МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: Сургуулиуд ашгийн болон ашгийн төлөө бус байж болно. Ашгийн төлөө бол татвар төлнө гэж заасан
2021.09.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ч.Ундрам: Сургуулиуд ашгийн болон ашгийн төлөө бус байж болно. Ашгийн төлөө бол татвар төлнө гэж заасан

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Дээд боловсролын хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Уг хуульд орж байгаа гол зохицуулалт юу вэ?

-УИХ-ын түүхэнд байгаагүй том ажлын хэсэг байгуулагдсан. Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргил гишүүн ахалж байгаа. Харин Дээд боловсролын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Энэхүү хуулийн төсөл Засгийн газрын түвшинд боловсруулагдаж өргөн баригдсан. Өнөөдөр манай улсад төрийн болон хувийн өмчийн 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Их сургууль гэсэн тодотголтой ч олон улсын жишиг, стандартыг хангахгүй сургууль цөөнгүй байна. Тиймээс “Их сургууль”-ийн босгыг өндөрсгөж байгаа.

Жишээлбэл, тухайн сургуулийн нийт багш нарын 50 хувь нь докторын зэрэгтэй байж их сургууль болно. Мөн олон чиглэлээр магистр, докторын хөтөлбөр явуулдаг байх шаардлага тавьж байгаа. Түүнчлэн үндсэн багш нарын жилд гаргаж байгаа эрдэм шинжилгээний патентын тоо хэмжээг тогтооно. Ингэж байж ахисан шатны сургалт явуулах шаардлагыг хангаж байна хэмээн үзэж “... их сургууль” гэж нэрлэнэ. Үүнээс гадна төрийн өмчит сургуулиуд хоорондоо кредит солилцох, номын сан, лабораториудаа дундаа хэрэглэх, дундын хөтөлбөр, судалгаатай болох зэргийг энэ хуулиар нээж өгөх ёстой гэж үзэж байгаа. Монгол Улсад маш цөөхөн мундаг профессорууд бий. Тэдгээр хүмүүсийг өргөн хэмжээнд ашиглах хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл, металлургийн мэргэжилтэн Монголд цөөхөн байна.

Тэгвэл МУИС, ШУТИС-ийн дунд энэ ангийг нээх гэдэг ч юм уу ийм дундын хөтөлбөртэй болгох хэрэгтэй гэж үзсэн. Жишээлбэл, МУИС-аас химийн технологийн хамгийн мундаг багшийг, ШУТИС-иас хамгийн шилдэг инженерийн багшийг авчирч, шилдэг сурагчдыг элсүүлж улсдаа хэрэгтэй 30 металлургийн мэргэжилтэн бэлтгэнэ гэх мэтээр байж болно гэж үзсэн. Ингэхгүй бол сургууль бүрт шилдэг багш нар байдаг ч нэгтгэж байгаад шилдэг боловсон хүчнийг бий болгож чадахгүй байгаа юм. Дэлхийд 10-хан байдаг лазерын лаборатори МУИС-д байдаг. Тэгвэл үүнийг аль болох олон эрдэмтэн мэргэжилтэнд ашиглуулж судалгаа хийлгэх боломжийг нээх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Боловсролын салбарын цогц хууль оруулж ирж байгаагаараа онцлогтой болж байх шиг байна. Бусад хуулиудтайгаа уялдаа холбоо сайтай болсон гэж зарим судлаачид дүгнэсэн байсан...

-Тийм. Хамгийн чухал хууль нь Боловсролын ерөнхий хууль гэж байгаа юм. Албан болон албан бус боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, насан туршийн боловсрол, дээд боловсрол гээд бүх шатны боловсролыг авч үзэж байгаа суурь хууль. Үүнд боловсролын зорилго, стандарт, багшийг хэрхэн бэлдэх, оюутны эрх үүрэг, зарим боловсролын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, яамны үүрэг оролцоо, агентлагууд нь ямар байх, орон нутаг болон нийслэл, дүүрэг ямар оролцоотой байх вэ гэх мэт боловсролын салбарын харилцаа, суурь зарчмуудыг тогтоож өгсөн.

