МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
2021.08.24
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын Ниймгийн бодлогын байнгын хороонд харъяалагдаж байсан Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд харъяалагдаж байгаа бөгөөд үйл ажиллагааны чиглэл, цар хүрээг өргөжүүлэхээр ажиллаж байна гэж уулзалтын эхэнд танилцуулав. Тэрбээр, тус дэд хорооны үйл ажиллагаа, хамрах цар хүрээг өргөжүүлэх зорилтын хүрээнд УИХ-ын дэргэдэх олон талт хамтын ажиллагааны нэгж байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Тус нэгж платформыг олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн бүрэлдэхүүнтэй байгуулснаар тогтвортой хөгжлийн бодлогыг улам эрчимжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэв.

Түүнчлэн, хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгох зорилтын хүрээнд УИХ-аас Өсвөрийн парламент байгуулж, төлөөллийг Монгол Улсын 21 аймгийн ахлах ангийн сурагчдаас сонгох ажил бэлэн болоод байгаа талаар дуулгав. Нэн тэргүүнд уур амсьгалын өөрчлөлтийн талаар сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан шийдвэрийг УИХ-д танилцуулна. Ингэснээр, Монгол Улсын Их Хурал хүүхэд, залуучуудынхаа үзэл бодол, байр суурь, эрмэлзэл, мөрөөдлийг нь сонсдог, хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага болно гэдгийг онцлов.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, УИХ-аас Өсвөрийн парламент байгуулж, Монгол Улсын хөгжилд хүүхэд, залуучуудыг татан оролцуулж байгаа нь чухал болохыг сайшаав. Тэрбээр, бүх нийтийн хөгжил дэвшлийг хангахад чиглэгдсэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гол хүч нь залуучууд бөгөөд цаашид ч тэд манлайлагч байх болно. Иймд тус байгууллагаас бүхий л бололцоогоор дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн УИХ-аас Тогтвортой хөгжлийн форумыг зохион байгуулах дээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Талууд боловсрол, эдийн засаг болон хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов

ШИНЭ МЭДЭЭ