Б.Ганхуяг: Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн ҮНДЭС МОД нь Эрдэнэс Тавантолгой
Аль ч цаг үед төр хамгийн муу менежер байсаар ирсэн түүхтэй. Төрийн өмчид буй аж ахуй нэгжүүд ашигтай гэхээс илүү алдагдалтай, төсвөөс татаас авдаг. Түүнийг дагаж улс төр, эрх мэдэл, авлигын асуудал байнга яригддаг. Харин энэ тогтсон ойлголтыг өөрчлөн харуулж яваа хүн бол “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг юм.
Учир нь тэрээр Монгол Улсын Засгийн газар 80 гаруй хувийг нь эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг амжилттай удирдаж цаасан дээр “ажиллаж” байсан компанийг бодит амьдрал дээр ажиллуулж чадсан юм. Тус компанийн Монгол Улсын 2 сая 500 мянга гаруй иргэний эзэмшдэг 1072 хувьцаа ашгаа өгнө гэдэг саяхныг хүртэл үлгэр мэт сонсогдож байсан нь үнэн. Харин үүнийг бодит болгон, өнөөдрөөс яг 1 жилийн өмнө буюу 2020 оны есдүгээр сард компанийн ашгаас хувьцаа эзэмшигч иргэн бүрт ногдол ашиг ч тараасан юм.
Сүүлийн 30 орчим жил Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын төсвийн ихэнхийг бүрдүүлдэг ганц саалийн үнээ байлаа. Харин сүүлийн жилүүдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг төсвийн хоёрдахь саалийн үнэ гэх болсон. Энэ нь ч аргагүй үнэн. Татварын ерөнхий газраас 2020 оны шилдэг татвар төлөгчдөө тодруулахад “Эрдэнэс тавантолгой” ХК “Эрдэнэт үйлдвэр”-ийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь үүнийг гэрчилж байна. Эрдэнэс Тавантолгой компани ингэж нэрлэгдэх, ингэж ашгаа өгөх чадалтай болсон нь яах аргагүй Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай холбоотой. Тэрээр улс төрөөс ангид байлгаж, жинхэнэ бизнес, компанийн зөв засаглал, дэлхийн стандартад нийцсэн уурхай, мэргэжлийн боловсон хүчнүүдээр багаа бүрдүүлж, чадварлаг удирдан ажиллаж чадсаны илрэл билээ.
Тэрээр нэгэн ярилцлагадаа хамт олныхоо тухай ярихдаа: “Эрдэнэс тавантолгой” компанийн уурхайчид, ажилтнууд өнгөрсөн 10 жил монголын нүүрсний салбар, уул уурхайн хөгжил, нийгэм, эдийн засаг, гадаад зах зээл гээд олон даваа нугачааг даван гарсан хамт олон. Бүх бэрхшээлийг өөрийн биеэр туулж ирсэн уурхайчин хамт олон юм.” гэж онцолж байсан.
Энэ хамт олны сүүлийн 3 жилийн хийж бүтээсэн үзүүлэлт нь өндөр үр ашиг бөгөөд Монголдоо төдийгүй Азидаа үнэлэгдэх амжилтад хүрээд байна.
Төрийн шууд нөлөөлөлд улс төрийн амлалтыг биелүүлэх гэж өндөр зээл авч, иргэдэд тарааж үр ашиг ярих нь байтугай өртэй байсан компанийг 2016 оноос хойш Б.Ганхуяг уг компанийг удирдаж санхүүгийн зөв менежментийг хэрэгжүүлж, ул төрөөс ангид байлган Бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн 2,5 сая хувьцаа ЭЗЭМШИГЧ иргэнтэй, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй, төрийн удирдлага, УИХ, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллага, бизнес эрхлэгч, ААН-үүд Эрдэнэс тавантолгойн ашгаас хүртдэг ийм түвшинд хүргээд байна.
2021 оны тавдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн Хөдөлмөрийн гэрээг 5 жилээр сунгасан байна. Мөн Эрдэнэс тавантолгой ХК-ийн А6-20 хэмээх 2021-2025 оны бизнес төлөвлөгөөг ТУЗ-өөр баталсан. Ингэснээр урт хугацааны стратеги, бодит судалгаа, тайлан, хөгжлийн хөтөлбөр, баримт бичигт тулгуурлан боловсруулсан уг төлөвлөгөөг Б.Ганхуяг захирал гардан гүйцэтгэх боломжтой болсон юм. Үүний цаана Эрдэнэс тавантолгой ХК-ийн амжилт, өндөр ашиг, зөв менежмент тод харагдаж байна.