Мөн бага, дунд боловсролын хуульд өөрчлөлт орж байгаа. Уг хууль нь сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, ЕБС-иудийн дотоод үйл ажиллагаа руу чиглэсэн гэж ойлгож болно. Хоёрдугаарт, хуулиуд хоорондоо яв цав уялдаж, хийдэлгүй байх ёстой. ЕБС-иа төгсөөд их сургуульд ороход суурь боловсролын зааг гараад байдаг. Ингээд их сургуулиуд “Бид 10 жилийнхний ажлыг бид хийж байна” гэх мэт асуудал гардаг. Тиймээс Дээд боловсролын хууль ерөнхий боловсролтой уялдах ёстой.

Гуравдугаарт, бүх хүн тэгш боловсролыг хүсдэг. Тиймээс сургалтын агуулга, заах арга зүй, сургалтын орчин, сурах бичиг, лобораториуд зэрэгт стандарт тогтооно. Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд заасан стандарт нь сургалтын орчин, сурах бичиг, хэрэглэгдэхүүн зэрэг агуулга бус, материаллаг зүйлүүдэд стандарт тогтоочихсон байгаа юм. Тиймээс агуулга, заах арга зүйд стандарт тогтоож байж орон нутаг дахь алслагдсан сумдын хүүхдүүд, захын сургуулиудын сурагчдын сургалтын чанарыг нэг стандарттай болгож өргөж өгнө.

Тэгш боловсрол олгож байж л тэгш амьдралын боломж олдоно шүү дээ. Ялгаатай боловсрол олгочихоод амьдрал дээр гараад өрсөлд гэж болохгүй биз дээ. Үүнээс гадна боловсролын салбарт мерит зарчим гэж бий. Стандартаас дээшээ хэн чадвартай нь өрсөлдөнө гэсэн үг. Жишээлбэл, математикийн багш хичээлээ ямар ч ялгаварлахгүй тэгш заасан ч сурагчдын нэг нь энэ чиглэлээр илүү хөгжих ч юм уу, эсвэл байгалиас өгөгдсөн чадвартай хүүхдүүдийг ахлах сургуульд нь мэргэшсэн сургууль байгуулж хамруулна.

Өмнө нь Өсвөр үеийн залуу техникчдийн сургууль гэж байсан. Тэр сургуульд инженерийн мэдлэг, чадвартай сурагчдыг сонгож аваад мерит зарчмаар дээшлүүлсэн. Ийм зарчмаар явах ёстой. Учир нь олон улсын математикийн олимпиадад оролцож аварга болчихоод ангийнхаа бусад хүүхдүүдтэй харьцуулагдахаар улам сайжрах сонирхол буурчихна шүү дээ. Тиймээс ийм хүүхдүүдийг нийгмийн уураг тархи болгож бэлдэх хэрэгтэй.

-Хувийн өмчит сургуулиудад татвар ногдуулах заалт орсон юм билээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Засгийн газраас өргөн баригдсан энэ хуульд ашгийн болон ашгийн төлөө бус байж болно гэж заасан байгаа. Учир нь Монгол Улсын боловсролын тогтолцоо 1990 оноос хойш нэлээн орхигдож, бодлого чиглэл нь тодорхойгүй, янз бүрээр өөрчлөгдөж ирсэн. Энэ хооронд боловсролын тогтолцоо ихээхэн уналтад орж эхэлсэн. Хувийн сургуулиуд энэ орон зайг нь нөхөж, сайн сургалтын тогтолцоог гадаадаас болон өөрсдөө бий болгож чадвартай багш нарыг бүрдүүлж хувийн сургуулиудаа байгуулсан. Эдгээр сургуулиуд нь одоогийн байдлаар төрийн бус байгууллагын статустай, улсад татвар төлдөггүй. Ашгийн төлөөх хэв шинжээ агуулсан байдлаар хөгжиж ирсэн. Тиймээс ч хувийн сургуулиуд сургалтын орчиндоо том хөрөнгө оруулалт хийж чадаж байна.

