МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Сүхбаатар: Иргэдийн оролцоо гэж ор нэр төдий саналыг нь сонсох байдлаар ханддагаа шат шатандаа болих ёстой
2021.09.30
Орон нутгийн хөгжил

Ж.Сүхбаатар: Иргэдийн оролцоо гэж ор нэр төдий саналыг нь сонсох байдлаар ханддагаа шат шатандаа болих ёстой

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа баталсан билээ. Энэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг урьж, тус хуулийн онцлог зохицуулалтын хүрээнд ярилцлаа.

Хуулиар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ зэргийг тодорхойлсон бөгөөд төвлөрлийг сааруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол гэх мэт Улаанбаатар хотод тулгамддаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх харилцааг зохицуулсан юм.


Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хөгжлийг эрхзүйн хувьд хязгаарласан саад, түгжээг энэ хуулиар тайлахыг зорьсон

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулгад нийцүүлэн баталсан гэж ярьж байгаа. Чухам хэрхэн нийцүүлэв. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье?

-Улсын Их Хурал 2021 оны хаврын ээлжит чуулганы сүүлчээр энэ хуулийг баталсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хот, тосгоны асуудлыг тодруулсан. Өөрөөр хэлбэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хот, тосгонд шилжүүлье. Тэгж байж хот, тосгон хөгжих боломж нөхцөл нь бүрдэх юм байна. Ер нь нутгийн удирдлагын эрх зүйн орчинд зарим өөрчлөлтүүдийг хийе, түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах хүрээнд Улаанбаатар бол Монгол Улсын нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж буй тусгай статус бүхий хот юм байна. Энэ хотын онцлог, статус тусдаа хуулиар зохицуулагдана гэж Үндсэн хуульд анхнаасаа суучихсан байсан тэр агуулгаа илүү тодорхой болгож зохицуулах ёстой гэдэг асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн 27 жилийн хугацаанд нийслэлд тулгамдсан асуудлууд буюу нийслэл хотын төвлөрлийг сааруулах, агаар, орчны бохирдолттой тэмцэх, нийгэм-эдийн засгийн хөгжлийг дэмжих, удирдлага, зохион байгуулалтыг нь оновчтой болгох асуудлыг харсан зохицуулалт эрхзүйн орчны хувьд хоцрогдсон, цаг үедээ нийцэхгүй болсон. Удирдлага, зохион байгуулалт, явуулж байгаа бодлогын хувьд ч эрх зүйн талаасаа хязгаарлагдсан байсан. Энэ түгжээг бид Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай шинэ хуулиар тайлахаар зорьж ажиллалаа. Одоо мөрдөж буйгаар Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой 150 гаруй хууль байна. Иймд хуулийн төслийг боловсруулж, батлуулахдаа нэгдүгээрт, энэ хуулиудын уялдаа холбоо муу байна гэж дүгнэсэн, хоёрдугаарт, бусад улс орнуудын жишиг туршлагыг харсан, гуравдугаарт нийслэл хотыг хөгжүүлэх өргөн цар хүрээтэй шинэ бодлогыг явуулах үүднээс тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг харсан, тооцсон. Улсын Их Хурал 2024 он хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлдээ ч гэсэн нийслэл хотын талаарх энэ хуулийг шинэчлэн батлахаар заасан байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол үзэл санааны дагуу эрх мэдлийн оновчтой хуваарилалтыг бий болгох замаар хариуцлагыг тодорхой болгох, иргэдэд үйлчлэх харилцаа хүртээмжтэй, ойлгомжтой байх тэр чиглэл рүү нь яах аргагүй нутгийн удирдлагын системд өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн гол концепцийг бид барьсан. Энэ бодлогын дагуу нийслэл хоттой холбоотой асуудлууд дээр тодорхой гарц, шийдлүүдийг эдийн засгийн талаас, байгаль орчны талаас, удирдлага, зохион байгуулалтын талаас, эрх зүйн бусад саад, түгжээг арилгах талаас бодолцож, гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу Улсын Их Хурлаас энэ хуулийг баталсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын идэвхтэй санаачилга, уйгагүй хичээл зүтгэлээр нийслэл хотын хуулийн төсөл мэргэжилтэнүүдийн хийгээд УИХ, Засгийн газрын том дэмжлэгийг богино хугацаанд авч чадсаныг энд зориуд тэмдэглэж хэлмээр байна.

Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих ёстой гэж олон жил ярьсан асуудлыг бодитоор хийх үндсэн боломж, нөхцлийг бүрдүүллээ.

-Хот бие даан хөгжих боломж, суурь нөхцөлийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар бий болголоо гэж та ярьдаг. Өмнө нь Улаанбаатар хоттой холбоотой том төсөл, арга хэмжээг хэрэгжүүлье гэхэд санхүүжилтийг хаанаас шийдэх вэ гэдэг асуудал хүндрэлтэй байсан. Нийслэлийн Засаг даргад ийм асуудлыг яаж шийдүүлэхээ мэдэхгүй болчихдог үе байсан байх. Одоо энэ хүндрэл арилсан уу?

-Шинээр байгуулагдсан Улсын Их Хурлын хамгийн анхны байгуулсан ажлын хэсэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ажлын хэсэг байсан. Миний бие энэ ажлын хэсгийн ахлагчаар, мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласны хувьд эдгээр хуулийн үзэл санааны үндсэн дээр хот бие даан хөгжих үндсэн боломж, нөхцөл шинээр бүрдэж байгааг хэлж байгаа юм.

Нийслэл хотод нэг сая таван зуун мянга гаруй буюу улсын хүн амын тал хагас орчим хувь нь амьдарч байна. Гэтэл өнгөрсөн 27 жилийн хугацаанд зөвхөн улсын төсөвт дулдуйдсан арга замаар л бид хотоо хөгжүүлэх гэж оролдож ирсэн. Дээр нь нийслэл хотын гол орлогыг улсын төсөв татаад авчихдаг. Үндсэндээ өөрсдөө орлого олсон ч гэсэн тэр нь татагдаад явчихдаг байсан. Саяхан бид нар ярьсан нэг асуудал бий шүү дээ, 420 тэрбум төгрөгийг энэ онд улсын төсөвт төвлөрүүлж авна. Энэ орлогыг цаашдаа дараа жилээс авахгүй байя гэж. Миний дурдсан хуулиуд болон Улсын Их Хурал, Засгийн газрын явуулж байгаа бодлоготой холбоотойгоор дараа жилээс хотын ийм хэмжээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээ зогсоохоор шийдвэрлэгдсэн. Эл асуудлыг хуулийн төслийг хэлэлцэх явцад ярьж байгаад, шийдүүлж чадсан.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэдэг бол хоёр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтан. Улаанбаатар хотын захирагч гэдэг бол нийслэлийн чиг үүргээс тусдаа хот нийтийн аж ахуйн чиг үүргийг гүйцэтгэдэг эдийн засгийн агуулгатай ажил гүйцэтгэдэг менежер. Нийслэлийн Засаг дарга бол улс төрийн албан тушаалтан буюу төрийн бодлогыг хэрэгжүүлдэг засаг төрийн төлөөлөгч.

