МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Өнөрболор: Эдийн засгийг бүхэлд нь аварга биет гэвэл энэ аварга биетийн судас нь худалдаа юм
2021.09.29
Хууль, эрх зүй

Д.Өнөрболор: Эдийн засгийг бүхэлд нь аварга биет гэвэл энэ аварга биетийн судас нь худалдаа юм

УИХ-ын гишүүн Дамдинсүрэнгийн Өнөрболортой ярилцлаа


-Та Худалдааны тухай, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа.

-Манай улсын эдийн засгийн амьдралд нөлөө үзүүлэх, тулгамдсан хоёр ч хуулийн Ажлын хэсгийг та ахалж байна. Худалдааны хуулийн төсөл боловсруулах ажил ямар шатандаа явна. Энэ хуулийг онцолсон шалтгаан нь өнөөдрийн байдлаар улс даяараа шатахууны хомсдолд орсон, иргэд олон түмний бухимдал өндөр байна л даа?

-Сайн байна уу, танай уншигчдад энэ өдрийн мэнд дэвшүүлье.

-Нөхцөл байдлыг бодитой харах юм бол зах зээлийн уян хатан зохицуулах арга хэмжээ хэт эмзэг байна, зохицуулалт муутай байна, худалдааны бодлого хараат байна гэсэн үг л дээ. Манай улс урт хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор ажиллаж байна. Тиймээс улс орны хэрэгцээг худалдаагаар л зохицуулж ирлээ. Монгол Улс сард нийтдээ АИ-92 бензин гэхэд 38-40 мянган тонныг хэрэглэдэг. Үүнийхээ 95 хувийг ОХУ-аас импортолдог. Роснефть компаниас авдаг шатахуунаа гэрээгээр зохицуулдаг, гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага гэж зүйл байх ёстой. Зах зээлийн уян хатан зохицуулах арга хэмжээг сан байгуулснаар бий болгочихгүй л дээ.

Ганцхан өнцөг хэлэхэд манай улсад нэг үнэ, нэг тарифаар шатахуун худалдаалдаг систем байна, төрөөс үнийг нь хязгаарлаад байгаа болохоор өрсөлдөөн өрнөхгүй тал бий, үүнийг ч бодолцох ёстой. Яг үнэндээ шатахууны үнэ Оросын дотоодын зах зээл дээр ч өндөр байна. Нэг тонн АИ-92 бензин 57 мянган рубль. Бас онцгой албан татварынхаа хувь хэмжээг өсгөсөн байна. Ийм байхад дээр нь хил гаалийн нөхцөл байдал, тээвэр ложистик, өртгөөсөө алдагдалтай борлуулалт, бэлэн мөнгөний нөөц ямар байна вэ, нөөц бүрдүүлэлтээ яах, нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ барьсаар ирсэн аж ахуйн нэгжүүдэд хэлэх үг байгаа л байх. Ер нь ганц шатахууны асуудал ч биш эдийн засгийг бүхэлд нь аварга биет гэвэл энэ аварга биетийн судас нь худалдаа юм.

Судас хаана бөглөрнө тэнд хөдөлгөөн зогсоно. Бөглөрч тагларсан газар мэдээгүйжиж хөдөлгөөн зогсох төдийгүй үхжих аюултай. Тиймээс эрсдлээс хамгаалах эмчилгээ, зохицуулах үйлчилгээ, хөнгөвчлөх сувилгаа хийж дарамт ачааллыг нь багасгахгүйгээр импорт явах аргагүй юм. Тэр байтугай гадаад худалдаанд улам бүр хиймэл оюун ухаан нэвтэрч байна. Алдаагаа судлах хэрэгтэй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсч байсан уу гэвэл байсан шүү дээ. Үүнийг л харууллаа. Бид уламжлалт гал унтраах маягийн, богино хугацаанд аргацаасан системтэй явах уу, эсвэл бүхэлд нь реформ хийх үү. Ийм сонголттой нүүр тулаад байна.

