Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
2021.10.15
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулна

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.10.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд илтгэлийнхээ эхэнд, дэвшүүлсэн зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлж, цар тахлын эрсдэлээс гарахын тулд одоогоос найман сарын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулганы индрээс үг хэлэхдээ Цар тахлыг даван туулахын тулд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх, Эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлэх, Шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлж, авилгын индексийг бууруулах гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлж байсныг дурдаад цар тахлыг даван туулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж ирсэн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн талаар товч танилцуулсан юм.

Тэрбээр хэлэхдээ, цар тахлын хүндрэл нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчиллөө. Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойрсонгүй. 

Монголчууд бид цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцэж очих хоёр дахь хүнд үе байлаа.

Цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь бүх нийтийг хамарсан вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ажил байлаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 35.8 хувь нь л бүрэн тунд хамрагдаад байна. Харин манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх гурав дахь тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц бүрдүүлээд байна. Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор хэрвээ вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга шахам иргэний амь нас бодит эрсдэлд орох байсныг дурдав.

Дэлхий нийтэд цар тахлаас улбаалсан тээвэр логистикийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг гэнэтийн цочрол, хямралт байдал энэ оны сүүл, ирэх оны эхний хагаст үргэлжлэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Мөн цар тахал цаашид хэр удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг ДЭМБ болон олон улсын судлаачид өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадаагүй байна.

Хэдий нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэл зүйд автан ухарч болохгүй ээ, харин цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавина

Засгийн газар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэдийн хамтын хүчин зүтгэлээр цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эрчимтэй хэрэгжүүлсэн төдийгүй ирэх 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг Улсын Их Хуралд өргөн барилаа гэдгээ Ерөнхий сайд онцлоод Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн баригдсан 2022 оны улсын төсвийн төслийн 3 онцлогийг тоймлон дурдсан юм.

Нэгдүгээрт, 2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв.

Бид ирэх оноос хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар Эдийн засгаа сэргээх шинэчлэлийг үе шаттай хийх болно.

Цар тахлын хариу үйлдэл, иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн сэргэлтгүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм. Уул уурхайгаас гадна Боловсруулах аж үйлдвэр, Хүнс, хөдөө аж ахуй, Эрчим хүч,  Аялал жуучлал ба жижиг, дунд үйлдвэрлэл, Тээвэр логистик, Бүтээлч үйлдвэрлэл, Мэдээлэл, технологийн салбар зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн хөгжлийг цогцоор дэмжихэд ирэх жилийн улсын төсөв зориулагдсан гэж дүгнэж болно.

Газрын тосны боловсруулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны эдийн засагт нэн шаардлагатай томоохон төслүүдийг эрчимжүүлнэ.

Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн биржийн хуулийн төслийг өргөн барьж, уул уурхайн томоохон төслүүдийн хайгуул, олборлолтыг эрчимжүүлж, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулж, далд уурхайг ашиглалтад оруулахыг эрмэлзэнэ. 

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2022 онд багтаан ашиглалтад оруулж, хил холболтын цэгийн эцэслэн тохирно. Зүүнбаян-Ханги мандлын төмөрзамыг төр-хэвшлийн түншлэлээр ирэх төсвийн жилд багтааж эхлүүлнэ. Чойбалсан-Хөөт бичигт болон зүүн, баруун босоо чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дуусгана. Эдгээр төслүүд нь тээвэр логистикийн болон транзит хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортын шинэ гарцуудыг нээхэд чухал ач холбогдолтой юм. 

Хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох, аялал жуулчлалын бүс нутгийн авто замуудыг шинээр барихад 2022 оны төсөвт 140 орчим тэрбум төгрөг тусгалаа. Зам дагаж хөгжил ирдэг гэж монголчууд ярьдаг. Тэр дундаа хилийн боомтуудыг холбож дуусгах нь далайд гарцгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой.

Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлнэ. Төр 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил, үйлчилгээг эрхэлж байна. Хэрэв эдгээр чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэх боломжтой гэж үзэж байна. Энэ бодлого цаашид амжилттай хэрэгжвэл олон жил шүүмжлэгдсэн төрийн данхар бүтцээс гүйцэтгэлд суурилсан цомхон, чадварлаг болох суурь эхлэл тавигдана.