Төрийн дээд байгууллага, төрийн захиргааны төв байгууллагууд, олон улсын байгууллагууд, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны том төвүүд төвлөрсөн гэдэг утгаараа нийслэл Улаанбаатар хот маань бусад улс орнуудын адил тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй хот. Хэдийгээр төр эрхзүйн байдлын хувьд аймгуудтай адилсах шинж чанартай боловч чиг үүрэг нь онцлогтой. Үүнтэй уялдуулаад нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийг Засгийн газрын гишүүнтэй адил хэмжээнд буюу Засгийн газрын гишүүний статустай болгоё гэдэг санал гаргаж байсан ч энэ удаа бид хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын хуралдаанд саналаа шууд оруулдаг, Засгийн газрын хуралдаанд өөрөө шууд оролцох эрхтэй байхаар эрх хэмжээг нь өргөтгөсөн. Энэ бол нийслэлийн удирдлагын хувьд чухал ач холбогдолтой зохицуулалт болсон. Засгийн газрын түвшинд оролцоо, эрх хэмжээ нь нэмэгдэж, төрийн захиргааны төв байгууллагуудтай шууд харилцахаас гадна статусын хувьд өргөжсөн. Энэ нь бидний хэлээд байгаа нийслэл хот өөрөө өөрийгөө аваад явах тэр бодлогынх нь түвшинд үүрэг оролцоог нь товойлгож өгсөн гэсэн үг. Эдийн засгийн хувьд энэ хуулиар олон арга хэмжээ, боломжийг олгосон. Нийслэлийн үнэт цаас, нийслэл хотын концессын асуудлууд хуулиар зөвшөөрөгдөж нийслэл хот өөрийн байгаа өмчөө арвижуулж, түүндээ тулгуурлаж, Засгийн газрынхаа зөвшөөрөл, хяналт дор үнэт цаас, концессоо гаргаад, хэрэгжүүлээд явдаг буюу өөрөө амьдрах чадвартай байх зохицуулалтыг тусгасан. Мөн бусад улс орнуудын жишгээр эдийн засгийн тусгай бүсийг дагуул хотууд дээр байгуулахаар зааж өглөө. Нийслэл хотод таваас дээшгүй эдийн засгийн тусгай бүс байгуулж болохоор заасан байгаа. Хуучин дагуул хот гэж ярьдаг байсан боловч дагуул хотын удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг, нөхцөл нь ямар байх юм гэхчлэн энэ бүхэн тодорхойгүй явж ирсэн. Харин сая энэ хуульдаа цоо шинэ бүлэг, зүйлээр зохицуулалт хийгээд орууллаа. Эдийн засаг, аж ахуйн талаасаа ер нь нэлээн олон зүйл нэмж оруулсан. Онцолж хэлэх юм бол энэ хуулийг дагалдаад газрын төлбөрийн, үл хөдлөх хөрөнгийн татварын, хотын албан татварын тухай, өмчийн асуудлууд, өрийн удирдлагын тухай гэхчлэн 16 хуульд өөрчлөлт орж байна. Нэг тогтоолд өөрчлөлт орсон. Энэ бүхэн юу руу чиглэж байна гэхээр Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих ёстой гэж олон жил яриад байсан тэр зүйлийг одоогийн Засгийн газар, Улсын Их Хурал том бодлого, зорилт болгон дэвшүүлж, хуулиар баталгаажуулчихлаа гэсэн үг. Ингэснээр Нийслэл хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих ёстой гэж олон жил ярьсан асуудлыг бодитоор хийх боломж, нөхцлийг бүрдүүллээ. Нийслэл Улаанбаатар хот 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд эрх зүйн шинэ орчинд орно, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэ хууль ч мөн хэрэгжиж эхэлэнэ. Өөрөөр хэлбэл, энэ хууль Улаанбаатар хотын оршин суугч, Нийслэл хотын аж ахуйн нэгж, байгууллагууд, нийслэл Улаанбаатар хоттой холбогдож буй бүхий л суурь харилцаануудыг тусгаж, зохицуулсан хууль юм.

Хотын иргэн зүгээр нэг хоргодох газар амьдран сууж байгаа хүн биш, төлөвлөлттэй, тохилог, хотын соёлтой орчинд амьдардаг оршин суугч байх ёстой

-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлсэн тухай та ярьж байна. Яаж нэмэгдүүлсэн бэ?

-Энэ хуулийг батлуулахдаа анхаарсан бас нэг гол концепц нь оршин суугч иргэдэд энэ хууль ямар өгөөжтэй байх вэ гэдэг асуудал юм л даа. Ер нь, Улсын Их Хурал сүүлийн үед баталж буй хуулиудын агуулгадаа төр, иргэн аль аль талдаа хүлээх үүрэг, эрх, иргэнд ирэх боломж, өгөөж юу байх вэ гэдэгт онцгойлон анхаарч байна. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай энэ хууль нийслэл хотын сая таван зуун мянга гаруй иргэдийн эрх ашгийг хангах, цаашлаад Монгол Улсын тэнцвэртэй хөгжлийг хангахад чиглэж байгаа. Жишээлбэл, бид нийслэл Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй байх асуудлыг олон жил ярьсан ч үндэслэлийг нь хуулиар шийдэж өгөөгүй байсан. Тэгвэл үүнийг энэ хуулиар тодорхой зааж өглөө. Хотын дүрмийн төслийг боловсруулахдаа оршин суугч, иргэдийн саналыг авна, батлуулчихаад гурваас доошгүй сарын дараа мөрдөнө гэдэг зохицуулалт тусгасан. Яагаад гурван сар гэж хугацаа зааж байна гэхээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагын саналыг аваад, тухайн дүрэмд дасан зохицож ажиллах боломжуудыг хангаж өгнө гэсэн үг. Хотын дүрэмд хуулиар зохицуулаагүй харилцаанууд ордог. Авто зогсоол, хашаа хайс, цэцэрлэгт хүрээлэн, дрон нисгэвэл яах, дуу чимээ, мал амьтан тэжээхэд яах вэ ч гэдэг юмуу. Олон асуудлыг хотын дүрмээр шийдвэрлэнэ. Мөн хотын оршин суугчидтай холбоотой асуудлаар Засгийн газрын түвшинд шийдвэр гаргахад нийслэлийн Засаг дарга заавал төлөөлж яам, тамгын газарт нь саналаа өгдөг. Хотын оршин суугчид тухайн асуудлаар саналаа гаргах боломжтой байх. Дээр нь төр, хувийн хэвшлийн түншлэл гэж их ярьж байгаа энэ үед иргэд, байгууллагын хувь нэмрийг агаар, хөрсний бохирдол, түгжрэл, ногоон байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд яаж авах, ямар байдлаар татан оролцуулж болох вэ гэх зэргийг шийдвэрлэх зохицуулалт орсон гэж болно. Тухайлбал иргэдийг урамшуулах асуудал тусгагдсан. Ногоон байгууламж, түгжрэлийг шийдвэрлэх, орчны бохирдлын эсрэг иргэний санаачилга гарвал хотоос урамшуулж дэмжих тодорхой заалтуудыг хийсэн. Энэ бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог хангаж, санал санаачилгыг нь дэмжих тухай асуудал. Үүнтэй уялдуулж хэд хэдэн заалт бас орсон.

