МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинэ цэвэрлэх байгууламж нээлтээ хийлээ
2021.09.20
Барилга, Хот байгуулалт

Шинэ цэвэрлэх байгууламж нээлтээ хийлээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багт шинээр баригдсан Цэвэрлэх байгууламж нээлтээ хийлээ. Нээлтэд тус аймгаас УИХ-д сонгогдсон Л.Мөнхбаатар гишүүн бусад албаны хүмүүс оролцлоо.

Мөрөн сумын төв цэвэрлэх байгууламж 2001 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бохир усыг байгалийн аргаар цэвэрлэх зориулалттай баригдсан бөгөөд 2006 оноос ачааллаа даахаа больж бохир ус давж халих, далан задарч бохир тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байсан юм.

Мөн хүчин чадал нь хүрэлцэхгүй болсон далангууд тал бүрээрээ сэтэрч цэвэрлэх байгууламжийн ойролцоох багийн иргэдэд урин дулааны цагт бохир үнэртэж иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж ирсэн билээ.

Иймд энэхүү асуудлыг шийдвэрлэж, Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 9,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багт байрлах Цэвэрлэх байгууламжийг шинээр барьж ашиглалтад оруулаад байна.

Энэхүү цэвэрлэх байгууламж нь Хөвсгөл аймгийн хуучин цэвэрлэх байгууламжийн суурин дээр баригдсан бөгөөд хоногт 3000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, нийт 14 барилга, байгууламжаас бүрдсэн инженерийн иж бүрэн шийдэл бүхий орчин үеийн дэвшилтэд технологи дээр суурилсан цогц байгууламж юм.

Тус байгууламж нь Механик цэвэрлэгээний блок, Биологи цэвэрлэгээний байгууламж, Үйлдвэрийн барилга, Элс болон Лагийн талбай, Лаг боловсруулах цех, Био цөөрөм, Захираа, аж ахуйн барилга, Цахилгааны дэд өртөө, Цэвэрлэгдсэн усны насос станц, Дренаж болон бохир усны насос, Харуулын байр зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаас бүрдэж байна.

Түүнчлэн, уг байгууламжид 19 инженер техникийн ажилтан байнгын ажлын байраар хангагдаж, цэвэрлэгдсэн усаар ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш болон бордоо болгон ашиглах бүрэн боломжтой юм.

Цэвэрлэх байгууламж бол хот суурин газрыг агаар, хөрс, усны бохирдлоос ангижруулах нэг талын шийдэл юм. Тиймээс шинэ Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Мөрөн сумын 40,000 гаруй иргэд ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