СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

2021.10.06
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Бумбатын булгийн орчимд 5000 ширхэг мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ. Энэхүү арга хэмжээг 24-р хорооны Баруун салаа Бумбатын булгийн орчимд зохион байгуулж байна.

Мод тарих үндэсний хөдөлгөөн дүүргийн хэмжээнд аравдугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд санхүүгийн 60 байгууллага 5000 ширхэг мод тарих юм. Дүүргийн хэмжээнд нээлтийн үйл ажиллагаа болон мод тарих ажлыг байгууллагуудын дунд цагийн хуваарийн дагуу зохион байгууллаа.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй арга хэмжээнд одоогийн байдлаар санхүүгийн нэгдлийн 16 байгууллага оролцож хуваарийн дагуу 1200 гаруй Буйлс, Гүйлс, Хайлаас, Улиас, Агч зэрэг хэд, хэдэн төрлийн модыг суулгасан байна.

Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай "Ирээдүйн дөрвөн жилийн хугацаанд ногоон хөгжлийг дэмжиж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байгаа. Тиймээс бидний зорилгод хувь нэмэр оруулж, Үндэсний мод тарих арга хэмжээнд идэвхтэй оролцож буй нийт байгууллагууддаа талархал илэрхийлье. Модыг тарихаас гадна арчилж ургуулна гэдэг маш чухал ажил байдаг. Тиймээс дүүргийн зүгээс нийт байгууллагуудын суулгасан модыг цаашид арчлан ургуулж, ногоон орчин бүрдүүлэхэд онцгой анхаарах болно. Сонгинохайрхан дүүрэгтээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе" хэмээлээ.

Харин өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төрөлжсөн хадгаламжийн төв, Монголын үнэт цаасны клирингийн төв, Монгол даатгал, Бодь даатгал, Номин даатгал, Мандал даатгал, Практикал даатгалын хамт олон 720 ширхэг мод суулгах хуваарьтай ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