Захиргааны ерөнхий хуулийн шаардлагуудаар аливаа шийдвэр гаргахдаа оршин суугчдын санал авдаг, оршин суугчдадаа мэдэгддэг, сонсгодог, оролцоог нь хангасан байх тухай гэдэг ч юмуу. Хамгийн их бухимдал дагуулдаг асуудал болох гэнэт нэг газар газар эзэмшүүлэх, ашиглах эрхийн шийдвэр гарчихсан байдаг жишээн дээр ярихад л хэрвээ ийм шийдвэр гаргах гэж байгаа бол иргэдийн эрх ашгийн үүднээс хандах, саналыг нь авах олон зохицуулалт хийж өгсөн. Жишээлбэл элс, хайрга, дайрга Туул голын дагуу олборлож, ашигладаг. Үүнтэй холбогдуулаад энэ хууль бүр суурьшлын болон ногоон бүсээс нэг км дотор түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгохгүй гээд хатуу заасан.

Түүнчлэн, сүүлийн үед иргэд, оршин суугчдын эрх ашгийг хотын төвд чигжүү барилга барьдаг, “бетонон ширэнгэ” босгодог асуудал ихээхэн хөндөгдөөд байгаа. Тиймээс энэ тал дээр бүр тусгайлаад заалт оруулсан. Барилгын норм, дүрэм, хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд заасан хүн амын нягтралаас давсан газарт ногоон байгууламж, нийгмийн болон инженерийн шугам сүлжээ, нийтийн эзэмшилтэй холбоотой зориулалтын барилга байгууламжаас бусад асуудлаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, зөвшөөрөл олгохгүй. Энэ мэтчлэн олон заалтууд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхлэхээр оршин суугчдын эрх ашиг буюу хотын оршин суугч гэж хэн юм бэ ямар эрх, үүрэгтэй юм бэ гэдэг асуудал тодорхой болоод ирнэ гэж үзэж байна. Хотын оршин суугч бол зүгээр нэг хоргодох газар байгаа хүн биш, төлөвлөлттэй, тохилог, хотын соёл бүхий орчинд амьдарч ажилладаг оршин суугч байх ёстой. Энэ хууль иргэдэд өгөөжтэй, иргэн лүүгээ чиглэсэн хууль болсон гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Иргэдийг урамшуулсан, иргэдийн санал бодлыг харгалзсан байхыг шаардсан, энэ чиглэл рүү шахсан байдлаар гаргалгаа, зохицуулалтыг хийсэн

-Зарим асуудлаар Улаанбаатар хотод өөрийн гэсэн “зовлон” байдаг. Тухайлбал таны хэлсэн шиг эрх зүйн хувьд зарим ажлыг явуулах боломж нь өнгөрсөн хугацаанд хязгаарлагдмал байсан. Харин энэ түгжээг тайлж байгаа гэж байна шүү дээ. Энэ хуулийн хамгийн чухал ач холбогдол нь энэ юмуу гэж харж байна?

