МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Бат-Эрдэнэ: Тээврийн хэрэгслийн дугаарыг 2-3 удаа чанга яригчаар зарлаад, 30-40 секундийн дотор ачдаг
2021.09.17
Зам, Тээвэр

Б.Бат-Эрдэнэ: Тээврийн хэрэгслийн дугаарыг 2-3 удаа чанга яригчаар зарлаад, 30-40 секундийн дотор ачдаг

ШӨХТГ-аас Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулах санал боловсруулахаар ажлын хэсэг байгуулжээ. 

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн, санал боловсруулах ажлын явцын талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

- НИТХ-ын даргын захирамжаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Танай байгууллагаас тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан уу?

- Манайх тусдаа ажлын хэсэг байгуулаад байна. Иргэдийг хохироож, бухимдал дагуулдаг энэ асуудлаар 2020 онд мөн санал гаргаж, түүнийгээ 2020 оны аравдугаар сард холбогдох албаныханд буюу НИТХ, ХЗДХЯ-нд хүргүүлж байсан. Саналыг хүлээж авлаа, бид ажиллаж байна гэх хариу өгдөг ч ажил хийдэггүй. 

Нийслэлийн эзэмшлийн 67 зогсоол дээр төрийн албан хаагчид өөрсдөө машинаа тавьчихдаг учраас үйлчилгээ авахаар ирж буй иргэд давхардуулж тавиад ачуулахад хүрдэг. Тиймээс зогсоолоо чөлөөлж, иргэдэд үйлчлэх санал гаргаж байсан. Тухайн үедээ яригдаж байгаад яг ажил хэрэг болоогүй. 

Асуудал хөндөөд ажил болгоод эхлэхээр зэрэгцээ түвшинд нийслэл дээр ажлын хэсэг байгуулчихдаг. Гэсэн ч үр дүн гардаггүй, жилийн дараа асуудал байж л байна.

- Яг ямар өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулж байгаа вэ, иргэдийн бухимдлыг дагуулдаг зүйл нь урьдчилан мэдэгдэхгүйгээр ачихтай холбоотой байдаг. Энэ тухайд?

- Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан байдаг. "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ныхонтой уулзаж байхад тус журамд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ эзэмшигчид нь мэдэгдэх шаардлагагүй гэж заасан байдаг талаар хэлдэг. Тиймээс чанга яригчаар 2-3 удаа зарлаад ачдаг гээд байгаа юм. Бидний зүгээс чанга яригчаар зарласнаас хойш 1-2 минут хүлээх боломж байдаг эсэхийг тодруулахад журамд хугацаа заагаагүй гэх тайлбарыг өгч байгаа. Тэдний зүгээс нэг автомашиныг ачих хугацаа нь 2 минут болдог гэж хэлж байгаа ч яг гараад хэмжилт хийхэд 30-40 секундэд ачдаг юм байна лэ. 

- Тээврийн хэрэгслийг зөөж, журамлахдаа ихэвчлэн төрийн үйлчилгээний байгууллагууд, худалдааны байгууллагуудын гаднаас ачдаг. Тэдгээр газруудын зогсоолын хүртээмж муу байгаа нь үүнд нөлөөлж байгаа байх?

- Тийм ээ. Ер нь бол төв зам дээр автомашинаа тавиад түүнийг нь ачиж шилжүүлээд байгаа зүйл байхгүй. Төв замаас салаад үйлчилгээний байгууллагуудын гадаа машинаа тавиад л ачуулаад байгаа. Тиймээс үйлчилгээний байгууллагуудын зогсоолыг иргэдэд ашиглуулах саналыг өмнө нь гаргаж байсан, одоо ч гаргаж байна. 

Дараагийн санал нь тэтгэвэрт гарсан иргэдийг дайчлаад явуулын торгуулийн системийг нэвтрүүлэх юм. Олон улсад тэтгэвэрт гарч, орлого нь буурч байгаа хүмүүсээ ингэж ашиглахын зэрэгцээ санхүүгээр нь дэмжих бодлого хэрэгжүүлдэг. 

Түүнчлэн ачилтын компанийн орлогоос нийслэлийн Автозамын сан руу төвлөрүүлж, тухайн хөрөнгөөрөө зогсоолын асуудлаа шийдэх санал гаргаж байгаа. 

Улаанбаатар хотын төвийн ойролцоо 500-1,000 метрт томоохон зогсоолуудыг бий болгох, тэндээсээ төв рүүгээ хүртээмжтэй нийтийн тээврээр үйлчилдэг болох хэрэгтэй байна. 

 Автомашиныг ачиж шилжүүлэх ганцхан шийдлээр түгжрэл буурахгүй.

Дээр дурдсанаас гадна хотын төвд хувийн автомашинтай зорчихдоо нэмэлт төлбөр төлөх гэх мэт олон шийдлийг зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Түүнээс биш ганцхан автомашиныг ачиж шилжүүлээд түгжрэл буурахгүй. 

- Өнгөрсөн жил хэлж байсан саналуудаа энэ жил ахиад НИТХ, ХЗДХЯ-нд өгөх үү, шийдвэр гарахгүй жилийн дараа ахиад л хэвэндээ байх юм биш үү?

- Санал өгөх бүрд хүлээж авч байгаа тал энд ийм ажлын хэсэг, тэнд тийм ажлын хэсэг бий, танай саналыг тусгасан гээд хариу өгдөг ч удалгүй тэр яаман дээр, энэ яаман дээр гацчихлаа гээд л намждаг. Тиймээс бид өөрсдөө дагнаад энэ асуудал руу оръё гэж шийдээд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэд, ТББ-ууд, ачилтын холбооны төлөөлөл багтсан.

Жилийн өмнө өгсөн санал маань ажил хэрэг болоогүй учраас бид саналаа бариад өөрсдөө хөөцөлдөөд, албан тушаалтнуудтай уулзаад бодит ажил хэрэг болтол нь явна. 

- "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ноос нэг удаад тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөр 60 мянган төгрөгийнхөө 10 хувийг нийслэлийн Автозамын санд төвлөрүүлэх санал гаргасан гэж байсан. Танайд энэ саналаа мэдэгдсэн үү?

- НИТХ-аас энэ тарифыг тогтоосон. Нийт ачилтын тоогоор тооцвол жилд 300 сая төгрөгийг нийслэлийн Автозамын санд төвлөрүүлэх тооцоотой байна. Гэхдээ энэ хэмжээний мөнгөөр нэмж авто зогсоол барих боломжгүй. Тэгэхээр хувийг эргэж харах хэрэгтэй.

Мөн автомашиныг хэр зайд зөөж шилжүүлж байгаатайгаа уялдуулан тарифыг тогтоох шаардлагатай. ШӨТХГ Засгийн газрын XI байранд байрладаг бөгөөд манай гаднаас ачсан машиныг 600 метрийн зайд байрлах журмын хашаанд хүргээд 60 мянган төгрөгийн төлбөр авдаг. Зөөж шилжүүлж байгаа зайтай уялдуулан тарифыг тогтоохдоо хамгийн ойр журмын хашаанд хүргэнэ гэдгийг зааж өгөхгүй бол мөнгөө ахиу авах гээд хүний машиныг хол аваачиж тавиад, чирэгдүүлээд байж мэдэх юм. 

ШИНЭ МЭДЭЭ