МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.21
Улстөр

Л.Мөнхбаатар: Яамдууд бодлого боловсруулах боломжийг бүрдүүлж аж ахуйн ажлаас нь салгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг батлах эрх нь засгийн газарт бий. Нөгөө талаас Засгийн газар өөрийн зорьж байгаа зорилго зорилт, мөрийн хөтөлбөрөө ямар бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлэх вэ? гэдэг нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Засгийн газар өөрийнхөө тэргүүлэх гэж үзэж байгаа чиглэлээрээ яамдаа байгуулах нь зүйтэй. Яамны тоо чухал биш. 

Цаашдаа ч гэсэн хэрэгцээтэй гэж үзвэл яамдыг нэмэх хэрэгтэй. Үнэхээр нийгэмд хэрэгцээтэй, шаардлагатай асуудлыг шийдвэрлэж чадаж байвал яам нэмэх нь зүйтэй. Хоёр яам нэмэгдэж байна. 1924 онд анх үндсэн хуулийг батлаад байгуулж байсан яамдын нэг бол холбооны яам. Харилцаа холбооны яам 100 жилийн түүхтэй. Сүүлийн хэдэн жил агентлагийн статустай ажиллаж ирсэн. Энэ харилцаа холбоо бол том салбар. Тэр дотроо цахим хөгжил гэдэг зүйл дэлхий нийтийн чиг хандлага. Мэдээллийн технологид суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжил бий болсон. 

Манай орон шиг өргөн уудам газар нутагтай, дэд бүтэц хөгжөөгүй газар төрийн үйлчилгээг цахимаар хийх гэж зорьж байгаа нь зөв. Тийм ч учраас энэ  цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах нь зүйтэй. 

Бид олон жил санхүү төсөв, эдийн засгийн бодлого төлөвлөлтийн  асуудал нэг гарт байсан дутагдалтай. Төсвийн асуудалд хөгжлийн бодлого нь уялдаж төлөвлөлтийн асуудал нь дандаа хоцорч ирсэн. Үүнийг салгаж агентлаг болгосон. Одоо яам болгож байна. Үүнийг дэмжиж байна. 

Яам үр дүнтэй ажиллах ёстой. Яамдыг аж ахуйн ажлаас нь салгах талаар ямар бодлоготой байгаа вэ? Яам салбарынхаа бодлогыг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажилтай их зууралдаж байна. Яагаад гэвэл төрийн өмчийн хороо 30 хувийг эзэмшдэг, яам нь 70 хувийг эзэмшдэг компани шиг ажиллаж байна. Төрийн өмчийн удирдлага зохион байгуулалтыг яам хийдэг. Доороо баахан үйлдвэр, компанитай. Тендер худалдан авалт, хурал гэх зэргийг хийгээд  цагаа их барж байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?

Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