-Санал нийлж байна. Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тухай их олон зүйлийг бид ярьдаг мөртлөө хууль нь ерөнхий учраас тийм, ийм баймаар байна гэхээс хэтэрдэггүй байсан. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт голын хамгаалалт, тохижилтын асуудал дээр хүлээх үүрэг нь шууд тодорхой биш, Байгаль орчны тухай хуулиар үүрэг хүлээсэн юм шиг боловч тодорхой гүйцэтгэх боломж хязгаарлагдмал байсан. Тиймээс энэ хуулиар нийслэлийн тодорхой чиг үүрэг дотор нийслэлийн нутаг дэвсгэр дэх голын хамгаалалт, тохижилтын асуудлыг тусгасан. Аливаа хотын өнгө төрхийн илэрхийлэл нь, хотын оршин суугчийн соёл нь тухайн хотынхоо хажууд буй голын эргэн тойрны тохижилт, амарч зугаалах боломжтой байдал, цэвэр агаартай хүртэл холбоотой шүү дээ. Ингээд яриад байвал энэ хууль иргэдийг урамшуулсан, иргэдийн санал бодлыг харгалзсан байхыг шаардсан, тэр чиглэл рүү шахсан байдлаар олон гаргалгаа, зохицуулалтыг хийж өгсөн.

Ер нь анхаарах хамгийн чухал зүйл бол иргэдийн оролцоог ор нэр төдий хангадаг, ор нэр төдий саналыг нь сонссон болдог байдлаа бид шат шатандаа зогсоох ёстой. Төсвөө боловсруулахаасаа эхлээд иргэдийн саналыг авдаг байх хэрэгтэй. Энэ хуульд Нийслэлийг хөгжүүлэх зориулалтын тусгай санг зааж өгсөн. Өмнө нь сангийн хөрөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй, маргаан дагуулдаг байсан бол үүнийг хэрхэн ашиглах талаар тодорхой зааж өглөө. Хууль хэрэгжээд эхлэхээр нийслэлийн иргэн би ямар эрх, үүрэгтэй вэ гэдгээс гадна манай хотын удирдлага, зохион байгуулалт ямар байх юм, цаашдаа нийслэл хотыг хөгжүүлэх хөгжлийн бодлогыг хэн, хаанаа зангидах юм гэдэг тодорхой харагдана. Бусад оронд “хотын ерөнхий архитектор” гэдэг албан тушаалтан хамгийн сүрхий мундаг хүн байдаг. Тиймээс хотынхоо хамгийн чухал хүн болох ерөнхий архитектороо томилоход нийслэлийн иргэд оролцоотой байх хэрэгтэй. Энэ зохицуулалтыг нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулж өөрчлөлт оруулсан Хот байгуулалтын тухай хуульд зааж өгсөн. Тухайлбал, хотын ерөнхий архитекторыг нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсголын үндсэн дээр хотын захирагч томилно гэж нээлттэй сонгон шалгаруулалт нь иргэдийн оролцоог хангаж байна гэсэн гэсэн үг. Хотын ерөнхий архитектор маань ийм хүн болох гэж байна шүү гэж иргэдэд мэдүүлж, саналыг нь сонсож байна. Гэтэл өнөөдөр хүртэл явж ирснээр хэн гэдэг ч хүн болсон юм, хэн, хэзээ ч томилсон нь мэдэгддэггүй. Хотын ерөнхий архитектор гэдэг хүн байна уу, байна.

Гэхдээ хийдэг ажил нь тодорхой биш. Хууль хэрэгжээд эхлэхээр хотын ерөнхий архитекторыг нээлттэй сонсгол, сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилоод, тэр албан тушаалтан нь хот байгуулалтын асуудал дээрээ бодлогоо зангидана гэсэн үг. Энэ бол хууль иргэдэд өгөөжтэй байх тал дээр гарч ирж байгаа цоо шинэ ахиц дэвшил. Сүүлийн үед Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол, нээлттэй томилгоонууд хийх тал дээр нэлээн дэвшилттэй ажиллаж байгааг иргэд анзаарч байгаа болов уу. Өмнө нь хоорондоо тодорхой хүрээнд яриад нэг хүнийг гэнэт томилчихдог байсныг хязгаарлаж, иргэдэд ямар хүн томилогдох гээд байна, ямар хүн энэ ажлыг хариуцах гээд байна гэдэг урдчилсан мэдээллийг өгдөг болсон. Яг үүнийг хотын ерөнхий архитекторын томилгоонд хийж өгсөн. Одоо мөрдөж байгаа хуулиар хотын ерөнхий менежерийн үүрэг ч бас тодорхойгүй. Хотын аж ахуйн асуудал эрхлэх нь ойлгомжтой гэдэг боловч нэлээд асуудал нь өөрт нь харъяалагдаж өгдөггүй. Тиймээс энэ талаар хотын удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хуульд суулгаж, тодорхой болгож өглөө.