Том номын сан, бассейн, машины зогсоолтой орчныг бүрдүүлж байна. Төрийн тодорхой бодлогогүй явж ирсэн ачааг үүрч, боловсролын тогтолцоог олон улсын жишигт жаахан ч болтугай дөхүүлсэн гавьяа эдгээр сургуулиудад бий. Гэтэл 20 жил сургуулиа хөгжүүлж, боловсролын салбарт жаахан ч болтугай хувь нэмэр оруулсан сургуулиудыг гэнэтхэн л ашгийн төлөө бус бол гэж болохгүй шүү дээ. Тиймээс ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байж болно гэж оруулж байгаа юм.

Хэрвээ ашгийн төлөө байвал татвараа төлөх ёстой. Гэхдээ боловсролын байгууллагыг шууд уул уурхайн компани шиг ч юмуу, эсвэл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шиг татвар авч болохгүй. Уян хатан системтэй байх ёстой гэж үзэж байгаа. Үүнээс гадна хүүхэд бүрт улсаас өгдөг суурь зардлыг хувийн сургуулиуд авбал санхүүгээ эцэг, эхчүүдэд ил болгох ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, улсаас ирж хүүхэд бүрт өгч буй 800 мянган төгрөг юунд зарцуулагдсан гэдгийг нээлттэй тайлагнах үүрэг хүлээж байгаа юм.

-Дээд боловсролын хуульд кредит цагийг хэрхэн тогтоохоор хуульчилсан бэ?

-Кредит цаг гэж юу юм бэ гэдгийг энэ хуульд тодорхой болгож өгч байгаа юм. Өргөн баригдсан хуулийн төсөлд “тухайн хичээлийн агуулгыг үнэлэх нэгж хэмжээс” гэж орж ирсэн. Гэтэл нэг нэгж хэмжээс нь яг хэд юм бэ. Олон улсад бол кредит цагийг оюутанд ирэх ачаалалд үндэслэж тооцдог. Оюутанд долоо хоногт 40 цагийн ачаалал ирэх ёстой. Тэгвэл оюутан танхимд гурван цаг буюу 45 минутаар гурван удаа ачаалал авч байгаа бол есөн цагийн ачааллыг бие дааж гэрийн даалгавраа хийх ёстой гэдэг байдлаар тооцож кредитийг тогтоодог. Европын орнуудын кредит цагийг үзвэл бие даах чадварыг сайжруулахад илүү анхаарч ачаалал өгдөг.

Харин АНУ болохоор танхим дахь ачаалалд илүү ач холбогдол өгдөг. Манай улсын дээд боловсролын байгууллагууд танхим дахь ачааллыг илүү өгдөг. Нийт зургаан мянган цагийн ачаалал авч байж бакалаврын зэрэг авна гэсэн жишиг байдаг. Манай улсын хуульд ийм нарийн тогтоосон жишиг байдаггүй. Салбар яамнаас журам маягийн юм гаргадаг. Үүнийг нь ихэнх сургууль мөрддөггүй. Миний мэдэхээр МУИС уг журмыг сайн мөрддөг. Оюутан тэдэн цаг тийм ачаалал авна. Тэр нь тэдэн долоо хоног болно. Дөрвөн жилд 120 кредит үзэж байж дипломоо авах юм байна гэж тооцоолж гаргаж ирдэг. Дотоод журамдаа ч үүнийгээ оруулчихсан. Гэтэл зарим хувийн сургуулиуд богино хугацаанд заасан болчихоод кредитээ өгчихөөд байгаа юм.

