НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулах дулаалга хийж байна
2021.09.29
Барилга, Хот байгуулалт

37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулах дулаалга хийж байна

НЗДТГ, Дэлхийн банктай хамтран “Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд энэ жил дулаан алдагдлыг бууруулахад голчлон анхаарч байгаа бөгөөд нэг сургууль, гурван цэцэрлэг, дөрвөн угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахаар ажиллаж байна. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулахаар дулаалгын ажлыг эхлүүлжээ.

Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 40 жилийн хугацаанд дулаалга засварын ажил огт хийж байгаагүй тул өвлийн цагт сурагчид сэрүүн нөхцөлд хичээллэдэг байсан аж. Одоогоор дулаалгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулах хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, барилгын бүх цонхнуудын резинэн жийргэвчийг солин, хуучны модон цонхнуудыг вакум цонхоор сольж, шинэчлэхийн сацуу зарим хаалгыг нь сольжээ. Түүнчлэн барилгын суурийн дулаалга, гадна фасадны дулаалга, дээврийн дулаалга зэргийг хийж байгаа аж.

Төслийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд маш олон хэрэгцээтэй, чухал ажлуудыг хийж байгаа. Сургууль, цэцэрлэгийн дулаалгын ажлаас гадна 83-р цэцэрлэгийг газрын гүний дулаанаар холбох ажлыг эхлүүлээд байна. Дараагийн чухал ажил бол гэр хорооллын айл өрхүүдийн гэрийн дулаалга юм. Гэр сууцаа дулаалан, дулаан алдагдлыг үгүй хийснээр түлш хэмнэх давуу талтай. Цаашдаа энэ төслийн хүрээнд олон чухал ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа” хэмээв. Энэ жилийн хувьд Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн барилга, байгууламжуудыг дулаалах ажлыг хийж байгаа бол дараа жилээс хүн ам ихтэй, алслагдмал бүс нутгийн сургууль, цэцэрлэг, угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад анхааран ажиллах болно гэдгийг онцолж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