Энэ хуулийг иргэдэд өгөөжтэй, иргэн лүүгээ чиглэсэн хууль болсон гэдэгт эргэлзэхгүй байгаа

-Нийслэл хот энэ хуулийг дагаад өөрийн гэсэн дүрэмтэй болох тухай хэлэлцүүлгийн үед яригдаж байсан, энэ асуудал яаж туссан бэ?

-Хууль хэрэгжээд эхлэхээр Улаанбаатар хот бусад улс орнуудын жишгээр хотын өөрийн стандарттай, дүрэмтэй, хотын өөрийн аж ахуй, эдэлбэр газартай болно. Хотын стандарт гэж анх удаа энэ хуулиар зааж өгсөн. Нийслэлийн газрын алба газрын наймааны алба болсон гэсэн шүүмжлэл тасрахгүй байгаа. Иргэдэд үйлчилдэг, иргэдийн төлөө ажилладаг газар байх ёстой атал газрын наймаа хийдэг алба болчихсон байдал нь өөрчлөгдөнө. Хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөөг батлах асуудлыг хүртэл энэ хуульд зааж өгсөн. Хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөөнд иргэд саналаа өгнө. Иргэнтэй холбоотой өөр бас нэг чухал заалтыг тодруулж хэлэхгүй бол болохгүй. Юу вэ гэхээр оршин суугчид хотын ерөнхий хөгжлийн болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд заагдсан суурьшлын бүсэд амьдарч байгаа л бол нийгмийн болон инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцээр хангагдах эрхтэй, энэ эрхээ хангуулахаар шаардах эрхтэй. Үүнийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл дэд бүтцээр хангах нь төрийн үүрэг болж байна гэсэн үг. Ийм учраас энэ хуулийг иргэдэд өгөөжтэй, иргэн лүүгээ чиглэсэн хууль болсон гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Хууль хэрэгжихээр дагаад нийслэл хотод бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Хийх гэж байгаа ажил, чиг үүргийн хүрээнд шинэ зохион байгуулалтад орох шаардлага үүснэ гэсэн үг. Шинэ зохион байгуулалтыг шинэ бүтцээр хийнэ. Тиймээс хотын удирдлагын хувьд хуулийн зорилтуудын хүрээнд бүтцээ авч үзэж, төсөв, орон тоог нэмэгдүүлэхгүйгээр төсвийн бус эх үүсвэрээр хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх асуудлаа шийдвэрлэнэ. Улаанбаатарыг тойрсон хурдны зам, нүхэн, гүүрэн гарц, явган зорчигчийн зам, метро гэдэг ч юмуу энэ бүхэн төсвийн эх үүсвэрээр хэрэгжих боломж бага. Тиймээс эдгээр ажил цоо шинэ шинэ агуулгаар ажил хэрэг болон өрнөнө. Бэлтгэл ажлын хүрээнд хотын захиргааг, зарим их дээд сургууль, зарим захуудыг нүүлгэх асуудлыг одооноос ярьж байна. Энэ төвлөрсөн, бөөгнөрсөн байдлыг задлах ажил хэдийгээр хууль хэрэгжиж эхлээгүй ч хуулийн үзэл санааны хүрээнд эхэлчихсэн явж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын авто зам, газар, нийтийн тээврийн асуудлыг ганц улс төрийн албан тушаалтан болох хотын дарга л яриад байдаг. Гэтэл хариуцсан хариуцсан дарга нь ярьдаг, тэр хүнээ хотын иргэд нь мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Манай хотын энэ бүх тодорхойгүй асуудал цаашид хуулийн дагуу цэгцэрнэ. Өнгөрсөн 27 жилийн хугацааны энэ мэт асуудлуудаа эргэн харж, засаж залруулсан, шинэ бодлогын дагуу шинэ зорилт дэвшүүлсэн хууль хэрэгжинэ гэж ойлговол зохино.

ШИНЭ МЭДЭЭ