Бодлогын төвшинд, стратегийн төвшинд, хэрэгжилтийн төвшинд асуудлаа зааг ялгаатай авч үзэх хэрэгтэй. Бүгдийг нь нийлүүлээд тунхаглачихдаг, өнгөц харахад энэ талаар хэлээд байна уу гэхэд хэлээд яриад байна, хэрэгжээд явж байна уу гэхээр алга болчихоод байна, хэлсэн ярьсан зүйлээ хэрэгжүүлж чадахгүй байна. Манай улсын эдийн засаг тогтвортой, баталгаатай хөгжихийн тулд эдийн засгаа стандарчлах, тэр нь системтэй, интеграцитай, зохистой институцитэй байж амьдрал дээр эрсдлээс хамгаалагдсан, бодитой, замбараатай, илүү хөдөлгөөнгүй, уялдаатай, уян хатан, нэг хараатай, дижитал болох юм.

-Та тэгвэл Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулах ажлаа ямар гарааны цэг дээрээс эхэлж байна. Энэ яриад байгаа зүйлээ яаж хэрэгжүүлье гэж бодож байна вэ?

-Гарааны цэгээ Монгол Улсын худалдааны бизнес хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна гэдгийг судлах багцлах ажлаас эхэлж хийж байна. Ямар түвшинд байна, ямар сорилт тулгараад байна, ямар хүндрэл бэрхшээл ужгираад байна энэ бүхнийг судлаж байна. Дээр нь цар тахлын хүнд нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, нийгмийн бухимдал, геополитикийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдал үүсч байгааг ч үгүйсгэхгүй. Бид хараа, чиглэл, туулах зам гурваа тодорхой болгох хэрэгтэй, чирэгч оюун санаа, локомотив ямар байхаа бодох хэрэгтэй болж байна. Үүний тулд замын зураглалаа анализ дүгнэлт дээр үндэслэж хийх хэрэгтэй. Энэ үүднээс хүмүүсийн санаа бодлыг сонсч байна.

Хууль боловсруулах Ажлын хэсэг маань УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. Байгуулагдсан өдрийнхөө маргаашнаас ажилдаа орсон гэхэд болно. Манай баг, ажлын дэд хэсгүүд энэ зунжингаа идэвхитэй ажиллаа. Одоогоор би сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн олон улсын банк санхүүгийн байгууллагууд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, НҮБ болон зарим төрөлжсөн байгууллагууд, худалдааны танхимуудын тэргүүн, холбогдох албаны хүмүүс, Япон, АНУ, Казахстан, БНСУ, БНСВУ, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Энэтхэг улс гээд арав шахам улсын ЭСЯ, Элчин сайд нартай, Монгол Улсад бизнес, худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын төлөөлөл гээд 40 гаруй байгууллага хамт олны 200 гаруй төлөөлөлтэй биечлэн болон онлайнаар уулзаж санал бодлыг нь сонслоо. БНСУ-д өөрийн зардлаар очиж туршлага судаллаа. Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцэх бүхий л санал санаачилгатай идэвхтэй хамтран ажиллах ёстой юм.

Мөн салбарын яам, агентлаг, газрууд зэрэг төрийн 20 шахам байгууллага, МХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, салбар бүрийн мэргэжлийн холбоод гээд 30 шахам нийтдээ 50 шахам байгууллагаас санал бодлыг нь нь бичгээр авч байна. Уншиж танилцаж дүгнэлт хийж байна.

Аравдугаар сард бизнес эрхлэгчид, худалдаа аж үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодууд, эрдэмтэн судлаачид, ард иргэдээсээ санал бодлыг нь сонсох, зөвлөлдөх уулзалтуудыг цар тахлын нөхцөл байдал дунд байгаа ч халдвар хамгааллын нарийн дэглэм барьж танхимд болон онлайнаар зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэлээ хангаж ажиллаж байна. Дотоод нөхцөл байдалтайгаа нүүр тулахгүйгээр ажил урагшаа явахгүй, хууль эрхийн орчныг дан ганц танхим дотроос төсөөлж болохгүй юм.

-Их ажил амжуулжээ. Хуулийн төслийн үзэл баримтлал, дүн нуруу босч байна уу?

