УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төсвийн алдагдал гэсэн гоё нэрээр ард түмнээр нэргүй татвар төлүүлж байна
2021.10.25
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төсвийн алдагдал гэсэн гоё нэрээр ард түмнээр нэргүй татвар төлүүлж байна

-Би Ардчилсан намын бүлгийн гишүүн хэвээр байгаа-

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Та Оюунтолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэгт хяналт тавих УИХ-аас байгуулагдсан түр хороонд та байгаа шүү дээ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гарсан талаар Х.Нямбаатар сайд танилцуулж байсан. Гэтэл саяхан Оюутолгойгоос Ерөнхий сайдад хаягласан захидал ирсэн байна лээ. Ер нь Оюутолгойн хэлэлцээний явц ямар шатандаа явж байна вэ?

-Оюунтолгойн ажлын хэсэг анх удаа Засгийн газар, монголын ард түмний байр суурийг хүчтэй хамгаалж, дуугарч ярьж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй. Урьд нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед ярих гэдэг байсан ч “Рио Тинто” компани УИХ, Засгийн газарт нөлөөтэй байсан учраас ярих гэж оролдсон хүн болгоныг албан тушаалаас нь буулгадаг байлаа. Өнөөдөр Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хүчтэй шаардлага тавьж ажиллаж байна. Тиймээс “Рио Тинто” аргагүй эрхэнд үнэнд гүйцэгдэж байгаа юм. Засгийн газар олон улсын таван улсын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг.

Монголын улстөрчид нийлж, сөрөг нэхэмжлэл гаргасны үр дүнд монголчуудад тус бүрд нь 300 мянган төгрөг тараасан. Хоёрдугаарт, маш олон буулт хийх асуудлыг сөхөж, нэг их наяд төгрөгийг гурван жилийн хугацаанд төлж, өрийн талаар ярилцъя гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани анх удаа монголын талд буулт хийсэн. Цаашид хэлэлцээр дээр ярьж байгаа зүйлсийг нь би дэлгэрэнгүй ярих эрх байхгүй.

Тиймээс миний мэдэж байгаа мэдээлэл энэ л байна. Ер нь бол энэ Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ганц гялтайх ажил нь Оюутолгойн гэрээн дээр монголын ард түмний эрх ашгийг тууштай баримталж байгаа явдал. Үр дүнг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарлах үүрэгтэй. Цаашид энэ ажил үр дүнд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна.



-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Таны тухайд АН-ын бүлэгт нэгдсэн гээд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа гишүүн. Засгийн газар хэр чамбай төсөв боловсруулсан байна вэ?

-2012-2106 онд би УИХ-ын гишүүн байсан. Тухайн үед Ардчилсан нам эрх барьж байлаа. МАН-ынхан Засгийн газрыг шүүмжилдэг байсан. Би бүүр хурцаар шүүмжилдэг байлаа. Ингэхдээ тэд Чингис бондын зээл авлаа, энэ бол улсаа дампууруулж байгаа хэрэг гэдэг байв. Би ч үүнийг нь дэмждэг байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.долларт, Монгол Улсынх 33 тэрбум ам.долларт хүрчихлээ. Ерөнхийдөө МАН арчаагүй байдлаар таван жил Монгол Улсыг удирдаж байна. Үүнийг би төсвийн төсөл хэлэлцэж байхад хэлсэн. Улсын төсвийн алдагдал 2020 онд 4.5 их наяд төгрөг байсан, 2021 3.6 их наяд болсон. Ирэх жил 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байна.

Уг нь орлого, зарлага хоёр тэнцэж байх ёстой. Үүнийг нь тэнцвэржүүлсэн тэнцэл гээд байгаа юм. Гэтэл тэд төсвийн алдагдал гэж гоё нэр өгчихөөд байгаагаас биш ард түмний нуруун дээр нэргүй татвар төлүүлж байна. Нэг ёсондоо ирээдүйн татвар төлөгчдөөсөө дээрэм хийж байна.

-Төсвийн төсөлд хэмнэж болох зардал байна уу?

-Ирэх онд нүүрсний экспортыг өндөр тавьсан байна лээ. Төсвийн орлогыг их өндөр тавьсан нь зардлаа нэмэгдүүлж байгаа юм. Цаашдаа хойч үеэ асар их өрд оруулна гэсэн гэсэн үг. Үүнийг засах шаардлагатай гэж би хэлж байгаа. Уг нь нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа шүү дээ. Хятад Улсад тонн нүүрс 500-600 ам.долларт хүрчихлээ. Манайх 50 ам.доллароор зарж байна. Өөрөөр хэлбэл, монголоос хямд үнээр худалдаж аваад дамлаж зарж байгаа улс төрийн бүлэглэлүүд байна гэсэн үг.

-Та хоёр яам байгуулах талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр байгуулахаас гадна агентлаг нэмэх талаар ярьсан. Энэ бол монголын ард түмэнд өнөөдөр нэн тэргүүн шаардлагатай юү, үгүй юү гэдгийг бодох хэрэгтэй. Улс төрийн найманд зориулж ард түмний мөнгийг зарцуулах гээд байна уу гэдэг асуултын би тавьж байгаа. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гээд намыг тэр чигт нь зарчихсан. Түүний наймаа үргэлжилж, албан тушаал гаргахын тулд сайдын суудал бий болгож байна. Ийм байдлаар асуудлыг шийдэж болохгүй. Монголын ард түмэнд яам, дарга нар дутаагүй. Тэдэнд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн баялгаас хулгай хийлгүй, шударга ажиллах дарга нар дутаж байгаа юм.

-Ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбоотой Монголын үйлдвэрчний эвлэлээс цалин, тэтгэврийн хэмжээг нэмэх талаар шаардлага тавьж байгаа юм билээ. Ирэх онд цалин, тэтгэврийг нэмэхгүй, халамжаа багасгана гэж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ажлын байраа нэмэгдүүлж, хүмүүсийг өндөр цалин авах боломжийг нь бүрдүүлчихээд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэхгүй гэж хэлэх нь зүйтэй. Гэтэл хүмүүсийг орлоготой байх боломжийг нь хаачихаад, бизнес эрхлэгч нарыг ажлын байр бий болгох нөхцөлийг нь бүрдүүлээгүй, МАН ажлаа хийгээгүй байж тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй, халамжийг танаж болохгүй. Тэд өөрсдөө дэндүү их идэж байгаа гэсэн үг. Би үүнд эсрэг байр суурьтай байгаа. Би ажлын байрыг нэмэгдүүлж, хүмүүсийг ажлын байраар хангах ёстой гэсэн асуудлыг хөндөж байгаа.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш дээд цэгтэй хүрсэн өндөр үнэтэй байхад энэ боломжийг нь ашиглаж, ажлын байраа нэмэгдүүлж чадахгүй бол орлоготой байх боломжоор нь хангаж тэтгэвэр, тэтгэмжийг нь нэмэх ёстой.

-УИХ-ын чуулганы хуралдаан завсарласан хугацаанд та тойрогтоо ажиллаад ирсэн. Хөдөө орон нутагт цар тахлын нөхцөл байдал ямар байна. Иргэдийн амьжиргааны түвшинд өөрчлөлт гарсан байна уу. Иргэдийн зүгээс санал хүсэлтэй байна вэ?



-Цар тахлын хүнд үед хамгийн их хүнд байгаа нь ЖДҮ эрхлэгчид байна. Эдний цаана олон амьжиргаагаа залгуулж байгаа олон өрх, аав, ээжийгээ мөнгө олоод ирнэ гэж хүлээх олон хүүхэд байна.

Үүнийг ойлгож, УИХ, Засгийн газар ойлгож шийдвэр гаргах хэрэгтэй байна. Мөн “Ковид-19”-ийн үед эмч, эмнэлгийн ажилчид эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа ч нөхцөл байдал амаргүй байна. Би тойрогтоо ажиллах үедээ эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт дээр онцгой анхаарч ажиллаа. Мөн зарим багуудад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон. Ингээд би тойрогтоо ажиллах үеэрээ цар тахлын нөхцөл байдлыг хүндрэл багатай давах, иргэдийг ажлын байраар хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллаа.

Намын Бүлгээс гарах гарахгүй асуудлыг ганц дарга шийдэхгүй

-МАХН МАН-тай нэгдсэний дараа та Ардчилсан намд элсэж байгаагаа мэдэгдсэн. Мөн та намын бүлэгт нэгдсэн. Гэтэл Ардчилсан намд маргаантай асуудал гарах боллоо. Та яг одоо Бүлгийн гишүүн хэвээр байна уу?

-Би МАХН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл эрх баригчид намайг нэр дэвшүүлэхгүй байх арга хэрэглэсэн. Би ард түмний, эрдэнэтчүүдийнхээ итгэлийг худалдахгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг Шадар сайд болно гэдэг ч юм уу элдвээр ярьж байсан. Ингээд манай намыг худалдаж авсан.

Би намын нөхдийн талаар элдэв зүйл ярихгүй. Тиймээс надад бие даагч байх, эсвэл Ардчилсан намтай нэгдэж ажиллах гэсэн хоёр сонголт үлдсэн. Би урьд нь бие даагч байж үзсэн. Ингээд нам нь хоёр тамгатай болчихсон ч ардчиллыг дэмждэг ардчилалд хайртай хүмүүсийг дэмжиж Ардчилсан намд орох сонголтоо хийсэн.


Би өөрийгөө Ардчилсан намын дарга гэж бодсон хүмүүстэй хамтарч ажиллая гээгүй. Би ардчиллыг дэмжиж ажиллая гэдэг байр суурийг илэрхийлсэн. Би Ардчилсан намын бүлгийн гишүүн хэвээр байгаа. Анх энэ бүлэгт ороход бүх гишүүн нь дэмжиж, баяр хүргэж байсан. Харин намын Бүлгээс гарах гарахгүй асуудлыг ганц дарга шийдэхгүй.

-Цаашдаа та сөрөг хүчний гишүүний хувьд Засгийн газарт ямар шаардлага тавьж ажиллах вэ?

-Хамгийн гол нь уул уурхайн баялгаасаа монголын ард түмэнд ашиг хүртээгээ ч гэдэг асуудлыг л тавина. Энэ талаар би 18 жил ажиллаж байна. Би “Рио Тинто” компанийг Монголоос гар гээгүй. Харин Оюутолгойгоос бид ашиг авах эрхтэй гэдэг асуудлыг яриад байгаа юм. Үүн дээрээ би өмнө нь одоо ч хатуу байр суурьтай байна.

-Сөрөг хүчин үүргээ гүйцэтгэж ажиллаж чадаж байна уу?

-Бид хичээж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