд 29 акт дамжиж байж худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авч байна. Өөрөөр хэлбэл энэ олон бичиг сачиг, зөвшөөрөл, батламж зэргээс болж бизнес хийхэд хүнд байна. Тийм учраас илүү дутуу давхардсан бичиг цаасны асуудлыг болиулах, энэ чиглэлд дата анализ хийх хэрэгтэй байгаа юм. Үүнийг хамгийн чухал ажилд тооцон зорьж ирсэн. Ерөөс том зургаараа эдийн засаг хөгжихгүй байгаа асуудлыг гол зангилаа нь энд бий.

-Их популист ч гэмээр, сошиалд ажлаа сүржин тайлагнадаг байдлаар ажиллаж эхэлсэн шүү?

-Ерөөсөө ШӨХТГ-ыг ил тод, нээлттэй байгууллага байх ёстой гэдэг концепцыг л гол болгосон. Яагаад вэ гэвэл, төрийн механизмтай би ганцаараа тэмцэх боломж байхгүй. Яасан гэхээр, ШӨХТГ-аас төрийн байгууллагууд руу явуулсан бичгийг цахимд ил гаргаж тавьж эхэлсэн. Үүний араас маш их хэмжээний дарамт ирсэн. Өөр арга байгаагүй. Бичиг явуулчихаад байхад 1-2 сар хүлээлгэж байж хариу нь ирдэг байсан. Тэгээд “Өөр төрийн байгууллага руу шилжүүллээ”, эсвэл “Чадахгүй” гэсэн хариу ирнэ. Гэтэл энэ хооронд нөгөө иргэд, ААН-үүдийн хохироод байгаа асуудал хэвээрээ л байгаад байдаг.

Явуулсан бичгээ цахимд гаргаж тавихын хэрээр, би өөр дээрээ бүх галыг авч байгаа юм. “Чадахгүй” гэнгүүт нь “Чадахгүй гэнэ ээ” гээд л гаргаад тавьчихдаг. Харин процессын хүрээнд, сүүлдээ төрийн байгууллагууд манайхаас ирсэн бичгийг аль болох түргэн шийдэхийг эрмэлздэг болсон. Яагаад гэвэл нөгөө дурак чинь гаргаад тавьчихна.

Саяхнаас бид албан бичиг гаргаж тавихаа болиод, өөрсдөө бариад явдаг болсон. Яагаад гэхээр, бичиг явууллаа, гаргаж тавилаа, үр дүн хүссэн хэмжээнд гарахгүй байна. Тэгэхээр газар дээр нь, ёстой амлалтыг нь аваад, юу болохгүй байна яриулаад, шийдсэн шиг шийддэг болъё. Ингээд явахаар ШӨХТГ өөрөө ААН, иргэдтэйгээ нийлээд, төрийнхөө эсрэг нэг талд гарчихаж байгаа юм. Энэ гэхдээ хамгийн зөв өөрчлөлт.

Яах вэ, сүүлдээ “Баагий, чи одоо яагаад байгаа юм” гэж төрийн байгууллагынхан ханддаг болсон. Бид чинь нэг намын томилгооныхон. Гэхдээ тэр надад хамаагүй. Миний энэ албыг хашиж байгаа итгэл үнэмшил, зорьсон зорилго бол их өөр асуудал. Одоо яаж Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-аас явуулах вэ гэдэг хандлагууд ч гарч ирлээ.

-Таны ажил нэг их жижиг ААН-үүдийг л дарамталж, торгодог гэх хүрээнд ойлгогддог тал бий?

-Тийм, хүмүүс жижиг гэж хараад байгаа юм. “Сүү” ХК-тай холбоотой асуудлыг гаргаад л тавьсан. “Хүчит шонхор” зах байна. 70 тонн мах зооринд нь байхад “Бид нар зарахгүй ээ” гээд зохиомол хомсдол үүсгээд байж байсан. Уг нь Өрсөлдөөний тухай хуулийн яг гол концепцыг олж харвал, аль болох жижиг, дунд компаниудыг хамгаалах, харин монополиудад хяналт тавих агуулгатай юм.

Аягүй бол нөгөө ТҮЦ дээр очсон цагаан самарны асуудлыг ярих байх. Хар даа, хувь хүний нүдээр тэр жижигхэн ТҮЦ харагдаад байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотын 51 хувь нь гэр хороололд амьдардаг. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа хүнсний дэлгүүр, супермаркетуудыг 2-3 дахин нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний ТҮЦ ажилладаг. Журам, стандартын дагуу Монгол Улсад импортын хүнсний бүтээгдэхүүн заавал монгол, орос, англи хэлний аль нэгэн дээр бичигдсэн тайлбартай байх ёстой. Гэтэл ТҮЦ-т вьетнам бичигтэй цагаан самар зарагдаад байна. Гэр хорооллын хүүхдүүд 500 төгрөг аав, ээж, найзуудаасаа гуйж аваад ТҮЦ-ээс идэх юм авдаг. Хүүхдүүдийн яг нүдний хараа тусах газарт нь, шилэн хоргонд өнөөх цагаан самар, Али баба нь байж байдаг. “Хилээр ороод ирсэн юмыг зүгээр заруулаач дээ” гээд байгаа юм. ТҮЦ дотор нөгөө хадгалалтын горим гэж зүйл байхгүй. Зуны халуунд шилэн хоргон дотор 40 хэм хүрч байгаа. Али баба нь дотроо наалдчихсан гарч ирдэг. Тэгээд ихэвчлэн жилд хоёр удаа л татан авалт хийдэг. Гэтэл бид судлаад үзэхэд, ихэвчлэн гэр хороололд амьдардаг бага насны хүүхдүүд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлөөр өвдөж байгаа нь батлагдсан. Тэд хохироод байна.

Ийм учраас ТҮЦ дээр өрсөлдөөний биш, хэрэглэгчийн төлөө асуудлаар очсон.

-Тантай МАН-ын угшилтай бизнесмэнүүдийн томоохон монополиуд тулбал яах юм?

-“E-Mart” хэний угшил юм. С.Батболдынх гэдгийг бүгд мэдэж байгаа. Бид 20 саяар хоёр удаа торгосон. Хариулт нь энэ.

-Сандал суудал, цаашлаад хувь хүнтэй чинь асуудал ярих гээд ирвэл яах вэ?

-Торгохоос өмнө бол өчнөөн процесс болж л байгаа юм. Эцсийн үр дүн, манайх торгочихсон байна, би энд сууж л байна. Хүмүүс ингэж ойлгоод байгаа юм, компанийг нь торгох гэхээр улс төрд нөлөө бүхий хүмүүс болиулах гэж арга, чарга хайдаг, нөлөөлөхөөр оролддог гэж. Тийм биш, харин тэр тусмаа тэд юм ярьдаггүй. “Хуулийнхаа дагуу ажилла” гэдэг. Аа, “Хүчит шонхор” дээр бол асуудал бий. Тэд бол жинхэнэ өөрсдөө явдаг хүмүүс. Намайг ч хэвлэлээр зөндөө балбууллаа. Хамгийн ёс зүйгүй, хамгийн их гүйдэг хүмүүс тэднийх гэдгийг би шууд хэлье. Харин “Шунхлай”-г торголоо гээд АПУ-гийн П.Батсайхан ч юм уу, “E-Mart”-ийг торгочихлоо гээд С.Батболд ярьж байсангүй. Сая ХСҮТ-ийн асуудал яригдлаа. Хүмүүс УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн талд ажиллалаа л гэх юм. Тэр хүнтэй ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа Г.Занданшатар даргын өрөөний үүдэнд хоёр удаа л тааралдсан байх. Өөрөөр уулзаж, цай ч ууж үзээгүй байх жишээтэй.

Гэхдээ хамгийн их ухуулсан нь би. Тэгээд юу ч олоогүй, байхгүй юм чинь. Төрөөс хулгай хийгээгүй, хэн нэгний халаасанд ороогүй учраас би асуудлыг зоригтой гаргаж тавьдаг. Би чимээгүй болчихвол л асуудал үүслээ гэсэн үг.

-ШӨХТГ-ын даргаар ажилласан хүрээнд таны гаргасан алдаа гэвэл юуг нэрлэмээр байна?

-Анализ хийх цаг хугацаанд арай хүрээгүй гэж бодож байгаа. Алдлаа гэхээс илүү “Хийж чадахгүй яваад байна даа” гэсэн өнцгүүд бол байна. Жишээлбэл, жил хагас өнгөрчихөөд байхад эдийн засгийн хаос үүсгээд байгаа нөгөө хууль тогтоомж, актуудаа цэгцэлж чадаагүй л байна. Миний эрх мэдэл ч хүрэлцэхгүй л дээ, гэхдээ хичээнэ. Үүнийг янзалж байж бизнесүүд хөгжих, хөлжих боломж бүрдэнэ. Өөр санасан, зорьсон олон ажил байна.

-Хэр удаан энд ажиллана гэж харж байна вэ. Улс төрийг амбицаа дагаж, өөрөө орхиод явах уу?

-/Инээв, Сурв/. Төдийд, өдийд гэж хэлэх зүйл алга. Маш их хэмжээний гал үүрч байгаа юу, үүрч байгаа. Дарамтууд ирдэг, худлаа хэлээд яах вэ. Түүнчлэн ялсан намын бодлого явдаг гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Намаас болиулна гэвэл дагана. Харин өнөөдрийн тухайд хийх ёстой ажлуудаа хийх ёстой л гэж харж байна. У.Хүрэлсүх дарга надад, энэ албан тушаал дээр байгаа дээрээ хийе гэсэн бүхнээ хийгээрэй гэж захисан. Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхий сайд болоод ийм агуулгатай үг хэлсэн. Нэг талдаа Засгийн газрын бодлого байх гэж харж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