Эрдэнэс Тавантолгой компани ил уурхайн үйл ажиллагаа монголчууд бие даан хийж, хөгжүүлэн авч явах бүрэн боломжтой гэдгийг харуулсан. Үүнийг гадныхан ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэгвэл гадны хөрөнгө оруулалт, зээл тусламж тосч суулгүй дотоод, гадаадаас хөрөнгийн зах зээлд ЭТТ бонд гаргаж төлөвлөсөн хөрөнгийг хангалттай татаж чадсан амжилт мөн л Эрдэнэс тавантолгойн хамт олных.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, БИЗНЕС ЭРХЛЭГЧИЙН ХООРОНД ИТГЭЛ ТӨРҮҮЛСЭН ТОМООХОН АЛХАМ БОЛОВ
Заавал гаднаас томоохон хөрөнгө оруулагч орж ирж байж томоохон төсөл хэрэгжүүлэх, ажил хийгдэнэ гэж хүмүүс ойлгодог байсан. Гэтэл Эрдэнэс Тавантолгой ХК өөрсдөө томоохон бүтээн байгуулалтуудаа хийж, иргэн бүрийнхээ эзэмшиж байгаа 1072 хувьцаанд ногдол ашиг өгч, улсын нэгдсэн төсвийн томоохон хэсгийг бүрдүүлэгч болж чадсан.
ЭТТ бондын арилжааны нээлт
ЭТТ бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн бөгөөд эхний үе шатыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулсан юм. Уг арилжаанд давхардсан тоогоор нийт 970 иргэн, аж ахуйн нэгж оролцож 2.755.639 ширхэг захиалга хийсний дагуу 347.7 тэрбум төгрөг, банкуудын дахин санхүүжилтийн гэрээний дагуу 330 тэрбум төгрөг, нийт 677.7 тэрбум төгрөгийн багцын санхүүжилтийг амжилттай бүрдүүлсэн.
Бондын хоёр дахь транчийн захиалга 08 дугаар сарын 16-25-ны өдрүүдэд явагдсан. Энэ удаад 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгон арилжаалсан юм. Энэхүү бонд нь ам.доллараар гарч байгаа тул ханшийн уналтын эрсдэлгүй бөгөөд ам.долларын бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдээс харьцангуй өндөр хүүтэйгээрээ давуу талтай байсан.
Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн юм. Бондын арилжаанд оролцож, хөрөнгө оруулсан иргэн, ААН бүр үндэснийхээ бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулсан явдал боллоо.
ЭТТ БОНД БОЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРЧ БАЙГАА ХАМГИЙН ТОМ ХЭМЖЭЭНИЙ БОНД ЮМ
Иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү бондын санхүүжилтэд хөрөнгө оруулснаар Монголын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг нөлөө үзүүлж, өөрийн хөрөнгийг тогтмол үр өгөөжтэй өсгөхийн сацуу эх орны тусын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Банкны хадгаламжаас харьцангуй өндөр хүүтэй, үйл ажиллагаа нь тогтвортой, ашигтай ажиллаж байгаа, нээлттэй, итгэлтэй компанийн бондыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд гурван үе шаттайгаар санал болгоно.
Үүсгэн байгуулагдахаас нь эхлээд өнөөг хүртэл Эрдэнэс Тавантолгой хэмээх энэ их айлыг амжилттай удирдан яваа Б.Ганхуяг захиралд төр, түмэн алга таших нь зүйн хэрэг биз ээ. Цаашид Монголчууд уул уурхайн салбартаа хэрхэн өөрсдөө ихийг бүтээж, бие даан ажиллаж, олон улсын жишигт нийцсэн стандарт, хөрөнгө оруулалтыг нэмвтрүүлж чаддагийг харуулж явна.
Цэнхэр, ягаан тасалбараар хувьцааг төсөөлж явсан Монголчууд өдгөө 1072 хувьцаанаасаа ашгаа хүртэж, Уул уурхайн төслөөсөө эдийн засгийн үр өгөөжөө төр нь авч чадаж байгаа нь яах аргагүй Б.Ганхуяг захиралтай Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гавьяа юм.