Монгол, Оросын компаниудын бизнес уулзалтын давтамж нэг дахин нэмэгджээ
2021.10.08
Гадаад харилцаа

Монгол, Оросын компаниудын бизнес уулзалтын давтамж нэг дахин нэмэгджээ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй энэ онд хоёр орны бизнес эрхлэгч нарын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхижиж байна. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-ийн халдвартай байгаа ч энэ онд хоёр улсын бизнес уулзалт, ажил хэргийн зөвлөгөөн олон нийтийн, ТББ болон төр, засгийн хүрээнд, мөн олон улсын чуулган уулзалт зэргээр нийт 8 удаа цахимаар болж давтамж нэг дахин нэмэгджээ.

Анхны уулзалтыг МҮХАҮТ ОХУ-ын “Соложи Эксперт” групптэй хамтран Монгол-Оросын машин үйлдвэрлэлийн салбарын анхдугаар цахим уулзалтыг 4 дүгээр сарын 28-нд байгуулсан. Мөн ОХУ-ын Екатеринбург хотноо болсон “Иннопром-2021” олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнг ойн хүрээнд 7 дугаар сарын 6-9-нд зохион байгуулж, Евро-Азийн хамгийн томд тооцох уг үзэсгэлэнд хоёр орны бизнесийнхэн цахимаар уулзсан.

Хамгийн сүүлд гэхэд ойн үйл ажиллагааны хүрээнд хойд хөршийн Үйлдвэр, худалдааны яам (ҮХЯ)-ны дэмжлэгээр ХАА болон зам, барилгын машин тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэнг ОХУ-тай хамтран ажиллах Монгол Улсын ажил хэргийн Зөвлөлөөс өнгөрсөн сарын 27-28-нд Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд буюу “Русский дом”-д зохион байгуулав.

Мөн МҮХАҮТ-д 9 дүгээр сарын 28-нд Монгол-Оросын бизнес эрхлэгч нар барилга, тээвэр зуучийн салбарт хамтран ажиллах бизнес уулзалт боллоо. Энд ОХУ-аас барилга байгууламж үйлдвэрлэлийн “Азия Сибирь” болон төмөр бетон үйлдвэрлэлийн “ЖБИ-19”, “Корпораци Лесмаш”, ачаа тээвэр, гаалийн үйлчилгээний “РТК Абакан” зэрэг компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, Монголын бизнес эрхлэгчид, компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Уулзалтад манай улсын талаас 30 гаруй ААН-ийн төлөөлөл оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжийн талаар санал солилцсон юм.

Энэ онд манай улсын 120 шахам компани, ААН хойд хөршид бараа, бүтээгдэхүүнээ гаргах хүсэлтээ илэрхийлжээ. Монголын компаниуд ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн болон ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлохоор байгааг МҮХАҮТ-ын экспорт, гарал үүслийн албанаас мэдээлж байна. Манай улсаас ОХУ-д гаргах ААН-үүдийн бүтээгдэхүүний төрөл нэмэгджээ. Манай бизнес эрхлэгчид ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортлоход гаалийн татвар 40-45 хувь байгааг бууруулж өгөх хүсэлтийг төр, засагт удаа дараа тавьж буй юм.

Энэ талаар Монголын Худаллаа, аж үйлдвэрийн Танхимын дарга Т.Дүүрэн хэлэхдээ, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ОХУ-аас Монгол Улсыг сонирхож буй бизнесийн төлөөллийн санал тасрахгүй байгааг онцрлж байна. Манай улсын хувьд нефтийн бус бүтээгдэхүүний импорт, Монголоос гарч буй бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд санал солилцож, боломжит хувилбаруудын талаар ярилцаж байна хэмээн тодотгож байна.

100 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ, ОХУ-ын Бүгд Найрамдах Хакаси улсын ХАҮТ-тай хамтран Монгол-Оросын бизнес уулзалтыг зохион байгуулсан. Түүнчилэн ОХУ-ын "Байгалийн олон улсын түншлэлийн Форум"-ийн хүрээнд тус улсын Эрхүү хотын захиргаа ОХУ-ын ХАҮТ, Дорнод Сибирийн танхим, Эрхүү дахь Ерөнхий консулын газар хамтран Эрхүү мужийн үйлдвэрлэл эрхлэгч, ААН-ийн төлөөллийг Монгол Улсын үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч компаниудтай холбох, компани тус бүрээр ганцаарчилсан B2B уулзалт зохион байгуулсан.

ОХУ-ын Бүгд Найрамдах Хакаси улсын ХАҮТ-ын ерөнхийлөгч В.А.Сорокин уулзалтын үеэр хэлэхдээ, ОХУ цар тахлын дараах эдийн засгийг дэмжихэд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Цар тахлаас үүдэн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа түр хугацаанд саатсан боловч өнөөдөр цөөн тооны бизнес эрхлэгч ирж, Монголын ажл хэрэгч нөхөдтэй нүүр тулан уулзах боломж олдлоо” гээд Боршоо-Хандгайт боомтыг хөгжүүлж, автозам болон төмөр замын тээвэр ложистикийн төв болгох стратегийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын зах зээлд гарах эдийн засгийн гүүр бий болох боломжтойг онцолсон юм.

