2021.10.01
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Хавирга боомт хүртэлх хатуу хучилттай автозамын ажил эхэлнэ
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар хамтран өмнөх парламентын хугацаанд "Аймгийн төвөөс хилийн боомтууд хүртэлх авто замуудын ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах" 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2015-2017 оны улсын төсөвт тусгаж хэрэгжүүлсэн.
Зураг төсвүүд бэлэн болсон хэдий ч эдийн засгийн хямралын улмаас Монгол Улс 2017 онд ОУВС-ын “Стэндбай” хөтөлбөрт хамрагдаж, тус сангаас тавьсан шаардлагын дагуу өндөр өртөгтэй аливаа төсөл, концессын арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй болсон билээ.
Тэгвэл энэ зун тойргоос сонгогдсон гишүүд жилдээ 120-130 мянган хүн зорчдог Хавирга боомтын замыг онцгойлон анхааруулж, идэвх санаачилгатай ажилласны дүнд 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд “Аймгийн төвөөс Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам барих” 25 тэрбум төгрөг (Төсөвт өртөг: 114 тэрбум төгрөг) тусгагдаад байна.