Тэгэхээр математикийн гурван кредит хичээлийг МУИС-д үзэж үзэж 80 оноо авсан хүүхэд, эсвэл хувийн сургуульд яг ижил кредитийг богино хугацаанд үзэж онц авсан оюутнуудын мэдлэг ялгаатай байдаг. Зарим байгууллагууд хувийн байгууллагад онц авсан хүүхдээс илүү улсын сургуульд дунд авсан хүүхдийг ажилд түлхүү аваад байдаг нь ч ийм учиртай болов уу. Тиймээс нэг багц цаг ямар байхыг олон улсын жишиг стандартад ойртуулж хуульдаа оруулж өгөх гэж байгаа юм. Ингэвэл хувийн сургуулиас улсын сургууль руу шилжин ороход кредит тооцдог тооцоолол шударга болно.

Мөн төрийн өмчийн зургаан сургууль хоорондоо кредит солилцох гэрээ байгуулсан. Үүнд адил стандартаар тооцож байж кредит солилцох боломжтой болно. Манай улсын магистрын түвшинд өгч байгаа кредит нь олон улсын жишигтэй харьцуулахад хамаагүй бага цаг аваад байгаа юм билээ. Тэгэхээр танхимаар судлах цагийг өндөрсгөж, судалгаа хийх цагийг их болгож байж олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдөхүйц багц цаг болно.

-Их, дээд сургуулиуд жил бүр төлбөрөө нэмээд байдаг нь иргэдийн ундуйцлыг ихээр хүргэдэг. Багшийн ачаалал болон кредит өмнөх жилээс ахиагүй байхад нэмлээ хэмээн шүүмжилдэг шүү дээ. Мэдээж төлбөрийн асуудалд төр оролцохгүй. Энэхүү асуудлыг яаж зохицуулбал зохилтой вэ?

-Улс орны дээд боловсролын сургалтын санхүүжилт хоёр янз байдаг. Жишээ нь, Германы боловсролын байгууллагуудын 99 хувь нь ашгийн төлөө бус олон нийтийн байгууллагууд байдаг. Бага сургуулиа төгсөхөөр нь багш, эцэг эхчүүд нь ажиглаж, зөвшилцөж, тодорхой шалгалт авсны үндсэн дээр мэргэжлийн боловсрол, эсвэл их, дээд сургуульд суралцахаар байна уу гэдгээр нь ялгаад сургуулиуд руу нь хуваарилчихдаг. Т

ав, зургаан жилийн дараа хэдэн хүүхэд МСҮТ рүү, хэд нь их сургууль руу орохоор байна гэдэг нь тодорхой болчихдог учраас хүүхдүүдийн тоогоор их сургуулиудаа санхүүжүүлдэг. Тиймээс суралцагчаас төлбөр авдаггүй. Улсын санхүүжилт нь багшийн цалин, сургалтад хэрэгтэй лаборатори, техник тоног төхөөрөмж зэрэг бүх зүйлийг нь хангачихдаг.

Сургалтын санхүүжилтийн нөгөө хэлбэр нь болохоор АНУ-ын жишиг. Манайх америк шиг байгаа юм. Мэдээж боловсролын чанар, сургалтын төлбөрийн хувьд АНУ-тай харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай л даа. Их сургуулиуд сайн багш нарыг татахын тулд өндөр цалин өгөхөөс өөр аргагүй. Тэгэхээр оюутнууд сайн боловсрол эзэмшье гэж байгаа бол сайн сургалтын орчин, сайн багш хэрэгтэй. Ингэхийн тулд өндөр хэмжээний төлбөр зарцуулагдана. Үүнээс гадна багш нарын 20-30 хувь нь гадаад багш байх ёстой байдаг. Ингэж байж олон улсын орчныг бүрдүүлдэг.