Төрийн өмчит 339 компаниас томоохон компаниуд ашигтай ажиллаж, төрийн ачаанаас үүрэлцэж байгаа боловч ихэнх нь алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудад засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг 2022 онд багтаан хэрэгжүүлж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно.

Эдийн засгийг тэлэх зорилгоор суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтад 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

2022 оны улсын төсөв нь татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан. 

Халдварт цар тахлын цаг үед төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажиллаж болдгийг харуулсан. Ирэх онд ч төр зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллах зарчмыг улсын төсвийн төсөлд тусгалаа.

Хоёрдугаарт, 2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөл.

Энэ бодлогын хүрээнд байгалийн баялгийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн баталгаатай ирээдүйн иргэдийг одооноос бэлтгэж, Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжснээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.

Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарц байхгүй. Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ.

Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношлогоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жилд шилжинэ.

Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгаад байна.

Эрүүл мэнд, боловсролын салбар нь хангалуун дундаж давхаргыг бүрдүүлэх хамгийн чухал салбар бөгөөд эдгээр салбарын тогтолцооны шинэчлэлийг хийхэд энэ жилийн төсөв чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхийн тулд ойн асуудал хариуцсан агентлаг байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажиллана. Төрийн бүх албан хаагчид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлын үнэлгээний системд мод тарих болон хог хаягдлыг шийдвэрлэх асуудлыг шинээр тусгасан.

Гуравдугаарт, 2022 оны төсвийн бас нэгэн онцлог бол нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангах бодлогын шинэчлэлийн эхлэл юм.

Монгол Улсын Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд өөрөө ахлан нийслэл Улаанбаатар хотын удирдлагыг бүх талаар дэмжин ажиллаж байна.  

Улсын Их Хурлаас Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Засгийн газраас нийслэл хотын төвлөрлийг сааруулах, инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх, ухаалаг, иргэдэд ээлтэй хот болгох зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Ирэх 2022 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээхээр тусгасан.

Мөн Богд хан уулыг тойрсон төмөр замын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслийн бүтээн байгуулалт, нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхэлнэ.

Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал нь хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой юм. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын асуудал ирэх онд шийдвэрлэгдэх болно гэлээ.

Ирэх оны төсвийг төсвийн тусгай шаардлагад бүрэн нийцүүлсэн

Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын бүх гишүүд, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг болон удирдлага нь томилогддог төрийн байгууллагуудын болон төрийн захиргааны төв байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид, холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын 50 шахам гишүүн асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын бусад гишүүд хариулт өгсөн юм.

Монгол Улсын 2022 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг Улсын Их Хурлаас 2021 оны долоодугаар сарын 7-ны өдөр баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2022 онд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ий 5.1 хувиас, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл ДНБ-ий 70 хувиас ихгүй байх төсвийн тусгай шаардлагад бүрэн нийцүүлж, хуулийн төслийг боловсруулсан.

Засгийн газар 2022 онд вакцинжуулалтын үр нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагааг бүрэн нээж эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүдийг түлхүү хэрэгжүүлж эдийн засгийг тэлэх, “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийг 5.0 хувийн өсөлттэй байхаар тооцож байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Төсвийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нийт зарлагын хэмжээг 18.2 их наяд  төгрөг буюу 38.8 хувь, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж, -2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар зэс, нүүрснээс 2022 оны төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлэх тул эдгээр бүтээгдэхүүн гол нэр төрлийн эрдэс баялагт тооцогдож байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тооцоход 2022 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 6,306.0 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 73.4 ам.доллар байхаар тооцжээ. Энэ үндэн дээр ирэх онд Төсвийн тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 381.3 тэрбум, нүүрсний орлогоос 262.1 тэрбум, нийт 643.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байнаТүүнчлэн Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг ДНБ-д харьцуулсан харьцаа 67.2 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Төрийн үйлчилгээг оновчтой шийдэл бүхий санхүүжилтийн тогтолцоогоор шийдвэрлэнэ

Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн шинэчлэлийн хэрэгжилтийг ирэх онд эрчимжүүлнэ. Эрүүл мэндийн салбарт 2021 оноос эхлүүлсэн чанар, үр дүн, гүйцэтгэлд үйл ажиллагааг жигдрүүлж бүтэц, зохион байгуулалтыг эрүүл мэндийн салбарын бодлого, санхүүжилтийн бодлоготой уялдуулан оновчтой зохион байгуулах, байгууллагаас хэрэгжүүлэх худалдан авалтын оновчлол, шалгаруулалт ба гэрээлэлт, төлбөрийн болон чанарын хяналтыг сайжруулах зэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмч, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бий болгоно. Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалингийн хэмжээг хатуу зааж өгснийг доод хэмжээ болгон өөрчлөх зохицуулалт хийхээр холбогдох төслийг төсвийн хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан.

Мөн  эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийх гол арга хэмжээний нэг нь 2022 оноос эхлэн иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах явдал юм. Өвчнийг эрт үед нь оношилж илрүүлснээр өвчин нь хүндэрсэн хойно нь биш, даамжрахаас өмнө эмчилж, иргэн болон төрөөс их хэмжээний зардал гаргахаас хамгаалахад чиглүүлж байгаа гэсэн хариулт өгөв.

Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг ирэх онд эхлүүлэхээр төсөлд тусгажээ. Боловсролын чанар, үр дүн болон хүртээмжийг тодорхойлохын тулд санхүүжилтэд нөлөөлөх хүчин зүйлсийг зөвхөн хүүхдийн тоо, барилга байгууламжийн ашиглалтаас гадна сургалтын орчин болон нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлсийн нөлөөллийг тооцож, хүүхэд хаана сурч байгаагаас үл хамааран суралцах тэгш боломжоор хангагдах, улмаар чанар, үр дүнгийн гүйцэтгэлийг урамшуулж, чадварлаг багшийг дэмжсэн, ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломжтой байхаар төсөв, санхүүгийн шинэчлэлийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа тул боловсролын шинэчлэлийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг салбарын сайд онцолж байв.

Монгол Улсын хүн амын хэтийн тооцооллоор 2030 онд сургуулийн насны хүн амын тоо 35.2 хувь, үүнээс бага ангийн хүүхдийн тоо 10.9 хувь, дунд ангиийнх 43.7 хувь, ахлах ангийн насны хүүхдийн тоо 64.8 хувь нэмэгдэх төсөөлөлтэй байгаа нь цаашид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.

Нэг суралцагчид ногдох зардал хэт ялгаатай байна. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг хүн амын төвлөрөл ихтэй газруудад нэг хүүхдийг сургах нэг жилийн дундаж зардал 1.0 сая төгрөг орчим байгаа бол бүлэг дүүргэлт доогуур байдаг Булган, Говь-Алтай, Дундговь зэрэг аймагт дунджаар 1.9 сая төгрөг буюу Улаанбаатар хотоос хоёр дахин өндөр байна. Мөн сургуулийн хэв шинжээс хамаарч нэг суралцагчид зарцуулах зардал ихээхэн хэлбэлзэлтэй байна. Ингэж нэг хүүхдийг сургахад зарцуулж байгаа дундаж урсгал зардал ихээхэн хэлбэлзэж байгаа нь сургалтын хөтөлбөрийн онцлог, байршил, хэв шинж болон сургуулийн хүртээмжээс хамааран багш-сурагчийн тооны харьцаа, нэг бүлэгт хуваарилагдах хүүхдийн тоо болон барилга байгууламжийн хүчин чадлын ашиглалт, сургалтын орчин, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний хүрэлцээтэй байдал зэрэг хүчин зүйл ихээхэн нөлөөлж байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Ирээдүйн өв сангийн тухай хуульд нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлнэ гэж, “Алсын хараа-2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан. Иймээс байгалийн баялгаас орох орлогын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болгож төлөвшүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж, уг сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулахаар төвлөрүүлэх зарчим барьж байгаа аж. Ингэснээр Монгол Улсын хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, Хадгаламжийн даатгалын сангаар даатгуулсан, хамгийн эрсдэл багатай системийн нөлөө бүхий банкуудад нэрийн дансны хуримтлалтай болж, хадгалах, хуримтлуулах дадал зуршлыг хүүхэд наснаас суралцахаас гадна 18 нас хүрээд нэрийн дансны хуримтлалаараа өөрийнхөө боловсролд хөрөнгө оруулалт хийх боломжтой болох зохицуулалтыг ирэх онд бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Бүх шатны төрийн байгууллагууд хэмнэлтийн горимоор ажиллана

