МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Мөнх-Оргил: Хуулиа мэддэг, ажлаа хийдэг, амлалтаа биелүүлдэг төрийн түшээ
2021.09.13
Хууль, эрх зүй

Ц.Мөнх-Оргил: Хуулиа мэддэг, ажлаа хийдэг, амлалтаа биелүүлдэг төрийн түшээ

Хүчтэй парламент мэргэшсэн гишүүдээс бүрддэг. Энэ парламентэд байгаа мэргэшсэн, туршлагатай, төлөвшсөн гишүүний нэг бол Ц.Мөнх-Оргил гишүүн.

Түүний хувьд УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон төдийгүй, Гадаад харилцаа, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан төрийн албаны өндөр туршлагатай хүн. Тэрээр УИХ дахь хэд хэдэн хорооны гишүүнээр идэвхтэй ажиллаж байгаагаас гадна  Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүнээр ажиллаж, УИХ-ын гишүүний үндсэн гол ажил болох хууль санаачлах батлуулах ажлаа ч чамбай гүйцэтгэж байна. Гишүүний хувьд Өмгөөллийн тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль гээд хэд хэдэн томоохон хуулийн төслийг ахлан ажиллаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан.

Тэрээр хууль тогтоомж нь иргэдийн аж амьдралыг зохицуулдаг гэдэг утгаараа бүгд чухал. Гэхдээ өөрийн гардаж боловсруулсан хуулиудаас хамгийн чухлыг нэрлээч гэвэл Ипотекийн тухай хууль, Улсын бүртгэлийн багц хууль зэргээс илүүтэй сургуулийн сурагчдын "Үдийн хоол"-ны тухай хуулийг хэлнэ гэж ярьдаг.

Үнэхээр эрүүл, шим тэжээлтэй хоол идэх нь ганц өлсөхгүй байх тухай асуудал бус ирээдүйн оюунлаг, бүтээлч, эрүүл чийрэг иргэнийг бэлдэх нийгмийн асар чухал ач холбогдолтой ажил. Ийм учраас Ц.Мөнх-Оргил гишүүн 2006 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцож, ажил хэрэг болгож байсан бол 2019 онд нэр бүхий гишүүдийн хамт санаачлан  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон, санхүүжилтийг нь нэмэхээр өөрчлөлт оруулан батлуулсан билээ.

Түүний санаачлан батлуулсан уг хууль хэрэгжиж, үдийн хоол хөтөлбөр энэ оноос эхлэн 1-5 дугаар ангийн хүүхдүүд үдийн хоолонд хамрагдаж 1500 төгрөгийн хоол идэх боломжтой болж  байгаа бөгөөд 2023 он гэхэд Ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгаа бүх хүүхдүүдийг тус хөтөлбөрт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ хөтөлбөр дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэгээс гадна Солонгос улсын хувьд тус хөтөлбөрийг 1984 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд сурагчдынхаа биеийн хөгжлийг тогтмол хэмжсээр иржээ. Солонгос хүний дундаж өндөр 1998 он гэхэд 20 см-ээр нэмэгдэж, суурь өвчлөл эрс багассан үр дүн гарсныг тус улсын парламентын гишүүд "Үдийн хоол"-той 100 хувь холбон тайлбарладаг юм. Манай улсын хувьд ч энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, бие бялдар цаашлаад сурах чадварт сайн нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байгаа билээ.

Өнгөрсөн хаврын ээлжит чуулганаар түүний дараагийн ахалж ажилласан томоохон хуульд  Хөдөлмөрийн тухай хууль зүй ёсоор орно. Энэ хууль Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын 1 сая гаруй ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах юм.

Уг хуулийн төсөл 2018 онд өргөн баригдаж 2 ч парламентын гар дамжиж энэ хаврын чуулганаар батлагдсан бөгөөд хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм. Хуульд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон УИХ, Засгийн газрын зүгээс хуульд тусгуулах саналууд оновчтой, дэвшилтэт байдлаар тусгагдан орсон байна.

Энэхүү хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил, үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд орсоноос гадна чухал шинэ зохицуулалтууд цөөнгүй тусгагдсан юм.

  • Хөдөлмөрийн гэрээнд барьцаа хэрэглэхийг хориглосон

  • Ажил олгогч хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй болов

  • Ажлаас халагдсаны тэтгэмжийг нэмэгдүүлсэн

  • Ажил байдлын тодорхойлолт авах эрхтэй болов

  • Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх 

  • Ажил олгогч ажилтны цалинг хоцроовол алданги төлөхөөр болов 

  • Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг заавал танилцуулах үүрэгтэй

  • Ээлжийн амралтын тооцоог заавал хийхээр боллоо

          Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч:

“1999 онд Засгийн газар нийт ажилчдын 90 хувийг ажлын байраар хангаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс үндсэндээ нэг том ажил олгогчтой байсан. Өнөөдөр тэгвэл Засгийн газар нь төрийн албаны 180 мянган хүний  ажил олгогч болсон. Үлдсэн нэг сая гаруй хөдөлмөр эрхлэгчид ажил олгогчдын олон хэлбэрт очсоноор хөдөлмөрийн харилцаа өөр хэлбэрт шилжлээ. Энэхүү хуулийг баталснаар хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй олон асуудлыг зохицуулах юм. Хөдөлмөрийн хуулийн суурь зарчим болох ялгаварлан гадуурхахгүй байх, шударга байх, цалингаа цаг хугацаанд өгөх зэрэг заалтууд үйлчилж эхэлнэ. Хуульд ажилтан, ажил олгогч хоёр яг адилхан эрх үүрэгтэй гэдгийг тодотгож байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол хоёулаа адилхан эрх, үүрэгтэй.” 

хэмээн дүгнэсэн.

Түүний хувьд 2020 оны Парламентын сонгуулиар Сүхбаатар дүүргийн 24-р тойргоос сонгогдохдоо иргэдэд хууль боловсруулах, боловсрол түгээх, эрүүл мэндийг хамгаалах, бүтээн байгуулалтыг дэмжих гэсэн 4 чиглэлээр 4 жилийн хугацаанд ажиллахаа амлаж байсан нь ийнхүү биелсээр байна. 

Гишүүний хувьд УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль батлах мөн боловч иргэдээс ирж буй санал хүсэлтийн дагуу улсын болон нийслэлийн төсөвт хөрөнгө суулгаж, хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих нь хариуцлагын асуудал төдийгүй  тойргийнхоо иргэдтэй эргэх холбоотой ажиллаж, боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулах ажлыг санаачлан хэрэгжүүлэх нь чухал гэсэн байр суурьтай байдаг. Үүний нэг илрэл нь  “М60” клубын үйл ажиллагаагаар дамжуулан бүх насныханд хүрч үйлчилдэг. Тойргийнх нь иргэд нь ч түүнийг хуулиа мэддэг, ажлаа хийдэг, амлалтаа биелүүлдэг төрийн түшээ гэж үнэлдэг учраас УИХ-д улирааж  сонгосон биз ээ.

Түүнчлэн Ц.Мөнх-Оргил гишүүн удирдагч хүний нарийн ухаан, оновчтой шийдвэр улс орны хөгжилд ямар их хувь нэмэр оруулж болдгийг дэлхий нийтээр үлгэрлэж чадсан Израиль Улсын Ерөнхий сайд асан, Нобелийн шагналт Шимон Пэрэсийн “Томоор мөрөөд” номыг орчуулан уншигчдад хүргэсэн нь олон залуучуудад улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийн төлөө чин зүрхнээсээ цохилох том зүрх, том мөрөөдлийг бадраахад хүч өгч чадсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