Олон улсын мундаг “толгойтой” хүмүүсийг хольж байж мэдлэг бүтээж, оюутанд мэдлэг шилжүүлэх процесс явагддаг. Үүнээс гадна олон улсын жишигт хүрэхийн тулд сургалтын орчноо сайжруулах ёстой. Дотуур байр, номын сан гээд маш олон асуудал бий. Үүнд төр ямар ч хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэгэхээр сургалтын орлогоосоо санхүүжүүлэхээс өөр аргагүй болчихоод байгаа юм. МУИС шинэ номын сангаа барихдаа сургалтын төлбөрөө нэмж, багш нарын цалинг нэмэлгүй, гадаад томилолтыг хасч бүсийг нь чангалж байгаад барьсан. Сургуулиа сайжруулахын тулд сургалтын төлбөр нэмдэг асуудал бий. Гэхдээ үеийн үед Засгийн газраас улсын сургуулиудын сургалтын төлбөрийг аль болохоор нэмүүлэхгүй байх чиглэлийг барьж ирсэн.

Учир нь ТУЗ-ийн гишүүдийн 51 хувь нь улсын төлөөлөл байдаг. Одоогийн бидний хуулиар ТУЗ-ийг улсын төлөөллөөс хараат бус байлгах чиглэлд зохицуулж байгаа. Хараат бус, илүү том болгож шилдэг бизнесийн ухаантай захирлуудыг оруулъя гэж байгаа. Жишээлж хэлбэл, “М-Си-Эс” группийн захирал Ж.Оджаргал ч гэдэг юм уу шарк Д.Энхтүвшин ч гэдэг юм уу ийм бизнесмэнүүд гэсэн үг. Ингэж удирдах зөвлөлийг хүчтэй болгох ёстой гэж үзэж байгаа. Үүнээс гадна шилдэг хүүхдүүдэд тэтгэлэг олгох ёстой. Тэтгэлэг авахын тулд хүүхдүүд өрсөлдөж, чадвартай нь тэтгэлгээ авч улсын сайн сургуульдаа сурах ёстой. Харвардын их сургуулийн жишиг ийм шүү дээ.

-Манай боловсролын салбар дэлхийн хаана нь явж байна. Тогтоосон ранк байдаггүй шүү дээ?

-Олон улсын их сургуулиудын ранкийг тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гурван байгууллага байдаг. Times Higher education World Univer­sity ranking, QS World Univer­sity ranking, Shanghai ranking гэж бий. Энэ байгууллагуудад сургуулиуд албан ёсоор хүсэлт өгч, статистик мэдээллээ гаргаж өгөөд төлбөр төлж үнэлүүлдэг. Манай улсаас албан ёсоор мэдээллээ өгч үнэлүүлдэг газар байхгүй. АХБ-ны санхүүжилттэй урьдчилсан судалгаа хийлгэж байсан юм билээ. Тухайн үед МУИС 250 дугаар байрт орох судалгаа байсан.

Эдгээр гурван байгууллага ранк тогтоохдоо нэг багшийн жилд гаргаж байгаа эрдэм шинжилгээний судалгааг нийтлэг шалгуураа болгодог. Ингэхдээ олон улсын хянан магадлагаа хийгддэг эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн байх ёстой байдаг. Уг сэтгүүлд судалгаагаа хэвлүүлэх нь тийм ч амархан байдаггүй. Тиймээс багшийн чанарыг үнэлэх үүднээс үүнийг шалгуур болгодог.

Мөн оюуны өмчийн хэдэн патент гаргасан, хэдэн өгүүлэл хэвлүүлсэн гэдгээр үнэлдэг. Үүнээс гадна тухайн сургуулийн сургалтын орчинг шалгуур болгодог. Лабораторитой эсэх, лаборатори нь итгэмжлэгдсэн эсэх. Мөн багш нарын дунд эзлэх гадаад багш нарын тоо, гадаад оюутны эзлэх хувь зэргийг үздэг. Тиймээс өндөр хөгжилтэй орнууд буурай орнуудын сурагчдад тэтгэлэг өгч гадаад оюутны тоогоо нэмдэг. Үүнээс гадна олон улсын байгууллагаас нэр хүндийн судалгаа хийдэг. Ийм олон чухал шалгуурыг хангахын тулд бид зүтгэх ёстой. Ингэхийн тулд санхүүжилт хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