-Босч байна аа. Ер нь манай эдийн засаг худалдаанаас хамааралтай мөртлөө сүүлийн 30 жил нэгдсэн бодлогогүй шахам, нэгдсэн зохицуулалтгүй явж ирлээ шүү дээ. Уг нь Үндсэн хуулиндаа “Төр үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гээд заасан байдаг. “Алсын хараа-2050”, МАН-ын Мөрийн хөтөлбөр,Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гээд бүхий л баримт бичгүүдэд эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн бодлого, хууль эрх зүйн орчныг тодорхой болгоно гэж заасан.

ДХБ-ын гишүүн орны хувьд худалдааны олон талт хэлэлцээрүүд, тохиролцоог өөрийн газар нутагт заавал хэрэгжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл эрх зүйн орчноо бүрдүүлээгүй байж болохгүй шүү дээ. Энэ байдлаасаа болоод демпингийн эсрэг, зах зээлээ хамгаалах, эрсдлийг саармагжуулах, хүнсний аюулгүй байдлаа хангах, төлбөрийн тэнцлийн алдагдал гүнзгийрсэн үед зохистой арга хэмжээ авах, шинээр бий болсон үндэсний үйлдвэрлэлийг хөл дээр зогсох нөхцлийг хангах гээд олон чиглэлээр боломж, эрхүүдээ бүрэн ашиглаж чадаагүй өдий хүрлээ. Гэтэл БНХАУ ДХБ-д манайхаас хойно элссэн мөртлөө бүхий л боломж нөхцлүүдийг тултал нь ашиглаж чадсан байдаг. Худалдааны эрх зүйн орчин их өргөн хүрээтэй юм даа. Зөвхөн дотоод, гадаад худалдаа, цахим худалдаа гээд орхичих асуудал биш. Бид Япон, ОХУ, Казахстан, ХБНГУ гээд арав шахам орны хууль эрх зүйн актуудыг судлаж байна. Ихэнх орнууд худалдааны хуулиа үндсэн хуулийн дараа орохуйц суурь төвшинд авч үзэж худалдааны яамаа тэргүүлэх чиглэлийн яамны хэмжээнд тавьдаг. Яагаад гэвэл эдийн засгийн аюулгүй байдлаа хадгалахын тулд л тэр шүү дээ.

Нөгөө талаар Монгол Улс ДХБ-д элссэн 1997 оноос хойш импортын тарифыг сонгодог утгаар нь нь буюу эдийн засгийн зохистой бүтцийг бий болгох, үндэсний болон импортын бүтээгдэхүүний зохистой харьцааг бий болгох, экспортын тарифыг түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулах хөшүүрэг болгон ашиглаж байгаагүй нь үндэсний үйлдвэрлэл дампуурах нэг үндсэн шалтгаан болж байсан. Шатахуунаас эхлээд бид горыг нь хангалттай амслаа. Өнөөдөр бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграци нь дэлхийн эдийн засгийн үндсэн хандлага болж, корона вирусын цар тахлын дараагаас бүр эрчимжих хандлагатай байна.

Эл үйл явц нь зах зээлийг тэлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг уул уурхайн бус салбарт нэмэгдүүлэх үндсэн арга болдог. Гэтэл Монгол Улс нь эл үйл явцад хамгийн сул хамрагдсан дэлхийн цөөн орны нэг байна. Иймд бүс нутгийн, юуны өмнө ядаж ойролцоо хөгжлийн түвшинтэй, мөн өндөр хөгжилтэй орнуудтай худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэх ажлыг бодлогоор эрчимжүүлэх, эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх шаардлага амьдралаас урган гарч байна. Цар тахлын үед дижитал худалдааны системд улс орнууд маш сайн бэлтгэгдлээ. Үүнийг ч харгалзахгүй өнгөрч боломгүй.

Монгол хүний энгийн худалдаа эрхлэх боломжоос дэлхийн нэмүү өртгийн үйлдвэрлэлийн сүлжээнд Монгол Улс өөрөө брэнд болох тэр боломжийг хүртэл энэ өргөн уудам бололцоо бол хуулийн үйлчлэх хүрээ гэж ойлгоход болох юм. Өргөн утгаараа шүү дээ. Дээр нь үндэсний эдийн засгаа олон улсын зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хүрээнд дэмжих, худалдааны олон талт тогтолцоогоор гишүүн орнуудад олгогддог бололцоог хөгжлийн зорилгоор бүрэн дүүрэн ашиглах, худалдааны олон талт гэрээ хэлэлцээрүүдэд хүлээсэн үүргээ биелүүлэх, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэх нь зах зээлийг тэлж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, худалдааг хөнгөвчлөх, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно. Ийм өргөн хараагаар, нийгэм эдийн засгийн шаардлагаар, Худалдааны хуулийн зохицуулах харилцаа, үйлчлэх хүрээ тодорхойлогдох юм.

