Улсын Их Хурлын гишүүд Дундговь аймагт ажиллалаа
2021.10.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Улсын Их Хурлын гишүүд Дундговь аймагт ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг болон бусад албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймгийн зарим суманд хийгдэж буй Боловсрол, шинжлэх ухааны салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт болон ариун цэврийн байгууламжийн угсралтын ажил, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн явц байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав.

“Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2021-2022 онд боловсролын салбарт тэр дундаа орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажил хийгдэж байна. Төсөл бүрэн хэрэгжсэнээр 330 гаруй сумын 220 мянга гаруй сурагч үр шимийг нь хүртэх юм.

Бүтээн байгуулалтын ажилд нэгдүгээрт мөнгө биш иргэдийн оролцоо, хандлага чухал

Ажлын хэсгийн гишүүд томилолтын эхний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд ажилласан юм. Тус сумын нутгийн зөвлөлөөс санаачлан иргэдийн оролцоотойгоор сумаа шинэчилж чадсан нь улсдаа тэргүүлэхүйц жишиг болж чаджээ. Гурвансайхан сумынхан 2014 оноос эхлэн төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг болон бүх айл өрхөө цэвэр бохир усны шугам, халаалт дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбох зорилго тавин ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын бүх гудамжинд халуун хүйтэн ус, бохирын хоолойг бүрэн оруулж дуусжээ. Одоогийн байдлаар нийт өрхийн 50 гаруй хувь нь хашаандаа дэд бүтцээ татан холбосон. Тус бүтээн байгуулалтын хөрөнгийг Азийн хөгжлийн банкны 2.5 тэрбум төгрөг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 250 мянган ам.доллар, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-аас 250 сая төгрөг болон тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайгаас 250 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая, иргэдийн хандивын 300 сая төгрөгөөр бүрдүүлсэн гэдгээ сумын удирдлагууд хэлж байлаа.

Иргэд өөрсдөөсөө мөнгө гаргаж, санхүүжилт татан төвлөрүүлэхэд оролцсон учраас бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, бүтээн байгуулалтад идэвх санаачилгатай оролцож байгаа гэдгийг мөн онцолж байв. Түүнчлэн сумын 80 гаруй мянгат малчид өөрсдийн санаачилгаар “Мянгатын сан” байгуулж, жил бүр сандаа нэг сая төгрөгийн хандив өгдөг жишиг тогтоожээ. Тус сангийн мөнгөөр сумын удирдлагууд иргэдтэйгээ зөвшилцсөний үндсэн дээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэддээ зориулан ажлын байр барьж, ашиглалтад оруулсан байна. Бүтээн байгуулалтын ажил хийхэд мөнгө биш харин иргэдийн ухамсар, хүсэл зорилго, оролцоо хамгийн чухал гэдгийг сумын удирдлагууд хэлж байлаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан ““Шинэ сум” төсөл манай хэд хэдэн суманд хэрэгжиж байгаа. Үүний сайн жишээ болох Гурвансайхан сумын нөхцөл байдалтай танилцаж байна. Иргэдийн амьдрах орчинг сайжруулаад, хэрэгцээтэй бүхнээр хангаж өгч чадвал заавал төв газар, нийслэл рүү нүүх шаардлагагүй гэдгийг Гурвансайхан сумынхан харуулж байна. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй, ногоон байгууламжийн асуудлыг ч мөн шийдсэн байна. Бүтээн байгуулалтын ажлыг хийхэд мөнгөнөөс гадна орон нутгийн иргэдийн хандлага, оролцоо чухал гэдэг нь харагдаж байна. Бид бусад аймаг, суманд бүтээн байгуулалтын ажил хийхдээ иргэд рүүгээ чиглэсэн мэдээллийг хийх ёстой гэдэг нь харагдаж байна. Цаашид энэ жишгээр бусад аймаг орон нутгаа хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллана” хэмээв.

Эрдэнэдалай сумын сургууль, цэцэрлэг энэ оны арванхоёрдугаар сард орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа нар Эрдэнэдалай суманд ажилласан бол УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг нар Дэлгэрхангай суманд ажиллаж, ариун цэврийн байгууламжийн явцын байдалтай танилцлаа. Ажлын хэсгийн гишүүд барилга угсралтын ажлыг хүйтрэхээс өмнө дуусгах хэрэгтэйг сануулж, байнгын хорооны зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүд сургуулийн багш ажилчидтай уулзаж, боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, цалин урамшууллын талаар УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Буянтогтох сургуулийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдэж, сурагчид болон багш ажилчдад ая тухтай орчинг бүрдүүлэхээр ажиллаж буйд талархал илэрхийлээд сургуулийн багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байранд хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмжийн дутагдалтай байгаа талаар хэлж байв.