Төсвийн зарлагын тухайд ирэх онд төр өөрийн зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ажиллахаар төсвийн төсөлд тусгасан байна. Энэ хүрээнд төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор дараах зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:

  • сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх;
  • дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх;
  • Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх;
  • тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийх.

Төрийн үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр төсөв хэмнэж, иргэдэд хүргэх үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх зорилгоор бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулж, холбогдох зардлыг бууруулна. Мөн захиргааны албан хаагчид долоо хоногийн ажлын нэг өдөр нь гэрээсээ цахимаар ажиллахыг зөвшөөрөх, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглахаар тусгаан байна.

Бараа, үйлчилгээний зардлыг бууруулах чиглэлээр бүх шатны төсвийн байгууллагын дараах зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлж дараах байдлаар санхүүжүүлэхээр төсөлд тусгажээ. Үүнд:

-төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр, шатахуун; гадаад албан томилолт; зочин төлөөлөгч хүлээн авах; тавилга, эд хогшил худалдан авах; ном хэвлэл худалдан авах, хэвлүүлэх; сурталчилгаа хийх; бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх; биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах; байгууллагын болон салбарын тэмдэглэлт өдөр, ой тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах; салбартай холбоотой киноны уран бүтээл хийх; тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага шинээр автомашин худалдан авах; албан конторын барилга шинээр барих зардлын санхүүжилтийг 100 хувь хязгаарлах.

Харин бичиг хэргийн зардал; Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлын санхүүжилтийг 50 хувь хязгаарлахаар тусгасан байна.

Засгийн газар ирэх онд нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг нөхцөлтэй болгож, халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлахаар төсвийн төсөлд тусгасан. Манай улсын нийгмийн халамжийн тогтолцоогоор дамжуулж нийт хүн амын 80 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оролцуулаад ямар нэг тусламж, дэмжлэг хүртэж байгаа бөгөөд үүнд улсын төсвийн 30 хувийг зарцуулж байна. Халамжийн системээр олгож байгаа дэмжлэгийн 60 хувь нь хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогод хамааралтай байгаа бол халамжийн 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртдэг байна. Иймээс нийгмийн халамжийн үйлчилгээ, хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөрийг зааглах, зорилтот бүлэгт чиглүүлэх, хамрагдах шалгуурыг нарийвчлах болон халамжийн зарим хөтөлбөрт хамрагдах хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөл тавьдаг байх зохицуулалт хийхээр төлөвлөж буйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэллээ.

Мөн эмзэг бүлгийн өрх иргэнд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар үр дүнг сайжруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, сонгосон өрхийн амьжиргааг дээшлүүлж тодорхой хугацааны дотор ядуурлаас гаргах зорилтод төлөвлөгөөг халамжийн байгууллага хэрэгжүүлж үүнд хөдөлмөр эрхлэлт, өрхийн аж ахуй, үйлдвэрлэл, орлогын менежмент, зан үйлийн өөрчлөлт зэрэг олон асуудлыг цогц байдлаар авч үздэг болох аж. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн боловсрол сургалтын санхүүжилтийн тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр мэргэжлийн сургалтын байгууллагын орцод суурилсан санхүүжилтийг өөрчилж, хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хүрэх үр дүнд харгалзан санхүүжүүлэх хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, гишүүд төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Засгийн газрын гишүүдээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ч.Ундрам, Н.Алтанхуяг нар үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Ингээд 22 цаг 26 минутад Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