Манай улсын эдийн засгийн голлох салбарууд жишээ нь мал аж ахуйн өртгийн сүлжээнд зориулсан дэд бүтэц, аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг дэмжих дэд бүтэц, экспортод гаргах эрчим хүчний дэд бүтэц ялангуяа сэргээгдэх эрчим хүч, эрдэс баялгийн өртгийн сүлжээнд зориулсан дэд бүтэц, бүс нутгийг холбох хөрш орнуудтай хийх худалдаанд зориулсан дэд бүтэц, транзит Монгол стратегийн коридор зэрэг бүх салбарын дэд бүтцээс урган гарч байгаа дам болон хавсарга худалдааны үйл ажиллагаа ч энэ хуулийн хүрээнд зохицуулагдах болно. Тиймээс туршлагатай ажиллах хүчнээс бүрдсэн институци бий болгохыг амьдрал шаардаж байгаа юм аа.

-Ямар институци байх ёстой талаар та илүү тодорхой ярьж болох уу?

-Манай Улсад худалдааны салбар үүсч хөгжөөд 100 жил болж байна. Бүхэл бүтэн зуун жилийн ололт амжилт, алдаа дутагдал, туршлага байгаа гэсэн үг. Одоо үүнийгээ шинэ шатанд гаргах 100 жилийн алсын хараа хэрэгтэй болсон байна. Тиймээс 100 жилийнхээ босгон дээр шинэ зууны худалдааны хууль эрх зүйн орчныг бий болгох хариуцлагатай үүрэг энэ УИХ-д ноогдож байна. Гадаад улс орнууд гэхэд жишээ нь Япон улсын “Худалдааны хууль” батлагдаад 130 жил болж байна. 1890 онд батлагдсан байна. ХБНГУ 1861 онд, Франц улс 1807 онд тус тус худалдааны суурь хуулиа батласан байдаг.

Мөн манай улс энэ 100 жилийн хугацаанд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед худалдааны салбарыг чухал ач холбогдолтой салбар гэж үзэж тухайн цаг үеийнхээ онцлог байдалд тохируулсан худалдааны үйл ажиллагаа эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж ажиллаж ирсэн байдаг. 1921 онд Сангийн яам эрхэлж байсан бол, 1930-1932 онд Худалдаа аж үйлдвэрийн яам, 1932-1935 онд Худалдаа аж үйлдвэр, зам тээвэр нэвтрэлцэх холбооны яам,1935-1937 онд Худалдаа аж үйлдвэрийн яам, 1937-1940 онд Худалдаа тээврийн яам, 1940-1960 онд Худалдааны яам, 1960-1987 онд Худалдаа бэлтгэлийн яам, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамтай байсан.

Одоо харин үгүй байна. Институцүүдийн уялдаагүй байдлыг шийдвэрлэхийн тулд ялангуяа улс хоорондын худалдааг нэмэгдүүлэхэд үүсээд байгаа саад тотгор, сорилтуудыг шийдэх, бүс нутгийн худалдааны хөдөлгөөний судсыг бөглөрүүлэхгүй байхын тулд худалдааны тээвэр ложистикийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, дотоодын бараа бүтээгдэхүүний хомсдлыг арилгах, үндэстэн дамнасан сүлжээнд үндэснийхээ эрх ашгийг хамгаалах, иргэдийнхээ эдийн засгийн эрх ашгийг хамгаалах, худалдааны саад тотгорыг арилгах, хөнгөвчлөхөд төлөвшсөн, чадварлаг, цомхон институцитэй байж хуулийн хэрэгжилтийг гардан зохион байгуулж чадах юм. Үндэсний эрх ашигт ч нийцнэ.

ШИНЭ МЭДЭЭ