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд гаднаа жорлонтой байсан. 2014 оноос эхлэн Гурвансайхан, Өлзийт сумын болон аймгийн төвийн зарим сургууль дотроо ариун цэврийн байгууламжтай болж эхэлсэн. Энэ удаад Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумын сургууль, цэцэрлэг дотроо ариун цэврийн байгууламжтай болох ажил хийгдэж байна. Үүний дараа бусад 10 сумын сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн ажил хийх шаардлагатай. Төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын төсвөөс гадна олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамруулахаар ажиллаж байна. Аймгийнхаа бүх сургууль, цэцэрлэгийг богино хугацаанд орчин үеийн тав тухтай ариун цэврийн байгууламжтай болгох зорилт тавин ажиллаж байна” гэв.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сум нь 6000 гаруй иргэнтэй. Сургуулийн насны 1100 гаруй, цэцэрлэгийн насны 350 хүүхэд амьдардаг байна. Ерөнхий боловсролын нэг сургууль гурван хичээлийн байр, 100 хүүхдийн нэг дотуур байртай аж.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, “Ажлын хэсгийн гишүүд хоёр суманд ажиллалаа. Барилга угсралтын ажил тендер зарлахаас авахуулаад бага зэрэг удаашралтай болсон байна. Эрдэнэдалай сумын хувьд 600 хүүхдийн дунд дөрвөн нүхэн жорлон байх жишээтэй. Бид энэ асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэхээр дотор ариун цэврийн байгууламжийг барих төсвийг 2021 оны төсөвт суулгуулсан. Ажил гүйцэтгэгч болон захиалагчийн хооронд ойлголтын зөрүү гарч ажил удаашрах болсон байна. Ажлын хэсэг үүн дээр анхаарч асуудлыг яаралтай шийдвэрлэж, ажлын явцыг хурдасгах болно” гэлээ.

Эрдэнэдалай сумын сургууль, цэцэрлэг болон дотуур байрны ариун цэврийн байгууламжийн барилгын ажлыг “Винтер гарден” ХХК, “Хишиг юниверс” ХХК хамтран гүйцэтгэж байгаа. Тэд энэ оны арван хоёрдугаар сард барилгын ажлыг дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэв.

Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, “Ажил гүйцэтгэгч нар бүтээн байгуулалтын ажилд чанарыг чухалчлах хэрэгтэй. Манай улсын хувьд 21 аймгийн газар нутгийн онцлог өөр, эрс тэс уур амьсгалтай. Ажлын хэсэг ес дэх удаагийн хурлаа говийн бүс буюу Дундговь аймагт хийж байна. Говийн бүс дулаахан, газрын хөрс нь зөөлөн учраас бүтээн байгуулалтын ажилд асуудал харьцангуй бага байна. Сум, орон нутгийн удирдлагууд, Барилгын хөгжлийн төв энэ ажлыг чанартай гүйцэтгүүлэх, хүлээж авах тал дээр сайн хяналт тавьж ажиллах ёстой. Тендерт шалгараад ажил авсан компаниуд барилга угсралт, сантехникийн мэдлэг, чадваргүй байх тохиолдол гарч байдаг. Мөн нэмэлт санхүүжилт нэхэх, бүтээн байгуулалтыг царцааж орон нутгийг хохироодог байдал нууц биш. Тиймээс ийм асуудлыг гаргуулахгүйн төлөө УИХ-ын ажлын хэсгийн гишүүд хяналтаа тавин ажиллаж байна” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Хүүхэд багачуудынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах, суралцах нөхцөлийг хангах үүднээс нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих шийдвэрийг парламентаас гаргасан. “Эрдэнэт” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд 100 гаруй тэрбум төгрөг гаргаж, энэ ажлыг эхлүүлээд байна. Энэ ажил нүдээ олсон чухал шийдвэр гэдгийг орон нутгийн иргэд болон сумын удирдлагууд хэлж байна. Хүүхдүүд өвлийн хүйтэнд гадаа гарч бие засахгүйн тулд уух зүйлээ танаж, шингэнээр дутагдаж байгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Цаашдаа бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана” хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