Үүний өмнө энэ оны 5 дугаар сарын 20-нд ОХУ-тай худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх цахим уулзалтыг МҮХАҮТ ОХУ-ын "Деловая Россия", Орос-Азийн бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж, Оросоос 20, манай улсаас 28 ААН оролцсон. 8 дугаар сард “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт болсон. Энд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хэлэхдээ "Энэ жил Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг их том тоо. Ирэх 100 жил манай 2 улс эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг цоо шинэ түвшинд гаргах ёстой” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.


Монгол, Оросын харилцааны олон салбар дотроос худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тааруу байгааг Ерөнхий сайд яриандаа дурьдаад манай улсын экспортын бүтцэд 1992 онд ОХУ 58.5 хувийг эзэлж байсан (БНХАУ 17.8 хувь) бол 2019 онд ОХУ-ын эзлэх хэмжээ 0.9 хувьд хүрсэн (БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь) үзүүлэлттэй байгааг хэллээ. Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2009 оноос Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бий болгосон 2019 он хүртэлх өнгөрсөн 10 жилд хоёр орны харилцаа 2014 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсон. Одоо хоёр талын худалдаанд тарифын болон тарифын бус саад тотгор тулгарч буй. Үүнийг бууруулах нэг гарц нь ОХУ багтдаг Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах юм.

Дээрх уулзалтад үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов хэлэхдээ, "Манай хоёр улсын хувьд хууль, эрх зүй, улс төрийн хувьд маргаан байхгүй. Монгол-ОХУ-ын харилцааны 100 жил хоёр улсын ашиг сонирхолд бүрэн нийцдэг.


Хоёр улсын харилцааны шинэ зууныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эхлүүлж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах хэлэлцээ хийсэн. Энэ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө. Манай хоёр орон улс төр, хүмүүнлэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөн. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хоцрогдолтой байгаа. Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин сайн. Харин хоёр улсын худалдааны эргэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ гэвэл нэгдүгээрт, хоёр улсын экспорт төстэй учраас зах зээл рүү ижил бараа бүтээгдэхүүн экспортолдог. Дээрээс нь худалдааны баланс алдагдсан.

Монгол Улс жил бүр ОХУ-аас нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор авдаг. Гэхдээ Монголоос гарч буй экспорт маш бага. Үүнд та бүхэн анхаарал хандуулаач. Нэн тэргүүнд хилийн бүс нутгийн худалдаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Энэ бүс нутагт Монгол Улсын худалдан авалтын 70 хувь бий. Тиймээс хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна" гэсэн юм. Цаашид хоёр улс эрчим хүчний супер сүлжээ байгуулах төсөл, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд мартахгүй байх хэрэгтэйг Элчин сайд И.К. Азизов онцолсон.

Манай хоёр улсыг холбож буй Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин, цахилгаан хангамж, автозамыг Монгол Улс шийдээд буй. Өнгөрсөн хугацаанд тус бүс 26.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс оруулжээ. Одоо энд 126 ААН бүртгэлтэйгээс 63 нь 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, 1.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлөөд байна. Энд 20 ААН 60-аад ажлын байр бий болгож, байнгын үйл ажиллагаа явуулдаг. Гаалийн хяналтын нэгдсэн системд холбож, цахилгааны хангамжаа бүрэн шийдүүлэх төсөв хэрэгтэй байгааг Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа хэлж байлаа.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр, “Евразийн эдийн засгийн холбоотой хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулж, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эдийн засгийн үндэслэлийг судлах ажлыг эрчимжүүлнэ” гэдгийг дуулгаж, Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулж, шинэ шатанд гаргахад Оросын Худалдааны төлөөлөгчийн газрын оролцоо чухлыг дурьдсан.


Манай улс 173 оронтой худалдаа хийж байгаагийн 92 хувийг хойд урд хөрш болон бусад 6 улс эзэлж байна. Нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, үүний 90 хувийг дан ганц БНХАУ рүү экспортолдог. Уул уурхайн бус экспорт хийж байгаа компани, ААН-үүдэд тусгай нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээлийг нэвтрүүлвэл одоо байгаа экспортыг 40 хувь нэмэгдүүлэх боломжтой. Үүнд ОХУ-ын зах зээл орно гэдгийг энэ оны 3 дугаар сарын 12-нд болсон “Экпортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт цахим хэлэлцүүлгий үеэр манай бизнес, худалдаа эрхлэгч нар хөндөж байв. Энэ үеэр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр Европын 26 улс орон руу экспортлох нээлттэй боломж хэвээр буйг мэргэжлийнхэн тодотгож, энд хойд хөрш ОХУ орохгүй байгааг хэлж байв.

ШИНЭ МЭДЭЭ