МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.15

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг боловсруулсан ч тогтворгүй байлгаж буй асуудалдаа анхаарах хэрэгтэй

УИХ-ын \2021.10.15\  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Төсөв боловсруулж байгаа процесстой холбоотой шүүмжлэлтэй хандаж буй зүйлээ хэлмээр байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлж төсвөө боловсруулдаг.

Энэ хууль 2010 онд батлагдсанаас хойш 11 жилийн дотор 11 удаа төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөн баталсан байдаг. Бид нар төсөвтөө тохируулж төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчилж байгаа. Гэтэл төсвөө тогтвортой байлгахын тулд энэ хуулийг баталсан.

Үндсэн хуулийн 25.7-д зааснаар төрийн бодлого төлөвлөлт тогтвортой байх ёстой. Үүний тулд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг боловсруулсан  ч үүнийгээ тогтворгүй байлгаад байгаа асуудалдаа анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. аудитын дүгнэлтийг харахад засгийн газарт хэлэлцүүлж буй процесс нь хангалтгүй байна. Дүгнэлт дээр “Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаагүй, үр дүнгийн үзүүлэлтүүд бүрэн тусгагдаагүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын бодлого төлөвлөлт хэрэжилт хариуцсан газар, нэгжийн оролцоо хангалтгүй” гэжээ. Засгийн газарт хангалттай хэлэлцэгдэхгүй байна гэж эндээс харагдаж байгаа учир цаашид энэ талаар анхаарах хэрэгтэй байна.

Нэмээд төсөвт гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт тодорхой биш байна, жагсаалтгүй. Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ., түүнд шаардагдах орц, хүрэх үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт мөн тодорхойгүй гэж аудитын дүгнэлтэд бичигджээ.

Төсвийг Алсын хараа-2050 Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн нотолгоо, үр дүнд суурилсан байдлаар төлөвлөнө гэчихээд Боловсролын яамны бүлэг дүүргэлт, цэцэрлэгийн бүлэг, нэг багшид ноогдох хүүхдийн тоо гэхчилэн зорилтууд нь огт байхгүй. Хаана хүрэх гээд байгаа нь ойлгомжгүй. ЭМЯ гэхэд 10 мянган хүн амд ноогдох вируст гепатитын өвчлөл гэдэг нь хүрэх түвшин нь тодорхойгүй. БОАЖЯ гэхэд байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлт EPI, хүлэмжийн хийн ялгарлын бууралт гэхчилэн зорилтууд байхгүй учраас ямар түвшинд очих гэж мөнгө зарцуулж байгаа нь тодорхой бус байна.

Нэмээд П.Анужин гишүүний ярьсан электрон тамхины тухай асуудал байна. Онцгой албан татварын тухай хуульд бүх төрлийн тамхи гэж байгааг анхаараасай гэж хүсч байна. Мөн засгийн газраас энэ хуулийн өөрчлөлтийг өргөн барьснаа буцааж татсан. Үүнд нь керасинд ноогдуулах онцгой татварыг байхгүй болгоно гэж байснаа больсон. Гэтэл төсвийн орлого тал дээр энэ нь бичигдээгүй байгааг орлогод тооцох ёстой гэж үзэж байна.

Төр зарим үйлчилгээгээ хувийн хэвшлээс авна гэж тусгасан ч төсөвт 652.2 тэрбумын зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж гэсэн ерөнхий нэршлээр оруулсан. Яг юунд нь хэдэн төгрөг зарцуулагдах нь тодорхойгүй. Үүнээс болж төсвийн хяналт суларна шүү дээ. Тиймээс үүнийг нарийвчлан зааж өгөх ёстой гэж үзэж байна.

Хоёр яам, 4 агентлагийн тухай асуудалд үг хэлэхгүй бол болохгүй байна. Боловсролын ерөнхий газарт 13.5 тэрбум төлөвлөсөн агентлаг орж ирсэн. Боловсролын багц хууль яг одоо УИХ-аар хэлэлцэгдэх гэж байхад энэ агентлагийг байгуулах талаар ямар ч шийдвэр гараагүй байхад мөнгө төсөвлөсөн. Нэмээд E-Mongol академи гэдэг ямар зорилготой, яадаг академи нь ойлгомжгүй, сонин байна.

178.6 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй улсын хэмжээнд хийнэ гэсэн 21 төсөл, арга хэмжээ байна. аль аймаг, дүүрэгт юу хийх нь мөн л тодорхойгүй. Бүх 21 аймаг, 9 дүүрэгт хийх ажил эсэх нь тодорхойгүй учир төсвийн сахилга, хариуцлага бас хөндөгдөнө.

ШИНЭ МЭДЭЭ