2021.10.19
Эдийн засаг, Худалдаа
С.Ганбаатар: Хөдөлмөрийн хуулийг хэрэгжүүлэх төсвийн боломжийг бүрдүүлье
ТБХ-ны өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Бид олон хууль баталдаг. Баталсан хуулиа хэрэгжүүлдэг байх нь хамгийн чухал. Долоон жил яригдсаны эцэст хөдөлмөрийн тухай хуулийг баталсан. Сайн хууль болсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үр дүн сайтай ажилласан. Энэ хуулийн хэрэгжилт хангагдах нөхцөл нь энэ төсөв дотор байгаа юу?
Хөдөлмөрийн хуулийн 102.1.1-т ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд цалин хөлсний хэмжээ адил байна гэж заасан. Энэ анх удаа орж ирсэн заалт. Хувийн хэвшилд ажиллаж байгаа олон салбарын ижил ажил хийж байгаа хүмүүс болон төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн зөрүү одоогийн байдлаар 17-30 хувийн зөрүүтэй байгаа. Одоо 2022 он гараад энэ тухай яригдаж эхэлнэ. Энэ төсөвт суусан байгаа юу?
ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН 107.5-Т ЗААСНААР ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ САЛБАР ДУНДЫН ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ЗОХИЦУУЛНА ГЭСЭН БАЙНА. САЛБАРЫН ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ЯРИХ ЦАГ БОЛСОН. ЭНЭ ХАНГАГДСАН УУ?
Орон тоогоор бус үр дүн гүйцэтгэлээр цалинжина гэж сангийн сайд хэллээ. Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, зохион байгуулалт, норм норматив, тариф, цалин гэсэн таван зарчим байдаг. Үүнийг тооцсон байгаа юу? Гүйцэтгэлээр өгнө гэхээр баахан нугалаа гарч хэрүүл болдог. Энд ажилчдын төлөөллийн байгууллагын оролцоог хангасан уу?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.