2021.09.07
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Сэлбэ дэд төвийн тохижилтын ажил бүрэн дууслаа
Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийт 156 га газарт Сэлбэ дэд төв буюу нийгмийн хангамж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг барьж байгаа.
Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжиж буй уг дэд төвийн цогц бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг ашиглалтад оров. Тодруулбал, үерийн хамгаалалтын далан сувгийн дотор ханын цутгалт болон далангийн дагуух нийт 3.01 га газарт шаварлаг хөрсийг солилоо. Мөн тус хэсэгт ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмж, иргэдийн амарч суух сандал, сүүдрэвч, явган хүний зам зэргийг цогцоор нь шийдэн тохижуулав.
Тохижилт угсралтын ажлыг “Боди пропертиз” ХХК 2019 оноос эхлэн гүйцэтгэсэн бөгөөд энэ онд ашиглалтад орсноор иргэдийн амрах, зугаалах орчин нөхцөл сайжирч буй юм.